Хоолойны мах авах хагалгаанаас болж долоон настай ХҮҮ АМИА АЛДАВ УУ
Монгол Улсын эрүүл мэндийн салбар яг хэзээнээс уналтад орж, өвчтөнд үзүүлэх үйлчилгээ нь өгсөн мөнгөөр нь хэмжигддэг болсныг мэдэх юм алга.
Ямартай ч өнөөдрийн нөхцөл байдал ийм л байгаа. Улмаар иргэд ч улсын эмнэлгээр үйлчлүүлэх гэж нэг их хүсэхээ больж. Уртаас урт дараалал, ууртай хэдэн эмч, сувилагчдаар дүүрсэн болохоор тэр болов уу.
Манай иргэд ч имэрдэг хэд нь байвал аль болох л “чанартай, сайн” гэх хувийн эмнэлгүүдээ зорино. Энэ нь ч цаг хугацаанд хэмнэлттэй, явдалд амар нь үнэн.
“Гурван гал” эмнэлгийн лазер хагалгааны тоног төхөөрөмж Монгол Улсын стандартад байхгүй “НОТОЙ” төхөөрөмж гэдэг нь үнэн байв уу?
Харамсалтай нь төлбөр өндөр, төвхнөх орчин сайн гээд эмч мэргэжилтнүүдийнх нь ур чадвар, оношлогоо эмчилгээнийх нь тоног төхөөрөмж сайн, чанартай байдаггүй нь улсдаа тэргүүний гэгддэг “Гурван гал” эмнэлгийн үйл ажиллагаанаас удаа дараа харагдаад авлаа.
Учир нь “Гурван гал” эмнэлгийнхэн он гарснаас хойш нэлээд хэдэн хүүхдийн аминд хүрэх дөхөж, нэг хүүхдийн аминд “хүрэв”. Тус эмнэлэгт, н.Батчулуун эмч дээр хагалгаанд орсон цөөнгүй хүүхдүүдийн бие муудаж, ЭХЭМҮТ-д хүргэгдсэн байна. Энэ тохиолдол нэг удаагийнх ч биш гэдгийг ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр хүртэл хэлж байна лээ.
АНГИДАА СУРЛАГААРАА ТЭРГҮҮЛДЭГ ХҮҮГ ХОВОР ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛТОЙ БАЙСАН ГЭВ ҮҮ
Элгэндээ нааж, энгэртээ тэврэх үртэй байна гэдэг эх хүнд дээдийн жаргал. Гэтэл “Гурван гал” эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж, нэг халуун бүл хагацлын зовлон үзэж, хүүгийн ээж өнөөдрийг хүртэл тайтгарч чадахгүй сууна. Мэдээж энэ шарх насан туршид нь хадгалагдан үлдэнэ.
2014 оны зургадугаар сарын 27. Энэ л өдөр энэ гэр бүлийн хувьд хар өдөр болжээ.
7 настай Ц хүү “Гурван гал” эмнэлэгт хоолойны мах авахуулах мэс засалд орсон юм. Мэс засал өглөөний 10.00 цагт эхэлж, 13.30 цагт дуусчээ.
Гэтэл 17.00 цагийн үед хүүгийн бие өвдөж, маш чангаар уйлж эхэлсэн байна. 22.30 цагийн үед бүр ч муудав. Ингээд хагалгаа хийсэн н.Батчулуун эмчид үзүүлэхэд хордлого тайлах эмчилгээ бичиж өгчээ.
Харин тухайн орой гарч байсан ээлжийн залуухан эмч хүүг үзээд “Хамар нь битүү байна, дусаагуур авч хий” гэсний дагуу зааврыг дагаж.
Гэтэл зургадугаар сарын 28-ны үүрийн 04.40 үед хүүгийн бие улам муудсан тул гэрийнхэн нь “Гурван гал” эмнэлгийн н.Энхтуул эмчийг дуудуулсан аж.
Үүрээр дуудуулсанд н.Энхтуул ихэд л уцаарласан төдийгүй хүүг хараад “Энэ яацын” гэж асуусан гэдэг. Эмч хүн өвчтнөө үзэхээр ирсэн байтал, хаа хамаагүй хүнтэй харьцаж байгаа юм шиг ааш гаргасан нь таагүй сэтгэгдэл төрүүлсэн тухай талийгаач хүүгийн ойр дотныхон дурссан.
Эмч хүн өвчтнөө үзэхээр ирсэн байтал, хаа хамаагүй хүнтэй харьцаж байгаа юм шиг ааш гаргасан нь таагүй сэтгэгдэл төрүүлсэн тухай талийгаач хүүгийн ойр дотныхон дурссан.
Ингээд Ц хүүг 05.00 цагийн үед “Гурван гал” эмнэлгийн зөвлөх эмч н.Шүрэнцэцэг үзээд “Хүндрэл нь тархи руугаа орсон байна” гээд яаралтай ЭХЭМҮТ рүү шилжүүлжээ. Энэ үед хүү хэдийнэ ухаан алдсан байсан байна.
ЭХЭМҮТ-ийн эмч нар хүүгийн ар гэрийнхэнд “Хүүгээс чинь нугасны ус авна. Үүнд гарын үсэг зур” гээд хоёр баримтад гарын үзэг зуруулжээ.
Амьдралынх нь утга учир байж, долоон жил ижий аавдаа эрхэлж ирсэн үр нь хайртай гэр бүлээ орхиод явчихна гэж хэн санах билээ.
Ингэж хүүгийн бие сэхэл авалгүй муудсаар 2014 оны долоодугаар сарын 2-ны өглөө өөд болсон байна. Ц хүүд эмчилгээ хийсэн ЭХЭМҮТ-ийн эмч нарын хэлснээр бол хүү халдвар авсан байсан гэнэ.
Гэхдээ хоолойны мах авах мэс заслын үед эсвэл түүнээс өмнө авсан эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй байжээ.
Харин “Гурван гал” эмнэлгийнхэн Ц хүүгийн гэрийнхэнд “Хүү чинь ховор өвчний тохиолдолтой байсан” гэсэн ойлгомж муутай хариулт өгсөн байна. Гэвч хүү ямар ч архаг хууч өвчтэй байгаагүй юм.
Өнгөрсөн долоон жилийн хугацаанд хүүгийн хоолой өвөлдөө жаахан өвддөгөөс өөрөөр ямар ч өвчнөөр өвдөж байсангүй аж. Үүнийг түүний ойр дотныхон, гэр бүл, найз нөхөд, багш нар нь гэрчилнэ.
Тэрбээр ангийнхаа тэргүүний сурагч байсан бөгөөд төгөлдөр хуур, шатар тоглож, рубик шоог төвөггүйхэн эвлүүлдэг нэгэн байж.
Тэр ч бүү хэл хагалгаанд орохоосоо өмнө мэс засал хийх эмчээсээ “Надад ямар өнгийн лазераар хагалгаа хийх вэ” гэж асуусан байна.
Эмч түүнд “Цэнхэр өнгийн лазераар хагалгаа хийнэ” гэж хариулжээ. Ийм л хэрсүү хүү байсан.
Тэрбээр арванхоёрдугаар сарын 12-нд найман нас хүрч, найман ширхэг лааг аз жаргалаар дүүрэн үлээж хүслээ шивнэх байв. Даанч хэн нэгэн буруутай этгээдийн уршгаар өнөөдөр энэ хорвоод алга.
Монгол Улсын стандартад байхгүй “НО”-той төхөөрөмж гэдэг нь үнэн байв уу?
Энэхүү хэргийг талийгаач хүүгийн ар гэрийнхний гомдлоор Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд ирэх сарын 2-нд албан ёсны мэдээлэл өгнө гэжээ.
Түүнчлэн гомдлын дагуу МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн байцаагч н.Байгалмаа “Гурван гал” эмнэлэгт шалгалт хийж, тус эмнэлгийн хоолойны мах авах мэс ажилбарыг түр зогсоосон байна.
Байцаагчаас шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн боловч “Амралттай байна, би өөр газар руу шилжсэн байгаа. Тиймээс Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболдоос энэ мэдээллийг ав” гээд халгаасангүй.
Харин Д.Баярболд даргын араас хоёр долоо хоног хөөцөлдөөд мэдээлэл авч чадсангүй. Тэрбээр “Завгүй байна. Маргааш уулзаж байгаад мэдээлэл өгье” гэхчилэн тайлбар тавьсаар олдсонгүй.
Иймд МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн байцаагч нараас “Гурван гал” эмнэлэгт хийсэн хяналт, шалгалтын талаар тодруулсан. Харамсалтай нь тэд “Наад шалгалтын чинь талаар дуулаагүй юм байна. Ямар байцаагч шалгасан юм бол тэр хүнээс нь л асуу” хэмээн хариулж сууна.
Үйл ажиллагаа нь үнэхээр олон улсын түвшинд хүрч чадаж байна уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй бололтой.
Дашрамд дурдахад, хоолойны мах авах мэс засал буюу тагнайн гүйлсэн булчирхай авах мэс ажилбар нь манай улсын эрүүл мэндийн салбарт он удаан жил хийгдэж байгаа хагалгаанууд нэг.
Гэтэл энэ чиглэлээр дагнан ажилладаг “Гурван гал” эмнэлгийн н.Батчулуун эмч яагаад удаа дараа алдаа гаргаад байна вэ. Эмчийн хувьд мэдлэг дутмаг бол цаашид эрүүл мэндийн салбарт ажиллуулах хэрэг байна уу?
Эсвэл тус эмнэлгийн лазер хагалгааны тоног төхөөрөмж Монгол Улсын стандартад байхгүй “НОТОЙ” төхөөрөмж гэдэг нь үнэн байв уу?
Тийм бол хуулийн дагуу хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг. Эс бөгөөс “Гурван гал” эмнэлэгийнхэн цаашлаад хэчнээн ч хүний аминд хүрэх юм билээ.
“Гурван гал” эмнэлгийн тухайд гэвэл “Гурван гал трейд” ХХК-ийн эмнэлэг бөгөөд тус компани нь1999 онд байгуулагдаж гадаад, дотоод худалдаа, үл хөдлөх эд хөрөнгийн түрээс, эрүүл мэнд, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа, мэдээллийн технологийн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг газар юм.
Тус компани нь 2010 онд бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 11 тэрбум төгрөгийн дотоодын хөрөнгө оруулалт бүхий 7500 м2 талбайтай 100 ортой олон улсын жишиг түвшний эмнэлэг байгуулсан гэж зарлаж байлаа. Харин үйл ажиллагаа нь үнэхээр олон улсын түвшинд хүрч чадаж байна уу , үгүй юу гэдэг нь эргэлзээтэй бололтой.
URL: