Агаарын хөлөг хоорондын аюулгүйн зайг багасгаж 30 км болгохоор болжээ
Иргэний Нисэхийн ерөнхий газраас энэ сарын 18-нд агаарын хөлөг хоорондын аюулгүйн зайг 30 км болгож, шинэ үйлчилгээнд шилжихээр болсон тухайгаа мэдэгдлээ.
Бодит ажиглалтаар онгоц удирддаг үед хоёр агаарын хөлөг хоорондын аюулгүйн зай 150 км байсныг радиолокатор суурилуулснаар 90 км болгож байсан. Тэгвэл эл зайг багасгаж 30 км болгохоор болжээ. Дээрх ажлын бэлтгэлийг бүрэн хангасан хэмээн Иргэний Нисэхийн ерөнхий газраас мэдэгдлээ. Агаарын хөлөг хоорондын аюулгүйн зайг багасгаснаар Монгол Улсын агаарын зайн нэвтрэн өнгөрүүлэх чадвар сайжирч, нислэгийн тоо нэмэгдэх боломж бүрдэх юм байна. Ингэснээр Монгол Улсын агаарын хил дээр үүсэх цуваачлалын асуудал хүндрэлгүй болж, агаарын хөлгүүдэд ашигтай өндрийг эзлэн нисэх боломж бүрдсэнээр нислэгийн цаг, түлшний зарцуулалтыг бууруулах юм байна. Улмаар агаарын бохирдлыг багасгахаас эхлээд олон талын үр дүн гарна хэмээн салбарынхан үзэж буй аж.
Б.Заяа МОНЦАМЭ
URL: