Хянагч, оператор хоёрыг унтаж байхад нь сэжигтнүүд зугтсан байжээ
ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангиас энэ сарын 04-нд өглөөний 07 цагийн үед сэжигтэн Э.Вантөмөр, Б.Амарсайхан нар оргосон талаар бид мэдээлсэн.
Тэднийг эрэн хайх үйл ажиллагаа 13 дахь хоног дээрээ орон даяар үргэлжилж байна.
Хулгай болон залилангийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байх хугацаандаа оргосон дээрх этгээдүүд нэг камерт хоригдож байсан гэнэ. Тэд хоригдож буй өрөөнийхөө цонхны дутуу гагнасан төмрийг хөшиж , гагнаасыг нь салган зугтсан юм байна.
Тэднийг оргох үед ээлжинд гарч байсан хянагч, хорих ангийн камерийн дэлгэц хянаж байсан оператор хоёр хоёулаа унтсан байсан гэнэ. Ажлын хариуцлага алдсан ажилтнуудад ямар хариуцлага тооцох нь одоогоор тодорхойгүй байна. Харин тус ангийн дарга, дэд дарга хоёрыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа юм.
Дашрамд дуулгахад дээрх сэжигтнүүдийн талаархи мэдээллийг нэг сая төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд нууцлалыг чанд хадгална гэсэн зарыг ШШГЕГ-аас гаргаад байгаа билээ.
М.Нандин Uls.mn
URL: