Дорнод аймгийн төв Чойбалсан хотын төв зам

Дорнод аймгийн төв Чойбалсан хот Мянганы замын зураг төсөлд багтсан. Иймээс хотын дундуур дайран гарч буй 10,65 км хатуу хучилттай авто замыг (Чойбалсан хотын төв зам) бүрэн шинэчлэхээр болсон билээ. Өдгөө уг замын хучилтын ажил ид хийгдэж байна. Гүйцэтгэгч —“ДДБ”, “Эвт уул”,”National developer”,”ДСМ” ХХК-иуд энэ жилдээ багтаж ажлаа дуусгах хатуухан даалгавартай.

Чойбалсан хотын “баруун нуруу”-наас эхлэн тавигдаж буй шинэ төв зам хурдацтай урагшилж буйд аймгийн иргэд сэтгэл хангалуун байна. Гэвч хэр зэрэг чанартай бол гэсэн асуулт хэн хүний анхаарал татах нь гарцаагүй юм.

Уг замыг анх төлөвлөхдөө ердөө 5 сантиметр зузаан тавихаар тооцсон байдаг. Энэ нь орон нутгийн замын стандарт хэмжээ гэнэ. Гэтэл хүн амын суурьшил, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн өсөн нэмэгдэж буй Монголын томоохон хотуудын нэг Чойбалсанд 5-хан см зузаан авто зам удаан тэсэхгүй, ийм зам ердөө л нүд хуурсан ажил болох нь тодорхой.

Иймээс УИХ-ын гишүүн Х.Болорчулуун гүйцэтгэх засаглалын тэргүүнд удаа дараа санал тавьж, шаргуу хөөцөлдсөний хүчинд өнгөрсөн 7-р сард Ерөнхий сайдыг Дорнодод ирэх үеэр төв замын асуудал нааштай шийдэгдэж, 10 см зузаан болгохоор тохиролцсон байна. Ингээд ерөнхий сайд хот руу буцсан өдрөө Засгийн газрын хуралдаанаар 1.9 тэрбум төгрөг нэмж олгох шийдвэр гаргажээ.

Улсын төсөв “царцаж”, эдийн засаг хямраад буй энэ цаг үед 1,9 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Засгийн газраар шийдвэрлүүлж чадна гэдэг нь нэг талаар зүүн бүсийн тулгуур төвийн авто зам чанартай сайн байх ёстой гэснийх. Нөгөө талаар бие даан сонгогдсон ганц гишүүн маань засагт өөрийн гэсэн байр суурь, нөлөөтөй болсны илрэл гээд хэлчихэд буруутахгүй биз ээ.

123456

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар нар замын ажлын явцтай танилцсан. 9 метр өргөн, хоёр захаараа бетон хашлага, борооны ус зайлуулагч, шугам сүлжээ, гэрэлтүүлэг гэх мэт инженерийн иж бүрэн шийдэлтэй уг замыг чанарын өндөр түвшинд барьж, хүлээлгэн өгөхөө гүйцэтгэгч компанийхан батлан хэлж байлаа. Төсөв хөрөнгө нь хангалттай тавигдсан учраас бэрхшээл тоочиж, хойш суух шалтгаан үгүй боллоо гэсэн үг. Ийм ч учраас чанартай зам барихаас өөр аргагүй. Төв замын усны хаялга, өнцөг градус стандартын дагуу сайн хийгдэж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байв.

123456789

Энэ жил манай аймагт хийгдэх бас нэг томоохон ажил бол гэрэлтүүлэг. Гудамжны гэрлийнхээ шонг будах, ламп солихоос хэтэрдэггүй байсан Чойбалсан хот төв замын гэрлээ иж бүрэн шинэчлэхээр болсон. Нийтдээ 550 ширхэг гэрлийн шонг шинээр суулгах юм.

Гэрэлтүүлэг шинэчлэлд улсын төсвөөс 510 саяыг зарцуулж байгаа. Мөн л Х.Болорчулуун гишүүний ярьж хөөцөлдөж, 2014 оны улсын төсөвт хөрөнгө суулгуулсан ажлын нэг.

Шонгуудыг 9-р сарын 28 буюу Чойбалсан хотын алдар гавъяаны өдрийн өмнө бүрэн байрлуулж, угсрах төлөвлөгөөтөй. 550 ширхэг гэрлийг Бумбатын баруун уулзвараас Төмөр зам хүртэлх замын хоёр талаар байрлуулж байна. Ингэснээр гэмт хэрэг, осол аваар буураад зогсохгүй Чойбалсан хотын маань шөнийн өнгө үзэмж нэмэгдэж, жинхэнэ утгаараа Талын цагаан сувд болон гэрэлтэх нь ээ.


URL:

Сэтгэгдэл бичих