М.Энхсайхан: МАН Засгийн газарт өргөн бололцоо өгч байгааг харахгүй өнгөрч болохгүй

3adb45ecf54a58b0originalШинэчлэлийн Засгийн газрын нэг том тулгуур МҮАН-ын дарга М.Энхсайхан улс төрийн эгзэгтэй үед байр сууриа илэрхийллээ. Тэрээр саяхан БНСУ явж олон жилийн хамтрагч Н.Энхбаярыгаа эргээд ирсэн юм. Уг нь Н.Энхбаярыг хоригдож байхад М.Энхсайхан л зориглож таагүй үгс чулуудаж байсныг ард түмэн мартаагүй. Түүнийг нь бодвол тэр хэзээ ч Н.Энхбаярыг БНСУ явж эргэхээргүй л хүн дээ. Гэвч БНСУ яваад нэгэн цагт нөхөр бас дайсан явсан Н.Энхбаяртайгаа уулзсан нь тун ойлгомжгүй. Улс төрийг ойлгоход ийм ээдрээтэй. Ийм оньсого таавар үлдээж байгаа МҮАН-ын дарга М.Энхсайхан гурван зүйлд зориулж үгээ дайв.

Нэгд:  Тэрээр асар их хэмжээний өр зээл авч байхаар гадаадын хөрөнгө оруулалтыг илүүд үзэх нь эргээд эх орондоо, ирээдүй хойч үедээ хэрэгтэйг хамтрагч нартаа сануулав. Энэ тухайгаа “Гадаадын хөрөнгө оруулалт буурлаа. Дагаад баахан хүн ажил амьдралгүй боллоо. Лицензүүдийг зогсоогоод, геологи хайгуулын ажлыг зогсоогоод, Оюутолгой, Тавантолгойг гацаагаад, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөчихвөл цэнгэлийн манлайд хүрэх юм шиг бид бүгдээрээ бодсон юм чинь аргагүй шүү дээ. Уг нь гадаадын хөрөнгө оруулалт нь Чингис бондоос, Чингис бонд нь Самурай бондоос хамаагүй дээр байсан юм. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалт хойч үед маань өр болдоггүй. Бонд бол өрийн бичиг. Мэдэхгүй, чадахгүйн төлөө бид төлбөрөө амьдралаараа төлөөд явж байна. Үүнийгээ эдийн засгийн хүндрэл гээд байгаа. Төлбөргүйгээр сурахгүй юм шиг байна. Тэнгэрийн хүмүүс гэж өөрсдийгөө өргөмжлөөд тансаглалд умбаж байснаас хямарч зовж хэрсүүжсэн нь дээр биз дээ” гэж сануулав. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалтаа үргээчихээд өр зээл аваад байгааг ихээхэн шүүмжлэв. Энэ үйлдлийнхээ төлөө нийт ард түмний амьдралд доройтож төлбөрөө төлснийг ч ил тод сануулж байна. Үнэхээр ч хөрөнгө оруулагчдыг хөөж гаргачихаад бид зээлэхээ л илүүд үзэх болсон. Үүний горыг эцсийн дүндээ хойч үе л амсана.

Хоёрт: “Засгийн газар эхэндээ бүгдийнх нь сэтгэлд хүрэх гэж ажиллаад байх шиг байсан. Буруу зөвийг холино, сайн мууг хутгана. Бүгдтэй нь Ерөнхий сайд цаг гаргаж ярилцана. Ийм маягаар нэлээд цаг алдах шиг болсон. Одоо хоёр жилийн дараа дүр зураг өөр болж байна. Хийх ёстой юмаа хийж, хийх ёсгүй юмаа цавчих ёстой гэдэг талаар нэг ёсны нийгмийн зөвшилцөлд хүрэв бололтой гэж бодож байна. Бодлогын хувьд цэгцрэх шатандаа орж байна уу даа гэж бодож байна. Ялангуяа “Эзэн-100” гэдэг хөтөлбөр Засгийн газрын бодлогыг цэгцлэхэд ихэд тустай болсон гэж бодож байгаа. Тийм учраас Засгийн газар, нэн ялангуяа Ерөнхий сайд Н.Алтанхуягт би хувьдаа том итгэл найдлага тавьж байгаа” хэмээн шинэчлэлийн Засгийн газар болоод тэргүүнийх нь талаар тайлбар хийв. Эндээс хэд хэдэн анхаарах зүйл гарч ирж байна. Тэрээр Засгийн газрыг эхлээд буруу ажиллаж цаг алдсан. Одоо л горминдоо орж юу хийх ёстойгоо ойлгосон гэв. Ийм санааг сүүлийн үед АН-ынхан бас дотроосоо гаргах болсон. Ингэж ойлгохын тулд хайран хоёр жилээ алдаж, ард нийтээрээ ядуурч байгаа нь дэндүү их үнэ төлж байгаагийн илэрхийлэл юм даа. Засгийн тэргүүн бүгдийг гуйхгүй цавчих юмаа цавчих ёстойг ойлгосон гэж тайбарлав. Бодвол цагдаатай холбоотой асуудлаар зарим хүмүүстэй ойлголцох гэж цаг алдаж байхаар зориг гаргаад даваад явах нь хэрэгтэй гэсэн санаа юм болов уу даа. Цаашдаа ч Н.Алтанхуягаас бүгдтэй ойлгоцлох биш зарим нэгнийг будаа болгоод, М.Энхсайхны хэлдэгээр “цавчаад” явах нь өөрт нь ч, намд нь ч хэрэгтэй бололтой. М.Энхсайхнаас өөр “Эзэн-100” хөтөлбөрийг тустай гэж хэлсэн нэг ч улс төрч байхгүй. Харин ганцхан М.Энхсайхан л энэ хөтөлбөр Засгийн газрын бодлогыг цэгцлэх, мөр замаа олоход их тус боллоо гэж дүгнэж байгаа нь хачирхалтай юм. Учир нь олон эдийн засагчид эсрэгээрээ “энэ хөтөлбөр Засгийн газрыг буруу замаар будаа тээлгэсэн” гэж ярих болсон билээ. Хэн нь үнэн ярьсаныг цаг хугцаа харуулах биз.

Гуравт: М.Энхсайхан дарга сөрөг хүчин МАН-д хандаж хэлсэн үг олон хүний анхаарлыг татахаар байна. Тэрээр “Сөрөг хүчин гэгдэж байгаа МАН энэ Засгийн газарт үйл ажиллагааны өргөн бололцоо өгөөд байгааг харахгүй өнгөрч болхгүй. Төрийг олон жил авч явсан нам ийм л байх ёстой” гэсэн юм. Түүний энэ үг нэлээд олон салаа утгатай. Юуны өмнө МАН Засгийн газрыг ажил хийлгэхгүй өргөн хэмжээний довтолгоо хийгээгүй. Зүгээр л жижүүрийн шүүмжлэл өрнүүлж байгаа. Энэ бол байх ёстой зүйл гэж үзэж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл МАН-ын энэ байр суурь Засгийн газар ажлаа явуулах өргөн боломжийг олгож байгааг олж харахыг олон нийтэд сануулав. МАН ч ийм л бодлогоор асуудалд хандаж байгааг зарлав. Тэгээд араас нь “Олон жил төрийг авч явсан нам ийм л байх ёстой” гэж талархалын үг дайхаа мартсангүй. Бодвол засаг төр солигдоод МАН-ынхан хамтарвал тэднийг урьдчилан магтах ёстой гэсэн санаа юм болов уу эсвэл үнэхээр МАН-ын байр суурь олон жил төр удирдсан тулхтай, улсаа боддогийг хэлээд байна уу гэдгийг зааглаж тунгаахад эргэлзээтэй юм. Ийнхүү МҮАН-ын дарга М.Энхсайхан өөрийн мессежээ хэлэх ёстой хүмүүст хэвлэлээр эвтэйхэн дамжуулж байна.

24tsag.mn

URL:

Сэтгэгдэл бичих