Хятадуудын үйлдсэн хэргүүд яагаад нохойн замаар ордог вэ

20140916064641Контарбандын хэрэг гэж юу байдгийг уг нь монголчууд бид сайн мэднэ. Хилээр хориотой бараа тээвэрлэсэн хэдэн зуун монгол төрөлх улсынхаа шорон болон гадаадад хорих ял эдэлж байгаа. Гэтэл хилээр хууль бус наймаа оруулах, гаргах гэж байгаад баригдсан хятад иргэдэд Монгол улсын зүгээс ямар ч шийтгэл оноодоггүй аж. Хятадын “Триади” мафи ОХУ-ын алс дорнод, Сибирийн засаг захиргааг эзэгнэсэн талаар хүргэсэн. “Триади” мафи Оросын хязгаар нутаг хилийн бүсийг гартаа хийсэн шигээ манай улсад орж ирсэн гэх хардлага энэхүү нийтлэлийг уншсан хүнд төрөх нь дамжиггүй. Ингээд баримт руугаа оръё. Одоогоос хоёр жилийн өмнө Эрээн-Улаанбаатар чиглэлийн суудлын галт тэргээр зорчиж явсан БНХАУ-ын иргэн Шин За Нао гэгч эр Замын-Үүдийн гаалиар хар тамхины ургамлын төрөл болох намуу цэцгийг буурцаг хэлбэрээр болон жижиг үрүүдтэй нь оруулж ирэхийг завдсаныг гаалийнхан илрүүлсэн билээ. Энэ тухай мэдээлэл тэр үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, сонор сэрэмжтэй ажилласан байцаагчийг нь шагнан урамшуулж байв. Шин За Нао гэгч хятад эрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар “Хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтын дагуу ял төлөвлөж хэргийг прокурорт шилжүлсэн байна.

Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Цэнд-Аюуш 2011 оны тавдугаар сарын 24-нд уг хэргийг хянаад ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу “Хориглосон буюу хязгаарласан эд зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болгож торгуулийн яланд багтаав. Үүний дараа сум дундын прокуророос 2012 оны нэгдүгээр сарын 8-нд гаргасан “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол”-д шинжээчийн дүгнэлтээр хатаасан булцуут үр болон ногоон өнгийн үр мэт зүйлүүд нь мансууруулах чадвар бүхий үйлчилгээтэй эцсийн бүтээгдэхүүн биш байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Өнөөдөр Шин За Нао гэх эр Улаанбаатарт хэсэг амьдарч байхдаа 16 насаар дүү дөнгөж 19 настай охинтой гэрлэжээ. Өнгөрсөн жил хятадын иргэн Ли Жи Пян гэх эр мөн л хар тамхины ургамлыг Замын-Үүдийн боомтоор гаргах гэж байгаад баригджээ. Гаалийнхны шинжилгээний дүгнэлтээр 20,15 грамм жинтэй, 34-48 мм-ийн голчтой буурцагнууд нь хар тамхины ургамал болох намуу цэцгийн хатаасан булцуу олсыг бөөрөнхий хэлбэртэй ногоон үрүүдийг нь тариалах зорилгоор авч явсан байж болзошгүй гэж дүгнэж байв. Намуу цэцэг нь байгалийн буюу ургамлын гаралтай мансууруулах бодисын гол эх булаг юм.

Европ дахинаа нойрсуулагч цэцэг гэж нэрлэгддэг энэхүү ургамлаас түүхий опиум гэгч гашуун амттай мэдээ алдам хурц үнэрэй бодис гарган авдаг ба түүнийг цэвэршүүлэхээр хүчтэй мансууруулах бодис болох морфин, герион зэргийн түүхий эд болдог нь нэгэнт тогтоогдсон. Энэ ургамлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хориглож, хар тамхины төрлийн ургамалд тооцсон байдаг. Гэтэл хар тамхины ургамал оруулж ирсэн Ли өөрийгөө “Дорно дахины судлалын эмч. Энэ ургамлын хандаар тан бэлддэг” хэмээн итгүүлж үүндээ Эрүүл мэндийн яамны томоохон албан тушаалтныг ашиглажээ. Ингээд Замын-Үүдийн саатуулах байранд 2 хоног хоригдсон Ли Жи Пяны хэрэг цагаадаж нөгөө мансууруулах ургамлаа аваад нутаг руугаа одсон байдаг. Хятад эр манай хуулийн байгууллагын ажилтнуудыг хуу хахуульдсан гэхээс өөр арга алга. Замын-Үүдийн гаалийн ажилчид “Ли Жи Пян бол их баян хүн. Тэрбээр манай өмнөх дөрвөн жилийн УИХ-ыг гишүүд, сайд нартай холбоотой, хамтарч ажилладаг. Бас барилга, орон сууцны чиглэлд хөрөнгө оруулалт хийдэг. Тиймээс Гаалийн ерөнхий газрынхан Ли Жи Пянд юу ч болохгүй. Энэ этгээд бол Цагдаа хүчний томчуултай дотно харьцдаг” хэмээн ярьж байлаа. Үнэхээр Ли овогт хар тамхины төрлийн ургамал авч хилээр гарах гэсэн үйлдлийг гарахад тэр маш их хилэгнэж, шалган нэвтрэхийн офицерын нүүр лүү нулимж байсан гэдэг.

Бүр ам хамраас нь хөөс сахран уурлах Ли овогт “Хэ чи муу гөлөг миний хаана ч хүрхгүй. Монголын Парламентын гишүүд миний найз. Бас цагдаа, прокурорын бүдүүн дарга нар надад асар их мөнгөний өртэй. Би хуулийнхныг амархан аргалчихаад гараад явчихна. Харин чи муу надаар оролдсон гэдгээрээ сайнаа үзэхгүй” хэмээн савлаж байжээ. Үүнд нэг зүйлийг тодруулахад 2002 оноос эхлэн хэрэгжиж буй Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль дахь цоорхой хятад эрийг “сугалахад” ихээхэн нэмэр болсон гэнэ. 2002 оноос өмнө Гаалийн байгууллага дэргэдээ хэрэг бүртгэх албатай байж. Тэр үед гаалийнхны илрүүлсэн хэргийн ихэнх нь шүүхийн шатанд шийдэгддэг байжээ. Харин өнөөдөр энэ тоо эсрэгээр эргэсэн. Эрх зүйн салбарт хийсэн шинэтгэлийн хүрээнд иргэний, эрүүгийн байцаан шийтгэх гээд гол таван хууль шинээр батлагдсан байдаг. Ингэснээр гаалийн хэрэг бүртгэлийн албыг татан буулгаж, ЦЕГ-ын дэргэдэх хэрэг бүртгэлийн алба бүхнийг хариуцах болжээ. Олон саланги байсан хэрэг бүртгэх алба нэг гарт зангигдсан нь сайнаасаа илүү саар зүйлийг ихээр дагуулав. Хилийн боомтууд дээр гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн хэрэг, хэрэг биш болж, хураагдсан эд зүйл нь буцаад эзэндээ очдог, бүр хил гараад явчихдаг жишээ ч олон бий. Мөн Шин За Нао гэсэн нутагтаа оччихсон Монгол Улсын хилээр хориотой бараа оруулахад тун амархан, баригдсан ч  мөнгө төлөөд л бараагаа авчихна гэж нутаг нэгтнүүддээ ярьж, цахим хуудсанд “Монголын хууль миний гарт” гэсэн эссэ, нийтлэл хүртэл өөрийн нэрээр бичсэн байх юм. Хэрэв Шин За Нао хятадын хуулиар шийтгүүсэн бол аль хэдийнэ цаазын тавцанд яллагдаж, эд эрхтэн нь хүртэл хэн нэгний донор болох байсан биз. Хятад улсад хар тамхины төрлийн ургамал тариалсан, зөшөөрөлсөн хэрэглэсэн бол шууд цаазаар авах ял оноодог хатуу хуультай гэдгийг бид сайн мэднэ. Хоёр жилийн дотор мансууруулах төрлийн бодис, ургамал манай хилээр оруулж ирэх гээд баригдсан нийт 30 орчим хятад иргэдийн төлөөлөл болгож Ли Жи Пян, Шин За Нао хоёрын хэргийг хүргэлээ. Харамсалтай нь өнөөдөр шоронд хоригдож байгаа 6000 хоригдлын дунд контарбандын хэрэг үйлдэн ял эдэлж буй нэг ч хужаа алга.

Хориотой ан ч ялгаагүй

Хориотой ан амьтны арьс үсийг хятадууд дур мэдэн хилээр зөөдөг болжээ. “Замын-Үүдийн Гаалийн газрын байцаагч нар Хятад улсын иргэн Хуа И-гийн ачаа эд зүйлд нарийвчилсан үзлэг шалгалт хийснээр амьтны соёонуудыг илрүүлжээ. Урт нь 12-15 см, өргөн нь 6-8 см хэмжээтэй 275 ширхэг соёо шүдийг хурааж авсан байдаг. Энэхүү 12-15 см хэмжээтэй соёо нь зэрлэг баавгайнх болж таарав. 275 ширхэг соёо шүдийг хоёрт хуваахаар улаан номонд орсон 137 баавгайн амиар наадсан, мөн соёог нь хилээр авч гарахыг завсан Хуа И-г хэрэг бүртгэлийн шатнаас нутаг руу нь буцаажээ. Хэрвээ Монгол хүн ийм хэрэг үйлдсэн бол олон жилийн хорих ял, Хятадад бүр шууд цаазын ял авах байсан юм. Өнгөрсөн өвөл Дорнод аймгийн Хавиргын боомтоор БНХАУ-ын дөрвөн иргэн их хэмжээний хөлдөөсөн чоно хууль бусаар хил гаргах гэж байгаад баригджээ. Мөн цөөн тооны үнэг, хярс , туулай зэрэг амьтны арьс байсан гэнэ. Хөлдөөсөн чонон дунд сүүлийн жилүүдэд нэн ховордоод байгаа талын цагаан гэгдэх гурван цагаан чоно байсан гэнэ. Хэргийг Дорнод аймгийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа гэнэ. Хэрэгт сэжиглэн саатуулагдаад байгаа хятадууд “Бид цагаан сарын өмнөөс чоно, ангийн арьс худалдаж авсан. Буу барьж ан хийгээгүй. Өөрсдийнхөө мөнгөөр л худалдаж авсан. Хил гараад өндөр үнээр борлуулах гэж байсан юм” хэмээн мэдүүлжээ. Эдгээр дөрвөн хятад иргэдийг батлан даалтанд гадуур байцааж байгаа нь сонирхолтой. “Бичигт”-ийн боомтоор хөлдөөсөн чонын мах 1 тонныг хятад иргэд гаргах гэж байгаад баригдаж байсан тухай цахим хэвлэлээр шуугиж байлаа. Чонын махыг ямар зорилгоор цуглуулсан эсэхийг хуулийн байгууллага тогтоохоос өмнө хэргийн эзэд батлан даалтнаас оргож нутаг руугаа гарсан гэдэг. Энэ мэт монголын хилээр контарбандын хэрэг үйлдсэн хятадууд ял завшсаар байгаа нь тун харамсалтай.

Үнэт эдлэл ч адилхан

Энэ сарын 03-нд СА902 онгоцоор БНХАУ руу нисэх гэж байсан хятад иргэн ачаа тээшнийхээ дотор талд 13 орчим сая төгрөгийн үнэ бүхий алтыг нуун гаргах гэж байжээ. Уг хэргийг ГЕГ-ийн харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн газрын байцаагч нар шуурхай ажиллаж илрүүлсэн бөгөөд цагдаагийн байгууллагад үргэлжлүүлэн шалгаж байгаа гэсэн. Бас Замын-Үүдийн хилийн боомтоор түүх соёлын дурсгалт, эртний эдлэлүүдийг хууль бусаар хил гаргах гэж байсан хоёр иргэнийг Хилийн тагнуулынхан илрүүлжээ. Тус хилийн боомтоор буюу автозамын шалган нэвтрүүлэхээр БНХАУ-ын иргэн Гао Шүмао гэх эрийн авч явсан цүнхнээс 1800 оны үеийн шавар бурхан, гуулин бурхны хүрээ, хонх, мөнгөн болон гуулин цөгц, очир, хүрэл зэвсгийн үеийн нэн ховор хутга, хув, шүр, эрхи, мөнгөн товч болоод гаанс, хос ногоон хаш хөөрөг, хаш хөөрөг, солирын хэлтэрхий, ноёны отго жинс зэрэг 300 гаруй нэр төрлийн түүхийн дурсгалт зүйлс байсныг Хилийн тагнуулын газрын алба хаагчид илрүүлсэн. Мэдээж хэрэг үүсгээд харъяа дүүргийн дагуу цагдаагийн хэлтэст өгсөн боловч өнөөдөр монголын шоронд Гао Шүмао гэх эр хоригдоогүй нь харамсалтай. Бид дараа дараагийн дугаартаа контарбандын хэрэг үйлдсэн мөртлөө ял завшсан хятад иргэдийн хэргийн талаар эргэн хүргэх болно.

 

Тэмдэглэсэн: У.Бөхболд

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих