Зєвшилцєл нэртэй жvжгийг зогсооё

-Чуулганаар нээлттэй хэлэлцсэн нь дээр бус уу-

Төрийн эрх барьж буй МАН, АН-ын ажлын хоёр хэсгийнхэн сонгуулийн хуулийг бариад тогтолцоо нь ямар байх, тооны харьцаа нь хэд болохыг шийдэхээр хөшигний ард ороод байна.
Зөвшилцөл гээчид хүртэл хоёр намын ажлын хэсгийн арван гишүүн дуугүй байхаар шийдсэн юм байх. Тэдний зүгээс нийтэд мэдээлэл хүргэхгүй байхаар тохиролцсоныг булхайгаа нууж байгаа хэрэг гэж хэлэх хүн цөөнгүй байна.

Ямартай ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Сонгуулийн хуулийн зөвшилцлийн байдал хэцүү байгаа. Хоёр бүлгийн санал хол зөрүүтэй, түүнийг нийлүүлэх гэж хүчин чармайлт гаргацгааж байна. Бүлэг ээлжит бус хурал хийж саналаа тохирно” хэмээн бүдэг ч болтугай мэдээлэл өгөв. Энэ гурван өгүүлбэр парламентад суудалтай МАН, АН болон бусад улс төрийн намын удирдлагууд харилцан буулт хийж, улс төрийн хариуцлагатай шийдвэр гаргах цаг мөдгүйг харуулж байх шиг.

Гэтэл хаврын чуулган завсарлах хугацаа дөхөөд л, уяа зэл ойртож, айраг цагаагаар цалгиж наадан баярлах ойртоод л байдаг. Хомсдол гээч “дайрлагаас” болж төмөр хүлэгтнүүдийн халаас нимгэрч, наадах эс наадахдаа хүрчихээд байдаг /энд хөрөнгө мөнгөтэй хүн эс хамаарна/. Цалингаас цалингийн хооронд өр зээл тавьж, өнөө маргаашаа торгоодог хүмүүсийн хувьд байдал дордсоор байна.

Энэ талаар гүйцэтгэх засаглалынхан худал, үнэн нь мэдэхгүй юм яриад л байдаг, яриад л байдаг. Өөдөлсөн зүйл мэдрэгдэхгүй байсаар хэдэн сарыг үдлээ. Наанадаж л найр наадам, наадмын дараах намар, намрын хадлан тэжээл гээд бодвол шатахууны хэрэглээ байна аа, байна.

Энэ мэт ард түмний халаасыг тэмтчиж хоослох шатахууны хомсдол энэ тэрийг сонгуулийн хуулийн тогтолцооны жорыг найруулж дуустал УИХ-аар хэлэлцэхгүй. Хоёр намын ажлын хэсгийн гишүүд зөвшилцөл нэрийн дор тохиролцоонд хүрэх гэж аргаа барж байх шиг байна. Нэг намын ажлын хэсгийнхэн нь нөгөө намын ажлын хэсгийнхнийхээ тавьсан саналыг бүлгээрээ хэлэлцүүлэх гээд барьж гүйнэ.

Гарсан хариуг нь тэврээд дахиад л нөгөө ажлын хэсэгт дуулгана. Түүнийг нь бариад нөгөөх нь бас бүлэг рүүгээ гүйнэ. Нөгөө дээс томоод найзыгаа татаж гаргаж авах гэсэн юм гэдэг шиг хоёр намын ажлын хэсгийнхний ажил сунжирсаар, хөвөрсөөр, дуусах шинж алга. Ингэж байхаар шууд УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргахыг болохгүй гэх газаргүй. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг дээ.

УИХ-ын 76 гишүүн ямар байр суурьтай байгаагаа хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр илэрхийлчихсэн байгаа. Тэдний байр суурийг нэгтгэж үзвэл пропорциональ давамгайлсан тогтолцоог дэмжиж буй болон мажоритар давамгайлсан тогтолцоог дэмжиж буй гишүүдийн тоо таваар зөрүүтэй. Харин хаашаа ч эргэж, яаж ч магадгүй гишүүдийн тоо 20 орчим байх юм.

Эдний дундаас олонхиороо шийдэх учиртай, ард түмний санал асуулга явуулсан нь дээр гэсэн саналтай гишүүд байна. Түүнчлэн “хуучин тогтолцоо нь дээр” гэх нь бас бий. УИХ-ын ганц “сондгой” гишүүн Ц.Шинэбаяр “Сонгуулийн ямар ч систем байсан хамаагүй шүү дээ. Улс төрд улиг болсон хэсэг нөхдүүд л сонгуулийг будлиантуулдаг. Тэд л “ажлаа” хийхгүй бол сонгууль пропорциональ байна уу, мажоритар байна уу хамаагүй. Сонгуулийн будлиан системдээ байгаа юм биш.

Хэсэг бүлэг хүмүүсийн хийдэг л зүйл” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Түүнчлэн Д.Одбаяр болон Ж.Энхбаяр гишүүний хэлсэн саналыг онцолж байна. Д.Одбаяр гишүүн “Улс төрд байгаа хүн сонгуулийн тогтолцоо ямар байхаас айх хэрэггүй. Улсын хөрөнгө завшчихаад хуулийн ард нуугдах хүсэлтэй л биш бол сонгуулийн ямар ч тогтолцоо байсан шалгуураар нь орох бэлтгэлтэй байх учиртай.

Жижиг мажоратори гэж яриад байгаа ганц нэг нөхрийг харахад УИХ-д дөнгөж орж ирээд улсын хөрөнгөөс завшсан хэдийгээ цацахад жижиг тойрог нь дээр гэж бодоод байх шиг санагддаг” гэсэн бол Ж.Энхбаяр гишүүн “Хоёр нам нийгэмд судалгаа сайн хийж, рейтингээ үзчихээд өөртөө давуу тал олгохыг хичээгээд байна. Горимын санал байна. Маш хурдан зохион байгуулалт хийж, ард түмний санал асуулгыг хийчих. Өнөөдөр намын ард хэн ч төрд гарч магадгүй” хэмээжээ.

УИХ-ын чуулганаар сонгуулийн жорыг хэлэлцвэл “яаж ч магадгүй” гишүүд шийдвэрлэх кнопыг дарах магадлалтай. Хэрэв нам нь гишүүддээ итгэдэг, гишүүд нь намынхаа шийдвэрийг дагадаг бол УИХ-аар сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргахаас намуудын удирдлагууд бэргэх учиргүй. УИХ дахь намын бүлгүүд зөвшилцөл гэдэг нэртэй жүжгээ нэн даруй төгсгөж, ард түмэн болоод улс нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудыг яаравчлан шийдвэрлэх шаардлага тулгараад байна.

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих