Иргэдийн үүрэх ачаа өдрөөс өдөрт нэмэгдэж байна

03cfbdc3d17c641fc0039100d5d430a5d8782d01Эдийн засгийн өнөөгийн байдлыг хүн бүр өөрсдийнхөөрөө тайлбарладаг. Харин иргэдийн нуруун дээр ирж буй ачаа өдөр бүр нэмэгдсээр байгаа аж. Үүний тод жишээ нь өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ өдөр ирэх бүр нэмэгдсээр байна. Нийслэлийн төвийн хэсгийн оршин суугчдын хүнсний хэрэгцээг хангадаг “Баянзүрх” худалдааны төвд өргөн хэрэглээний барааны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгджээ.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний  үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.4 хувь, харин өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.2 хувиар өссөн байна. Энэ сарын 15-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 4.0 хувь, үхрийн ястай мах 4.1 хувь, үхрийн цул мах 1.4 хувь, адууны мах 1.2 хувь, ямааны мах 1.9 хувиар өссөн байна. Харин нэг кг  хонины /ястай/ мах дунджаар 7145 төгрөг, үхрийн /ястай/ мах 9480 төгрөг, үхрийн цул мах 10040 төгрөг, адууны мах 7550 төгрөг, ямааны мах 6000 төгрөгийн үнэтэй байна.

Мөн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.2 хувь, дээд зэргийн савласан гурил 0.9 хувиар өсч, 2-р зэргийн гурилын үнэ 0.4 хувиар буурч, 1-р зэргийн задгай гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Цагаан будаа, элсэн чихэр, өндөг, ургамлын тос зэргийн үнэ тогтворгүй байгаа аж.

Валютын ханшийн өсөлттэй холбон тайлбарлаж байна

Өдөр тутмын хэрэгцээнд барааны саван, үсний шампунь зэрэг нь тийм ч чухал биш. Гэхдээ худалдаа эрхлэгчид барааныхаа үнийг 50-100 төгрөгөөр нэмсэн нь валютын ханш өссөнтэй холбож тайлбарлалаа. “Баянзүрх” хүнсний захын 51-р лангууны худалдагчтай уулзахад “Өдөр ирэх бүр барааны үнэ нэмэгдэж байна. Архи, пиво 300-700 төгрөгөөр нэмэгдэж байхад бид 50-100 төгрөгөөр л нэмсэн. Үүнд валют ханш нэмэгдсэн л нөлөөлсөн. Хэд гурван төгрөгийн ашиг харж байгаа бид үнээ тодорхой хэмжээгээр нэмсэн”  хэмээн ярив. Ямартай ч, гадаадаас авдаг импортын бараанаас хараат  манай улсын хувьд байж болох тайлбар.

Гэтэл махны үнэ яагаад өссөн нь өөрийн эрхгүй анхаарал татаж байна. Мах импортын бараа биш учир яагаад нэмэгдэв гэдгийг махны ченж нараас асуулаа. Гэтэл тэд “Бүх барааны үнэ нэмэгдэж байхад бид ч гэсэн махны үнээ нэмэхгүй бол болохгүй шүү дээ. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх бүрт хэдэн ченж нар дур мэдэн махныхаа үнийг нэмлээ гэж буруутгадаг.

Хэдийгээр малаар баян манай улс махаа гадаадаас авахгүй байгаа ч гэсэн шатахуун, тээврийн үнээс хамаардаг. Манайх гадаадаас шатахуунаа валютаар авдаг. Үнэ нь өсөхөөр тээвэрлэлтийн үнэ нэмэгдэнэ. Түүнээс биш валют нэмэгдэхэд  импортын барааны л үнэ нэмэгдэнэ. Мах нэмэгдэхгүй гэсэн ойлголт байхгүй шүү дээ” гэж хариуллаа.

 

mongolcom.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих