Соёлын сайд хөшөө, дурсгалаа мартжээ

Соёлын сайдНийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хөшөө дурсгалын хадгалалт хамгаалалтад шалгалт хийжээ. Улс орны түүх соёл, ёс уламжлалыг гэрчилсэн хөшөө дурсгал нийслэлд 153 байдаг ч тэдний хадгалалт хамгаалалт, өнгө үзэмж тааруу байгаа талаар албаны хүмүүс хэлсэн юм. Мэргэжлийн хяналтын байцаагчид хоёр сарын хугацаанд улсын хамгаалалтад байдаг ес, нийслэлийн хамгаалалтад байдаг арав, дүүрэг орон нутгийн хамгаалалтад байдаг 134 хөшөө дурсгалыг шалгасан байна. Гэтэл дүүргүүдийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн ажлаа хийдэггүй, хөшөө дурсгал эзэмшиж байгаа иргэдийн хууль эрх зүйн болон соёлын дурсгалт зүйлүүдийн үнэ цэнийн талаарх ойлголт хомс байгаа аж. Мөн “Соёлын өвийг хамгаалах тухай” хууль хэрэгжихгүй байгаагаас түүх соёлын дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт алдагдаж, эзэнгүйдэж, гадны нөлөөнд өртөж устаж үгүй болох мөч ойртсоныг мэргэжлийн хүмүүс онцлов. Зарим дүүрэгт шинээр барилга  барьж байгаа нэрийдлээр нураах, нүүлгэх зэргээр устгах тохиолдол ч их байгаа аж. Тухайлбал Баянзүрх дүүрэгт байрлах  “Гоожингийн өндөр” дурсгалт хөшөө Сангийн яамаар дамжин  иргэний эзэмшилд очсоноор одоо нуралтын байдалтай, хур хог хаягдлаар дүүрсэн байдалтай байгаа гэнэ. Шалгалтаар 40 гаруй зөрчил илрүүлж Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүргийн соёлын асуудал хариуцсан хүмүүсийг 100 мянган төгрөгөөр торгожээ.

Мэргэжлийн хяналтын газрын зүгээс ССАЖЯ, нийслэлийн ЗДТГ зэрэг холбогдох байгууллагууд түүх соёлын дурсгалуудынхаа хадгалалт, хамгаалалтын байдлыг сайжруулж,  бүртгэлжүүлж хараа хяналт тавихыг анхаарууллаа.

С.Уянга /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих