Түвшин үү, төвшин үү?

Төлөв даруу хэмээх утга болоод хүний нэрэнд ордог “Төвшин”-г олон хүн “түвшин”, “төвшин” гэж хоёр янзаар бичдэг болжээ.  Ингэхдээ  зарим тохиолдолд хүний нэрийг бичихдээ аль алинаар нь, хэмжээ заасан утгыг илэрхийлэхдээ “түв­шин” гэдэг үгийг нь ихэвч­лэн бичдэг юм байна. Тухайлбал, далайн түвшин, төлөв төвшин, амьжиргааны баталгаажих төвшин гэх мэт. Харин энэ үгийн нарийн учир, утгыг сүүлийн үед сургууль төгсч байгаа хүүхдүүд, мөн одоогийн оюутнууд төдийлөн ойлгохгүй байх шиг. Аливаа тэмцээн урал­даанд оролцохдоо бичсэн эссэ бичлэг зэрэгт аль алинаар нь бичээд явсан тохиолдол олонтаа таардаг гэдгийг албаны хүмүүс хэлж байсан. Харин  зарим байгууллагын албан бичиг, лекц, семинар, танилцуулах хуудаст ч үүний утгыг эс ан­заар­сан, аль алинаар нь бичих тохиолдол олонтаа ажиг­лагддаг гэж байв.  Тиймээс  эргэлзээтэй бичигддэг энэ үгсийг цаашид хэрхэн яаж бичих талаар  номын хуудас эргүүлэв.

“Монгол хэлний дэл­гэ­рэнгүй тайлбар толь”-д “төвшин” гэсэн хэлбэрээр бүх утгыг тайлбарлажээ. Хазгай биш, гажуугүй, тэгш, мөн утга шилжсэн “төлөв томоотой, дөлгөөн, талбиу” болоод “энх тунх, тогтуун, аятай”, өр­гөгдөц ба өндрийн хэм­жээг тогтоох суурь ба­римжаа хэмээх утгатай “далайн төвшин”, үүний утга шилжсэн хэлбэр нь хэр хэмжээг илэрхийлэх ”төвшин тогтоох шал­галт” зэргээр байна. “Түвшин” гэсэн хэлбэрийг “төвшин”-тэй адилхан гэжээ.   Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-ийг үзвэл “төвшин” гэсэн хэлбэр нь байна, харин “түвшин” гэж байхгүй байна. Чой.Лувсанжав нарын “Монгол бичгийн хадмал толь”-ийн толгой үгэнд мөн “төвшин” л байна. Харин Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д ганцхан “түвшин” гэсэн хэлбэр байх аж. Ингэж хоёр  янз бичиж хэвшсэн нь монгол бичигтэй холбоотой. Монгол бичгээр энэ үгийг бичээд түвшин, төвшин ч гэж дуудаж болно. “Ө” болон “Ү” нь монгол бич­гээр адилхан хэлбэртэй бичигддэгээс үүдэлтэй юм байна.  Энэ бүхнээс үзвэл дээрх толь бичгүүдэд яг аль хэлбэрээр бичих нь зүйтэй гэж нэгтгэж дүгнэсэн, журамласан зүйл алга. Харин “Эргэлзээтэй би­­чигддэг 700 үгс”-ийн жагсаалтад дээрх хоёр үгийг хэрэглээнд ашиглахдаа хэмжээ илэр­хийлэх утгыг түв­­шин гэж бичих, тө­лөв төвшин гэх утгыг илэр­хийлэхдээ төвшин гэж бичнэ  гэжээ. Харин хүний нэрэнд энэ хоёрыг би­чихдээ алинаар нь бич­сэн ч буруудахгүй. Учир нь хүний нэр гэдэг нь өөрөө оноосон нэр учир гэрчилгээнд бичихдээ тэр хүний нэрийг бичихдээ яаж бичсэн байна, түү­гээрээ бичээд явах учиртай гэсэн санааг илүү тусгаж өгчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих