Сэхээнд орсон Улаанбаатарын шийдэл шинэ хот гэж үзэв

улаанбаатарМАН-ын Улаанбаатар бүсийн зөвлөгөөн “Бидний шийдэл- шинэ хот” сэдвийн хүрээнд энэ сарын 15-16-ны хооронд  олон улсын хүүхдийн найрамдал төвд  болж өндөрлөлөө. Энэхүү зөвлөгөөнд МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар,  Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар болон МАН-ын есөн дүүргийн 400 гаруй төлөөлөгч оролцов. Энэ удаагийн зөвлөгөөний салхийг  Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар хагалж, шинэ хот байгуулах талаар сонирхолтой илтгэл тавилаа. Улаанбаатарыг утаанбаатар боллоо хэмээн хүмүүс ярих нь бий. Тэгвэл замын түгжрэл, хөрсний бохирдлоос болж  хэвтэрт ортлоо эрүүл мэнд нь муудсан нийслэлээ нүүлгэснээр амийг нь аварч чадна хэмээн зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчид үзэж байна. Яг ийм шийдлийг өмнө нь хоёр ч удаа улс төрийн намууд гаргаж байсан ч газар аваагүй байна. Тиймээс МАН-ынхан шинэ хот бий болгох саналаа ажил хэрэг болгохоор тууштай ажиллаж эхэлжээ. Энэ удаагийн зөвлөгөөний салбар хуралдаанууд ч Улаанбаатарыг нүүлгэх, шинэ хоттой болох хүрээнд өрнөсөн  юм.

Дэлхийн  дөч гаруй улс нийслэл хотоо нүүлгэсэн туршлага байдаг ажээ. Ийм байхад өргөн уудам газар нутагтай Монголчууд асуудалтайгаа нүүр тулахаас зүрхшээж суух нь зохимжгүй хэмээн МАН-ынхан үзэж байгаа юм. Улс төрийн ууган хүчин Улаанбаатарыг нүүлгэх ажлыг  “Долоо хэмжиж нэг огтол” гэгчээр нухацтай, ул суурьтай авч үзэх шаардлагатайг хэлж байна. Тиймээс Үндсэн хууль болон холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах журмаар нийслэлийг шилжүүлж, тэндээ төрийн байгууллагын төвлөрлийг бий болгохоор төлөвлөж байгаа ажээ. Эхний ээлжинд урьдчилсан байдлаар шинэ хоттой болсноор 200 мянган иргэн Улаанбаатарын ачааллыг бага ч болов чөлөөлөх тооцоо гарчээ. Цаашдаа салбарын мэргэжилтнүүдтэй уулзах, ТЭЗҮ-г гаргахаас эхлээд түгжрэл, утааны бай болсон нийслэлээ хаашаа нүүлгэх вэ гэхмэтчилэн олон асуудал урган гарч байгаа юм.

Одоогийн байдлаар Төв аймгийн Лүн, Зуун мод, Өвөрхангайн Хархоринд шинэ нийслэлийн шавийг тавих боломжтой юм гэсэн хувилбар дэвшүүлж байгаа. Үүнийг эцсийн хувилбар биш гэдгийг МАН-ын удирдлагууд хэлж байна. Зөвлөгөөний үеэр МУИС-ын багш, дэд профессор Г.Гантулга “Шинэ хотын хөгжил-шийдэл”, эдийн засагч Т.Цогтбаяр “Эдийн засгийн хөгжил-Хөрөнгө оруулалт”,  Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Нийгмийн хөгжил, хотын соёл, уламжлал шинэчлэл” сэдвээр илтгэл тавьсан юм. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын илтгэл үндсэн сэдвээсээ хазайсан ч танхимд суусан олны сонирхлыг татаж байлаа. Тэрбээр шинэ хотын талаар дэлгэрүүлж ярихаасаа илүүтэй бодлого боловсруулагчдын шийдвэр, ёс зүй, ухамсарын талаар хөндөж ярилаа. Дараагийн сонгуулиар улс төрд өрсөлдөх гэж байгаа залууст  хандан тэрбээр сонгууль дөхөхөөр ард иргэдээс намайг дэмжээрэй гэж гуйхаас илүүтэй дэмжихээс өөр аргагүй болтол өөрийгөө нээж харуулахыг зөвлөлөө. Түүнчлэн Монголын улстөрчдийн талаар Н.Жанцанноров  ийн ярив. “Бид хурдан хөгжиж байна гэх юм. Сайн бодохоор урсаж байна уу, хөвж явна уу гэдэг нь тодорхойгүй.

Дэлхийн геополитик, хүчний харьцааны асуудал өөрчлөгдөж байна. Сүртэйгээр хэлбэл дэлхийн хүчний харьцаанд өөрчлөлт орж, дахин хуваагдал үүсч мэдэхээр байна. Дэлхий ийм хүчтэй эргэж байхад бид сууриндаа хий эргээд байж болох уу. Тэгэхээр бид бусдыг харахаасаа илүүтэй өөрийгөө хармаар байна. Түшмэд хүн ёс суртахуунтай байх хэрэгтэй. Азийн бар улсыг бид харахдаа далайн гарцтай, дэд бүтэц сайн учраас ийм амжилтад хүрсэн гэж  харах нь бий.  Тэнд өөрийгөө болохоо байлаа гэдгээ мэдэнгүүтээ амиа хорлож чадах түшмэд байгаа. Ер нь түшмэд сайн бодлого гаргахаасаа илүүтэй сайн харагдах нь чухал юм шиг. Би өмнө нь  гишүүн байхдаа Солонгос-Монголын парламентын бүлгийн дарга байлаа. Албан айлчлалаар Солонгост очиход парламентын гишүүд Солонгосын дундаж иргэний өмсдөг костюм, зүүдэг цагнаас  үнэтэйг хэрэглэдэггүй байсан.

Харин манайд  Цагаан сар, үндэсний баяр наадмаар манж нь ч мэдэгдэхгүй малгай өмссөн хүмүүс. Арай л барын хэвнэг нөмөрдөггүй.  Ийм түшмэд зурагтаар гарахаар хэн тэдэнд санал өгөх юм” гэлээ.  Харин МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд төлөөлөгчдөд Монголын нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг дэлгэрэнгүй танилцуулж, Улаанбаатарын хөгжлийн талаар санал бодлоо хуваалцав. Товчхондоо эдийн засагтай холбоотой түүний илтгэлд буурсан, багассан бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэх өгүүлбэр зонхилж байлаа. Жишээ нь, Засгийн газраас хэрэгжүүлсэн ”ЭЗЭН-100” хөтөлбөрийн хэрэгжих хугацаанд атар талх 850-1150 төгрөг, алтан тариа гурил 800-1130 төгрөг болж бүх төрлийн бараа бүтээгдэхүүн 20 гаруй хувиар өссөн гэдгийг хэллээ. Их, дээд сургуулийн сургалтын төлбөр энэ жил 12-13, дотуур байрны үнэ ханш 10-40 хувиар өсчээ. Харин гадаадын хөрөнгө оруулалт2012 оны долдугаар сард  2.5 тэрбум ам.доллар байсан бол энэ оны долдугаар сард  751 сая ам.доллар буюу  тав дахин буурсан үзүүлэлттэй гарсан байна.

МАН-ын дарга М.Энхболд Улаанбаатар хотын удирдлагуудын зөв зүйтэйг нь дэмжих нь зөв. Хэтэрхий их өртөгтэй үр дүнгүй ажлыг сануулах ёстойг анхааруулсан. Түүнийхээр бол одоо шүүмжлэх цаг болсон гэнэ. Энэ тухай тэрбээр “Хотын дарга Э.Бат-Үүл баатрыг хоёр жил дуугүй харж суулаа. Манайх НИТХ 14 суудал авсан улс төрийн хүчин болсны хувьд хэлэх цаг болсон.  Намайг хотын даргаар ажиллаж байхад Улаанбаатар хотын төсөв 20 тэрбум, хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум төгрөг байсан. Харин одоо Э.Бат-Үүл дарга  770 тэрбумын хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй ажиллаж байна. Бидний хийснээс 200 дахин илүү бүтээл, үр дүн гаргах ёстой” гэв. Ингээд зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчдөөс шинэ хотын талаархи санал сэтгэгдлийг сонслоо.

Эдийн засагч Д.Жаргалсайхан: “Зайсандах”-аа зогсооё

-Ардчилал хоёр талтай. Эхнийх нь бид сонгодог эрх өгдөг. Нөгөөх нь хяналт тавих. Монгол Улс 24 жилийн дотор хянадаг эрх мэдлээ хэрэгжүүлж чадаагүй. Үүнийг хийлгэхгүйн төлөө улс төрийн намууд хүчин зүтгэж байсан. Нийслэл яагаад хөгжихгүй, түгжрээд байгаа юм. Зарим хүн автомашины тоо олон байгаатай холбон тайлбарладаг. Би тэгж бодохгүй байна. Хотын зохион байгуулалт маш муу. Улаанбаатар хотын дэд бүтэцтэй ойрхон газар болгон улстөрчдийн гарт орсон.  Дарга нар ширээний дээгүүр, доогуур мөнгө гүйлгэж байгаад авчихсан.  Хотын төлөвлөгөө гэж хогийн  сав шиг болсон.  Ер нь төлөвлөгөө гэж байдаг ч  юм уу. Манайхан ингэж хөгжүүлнэ гээд галзуу сайн ярьдаг ч хэн ч хийдэггүй. Уг нь хотоо хөгжүүлэх, төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүгийн нөөц боломж хангалттай байгаа. Яг үнэндээ 1.5 сая хүн амьдардаг хот маш их мөнгөтэй шүү.  Яагаад үндсэн хөрөнгийн татвар авч болохгүй гэж.  Зайсанд амьдардаг хүмүүсээс татвар авах ёстой.  Голдуу дарга нар тэнд амьдардаг болохоор татвар авахгүй байгаа юм.  Яг энэ утгаараа Улаанбаатар өөрийн бондтой байх ёстой. Татвар авч чаддаг эрхтэй  бүх хотын боомтыг хүн худалдаж авдаг. Үүний төлөө тууштай явахгүй байна.  Улаанбаатарт шинээр баригдаж байгаа замууд ус зайлуулах хоолойгүй.  Борооны ус бялхаж, том нүх гарч байна. Аль нэг намдаа биш системдээ байна гэж харж байна.  Хэн засаг барихаас үл хамааран замыг хулхидаж тендэрийг хуйвалдаж байна. Тиймээс ч 20 жилийн өмнө сургууль төгссөн залуус хувийн салбарт ажиллана гэдэг байсан бол одоо улстөрч болно гэж байна. Тийм олон улстөрчөөр бид яах юм. Аялал жуулчлал нэрийдлээр Зайсанг хувааж өгсөн. Одоо Богд уулын дархан цаазтай газрын хязгаарыг Туулын эргээр биш цаад модыг нь эмжиж хийх юм гэнэ.  Өөрсдөдөө зориулж хууль боловсруулдаг газар манайхаас өөр байхгүй. Үүнийг би “Зайсандах” гэж нэрлээд байгаа юм. Одоо “Зайсандах”-аа зогсоох хэрэгтэй шүү

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: Бидний үр хүүхэд дэлхийн стандартад нийцсэн хотод амьдраасай

-Иргэдээ шинэ хоттой болгох саналыг МАН-ынхан дэмжиж ажил хэрэг болгохоор төлөвлөж байна. Болж, бүтэхгүй талаас нь харахаасаа илүүтэй шийдэл олж харах хэрэгтэй байна. Орчин үеийн эко хот бий болгох саналыг зөвхөн МАН биш  Монголын ард түмэн нэгэн үзүүрт сэтгэлээр дэмжинэ  гэдэгт итгэлтэй байна. Одоогийн байдлаар шинэ хотыг Төв аймгийн Лүн,  Зуунмод, Өвөрхангай аймгийн Хархорин суманд байж болох юм гэсэн хувилбарууд байна. Энэ бол цоо шинэ асуудал биш шүү дээ.  Өмнө нь хоёр ч удаа иргэдийн дунд өргөн хэмжээний хэлэлцүүлэг явж байсан. Тэгэхээр эдийн засгийн тооцоогоо сайтар хийж, тухайн салбарын эрдэмтэн мэргэдийн санал бодлыг сонссоны үндсэн дээр хотыг  нүүлгэсэн нь дээр гэж бодож байгаа. Улаанбаатар өвөл болохоор утааны асуудал хүндрэлтэй байдаг. Үүнээс ч аюултай нь хөрсний бохирдол.  Ер нь бид одоо шийдэх цаг нь болсон. Мөнгөгүй, хангалттай судалгаа хийгээгүй гэхмэтчилэн шалтаг хэлж, арга замаас зугтааж явахаа болих хэрэгтэй. Миний, бидний үр хүүхэд ая тухтай, дэлхийн стандартад нийцсэн хотод амьдраасай гэж хүсч байгаа.  Цаашдаа Монгол Улсын нийслэлийг шилжүүлэх ямар боломж байгааг судална. Энэ бол ганц сонгуулийн ажил биш.  Дунджаар 20 гаруй жил ч үргэлжилж магадгүй. Одоо бол санал гараад явж байна.

Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй: Шинэ хоттой болох цаг нь болсон

-Улаанбаатар бүсийн зөвлөгөөнөөр нийслэл хотоо хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг эрдэмтэн судлаачидтай олон талаас нь ярьж байна.Өнөөдөр бид санал, шийдлийн төслийг Улаанбаатарчууддаа гаргаж тавьж байна. Аливаа улсын хөгжлийн нэг гарц хотын хөгжил. Тиймээс хотоо сайн  хөгжүүлж байж улсаа хөгжүүлэх юм байна гэсэн санааг гаргаж байгаа. Нийслэлийг шилжүүлэх асуудлыг давхар хөндөнө. Улаанбаатарын үндсэн цол нь нийслэл байдаг. Үүнд засаг захиргаа,  улс төрийн байгууллага нь хамт байдаг. Тиймээс шинэ суурин үүсгэж нийслэлийг шилжүүлэхээр ярьж байна.  Улаанбаатар хотод тулгамдаад байгаа долоон бэрхшээлийг бид гаргаж тавьсан.  Агаарын бохирдол, хөрсний бохирдол, гэр хороолол дахь ядуурал, хог, түгжрэл гэхмэтчилэн бэрхшээл байна. Эдгээр бэрхшээлтэй нэг нэгээр нь тэмцсэнээс хамт нь шийдвэрлэсэн нь дээр гэж үзэж байна. Улаанбаатар хот 470 мянган метр квадрат талбайтай. Дөрвөн уулын дунд байрладаг. Анхны төлөвлөлтөөр 800 мянган хүнд зориулсан бол одоо аль хэдийнэ нэг сая хол давчихаад байна. Энгийнээр тайлбарлахад хоёр литрийн багтаамжтай саванд гурван литр ус юүлэх гээд байгаатай адил. Тиймээс шинэ суурьшлийн бүсийг бий болгож байж дээр хэлсэн долоон бэрхшээлийг давна гэж бодож байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих