Хөрөнгөтнүүдэд яагаад хууль үйлчилдэггүй юм бэ
Зөвшөөрөлгүй баригдаж байсан барилга дээр гарсан ослуудыг бүгдийг нь түүж бичнэ гэвэл цаас, цаг хоёр хүрэлцэхгүй.
Зөвхөн энэ жил гарсан хоёр томоохон ослыг л дээр дурьдсаныг уншигч авхай ойлгоно буй за.
Түүнээс өмнө “Тэнгис” кино театрын хажуугийн барилга, гуравдугаар эмнэлгийн ард талын байшин гээд тоочоод байвал сэтгэл хирдхийлгэм ослууд зөндөө гарсан. Харин дээр жишээ авсан хоёр барилгын хувьд мэргэжлийн хяналтын газраас шалгаад, акт тавиад, үйл ажиллагааг нь зогсоочихсон байхад үл тоосон. Улмаар барилгын ажлаа үргэлжлүүлж байгаад хүний амь насанд хүрсний сонгодог жишээ.
Эхнийх нь “Макс” группийн барилга. “Макс”-ын Д.Ганбаатар гэдэг хүний бариулж байгаа орон сууц, үйлчилгээний төвийн барилга юм. Тэгвэл гурван сайхан залуугийн аминд хүрчихээд байгаа “River stone-2” орон сууцны барилгын захиалагч “Эс Девелопмент” гэдэг компани нь “Шунхлай” группийн харьяа гэж байгаа. Хэдийгээр 2011 оноос бие дааж үйл ажиллагаагаа явуулж байгаа гэх ч “Шунхлай” группийн нөөлөгнөөс гараагүй, одоо ч хамтарч ажилладаг тухай хэвлэлүүд шуугиж байна. Тэгэхээр УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ямар нэг шижмээр холбогдоод явчихаж байгаа юм. Үүнээс үзэхэд, эрх мэдэлтэй хүмүүс Монгол Улсын хууль журмыг гууль болгож, Мэргэжлийн хяналтын байгууллагын шийдвэрийг юман чинээ тоохгүй байна.
Хэрвээ хэн нэгэн нь буруудах ёстой гэвэл гүйцэтгэгч компанийн инженер юм уу удирдлага руу чихээд л гүйцээ.
Уг нь Барилга, хот байгуулалтын яамнаас энэ салбарын компаниудын ажлыг аль болох хөнгөвчилж, элдэв зөвшөөрлийг хурдан шуурхай өгч эхэлж байгаа. Хуучин барилга барих зөвшөөрөл авахад 100 гаруй материал бүрдүүлдэг байсан. Сүүлдээ БХБ-ын сайдын 89 дүгээр тушаалаар барилгын тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчилж, суурь нөхцөл, шаардлагыг хөнгөрүүлсэн. Ингэснээр өргөдлийн маягт 10 байсныг дөрөв болгосон. Мөн Тусгай зөвшөөрлийн 51 ажилбар байсныг 40 болгож хураангуйлчихаад байгаа. Зарим заалт дээр Зөвлөх инженер, мэргэшсэн инженер шаардлагатай байсныг шатлал бууруулсан. Энэ мэтээр барилгын компаниудын ажлыг хөнгөвчилж, бүтээн байгуулалтыг аль болох дэмжиж байгаа.
Гэтэл манай барилгын компаниуд улам л давраад, үүрэг хариуцлагаа умартаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хөсөр хаясан.
Өнөөдөр аль нэг барилга дээр осол гарч, хүний амь эрсдэхээр иргэд Мэргэжлийн хяналтынхныг буруутгадаг. Өнөөдөр Мэргэжлийн хяналтын байцаагч нарт ямар эрх байгаа юм бэ. Яах вэ, олон дунд ганц нэг авлига энэ тэр аваад, акт тавьдаггүй байцаагч байдаг л байх. Гэтэл ноцтой осол гаргасан хоёр барилга дээр акт тавиад, үйл ажиллагааг нь зогсоочихсон л байсан байна. Тийм байтал хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс мэргэжлийн хяналтын байцаагчийн актыг хүний урманд харсан ч юм уу, үгүй ч юм уу. Ажлаа үргэлжлүүлээд, зөвшөөрөлгүйгээр барилгаа бариад л байж байна. Бүр хүний амь нас үрэгдчихээд байхад хүртэл улам л сүндэрлээд, давхар нь нэмэгдээд байх жишээтэй.
Хэрвээ хэн нэгэн нь буруудах ёстой гэвэл гүйцэтгэгч компанийн инженер юм уу удирдлага руу чихээд л гүйцээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Зөрчлийг давтаад байгаа буюу зөвшөөрөлгүй барилга бариад байгаа компаниудыг бид авч болох бүр арга хэмжээг авчихсан учир дараагийн шатны арга хэмжээ болох цагдаагийн байгууллагад шилжүүлдэг. Түүнчлэн барилгын тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох арга хэмжээг авна. Тухайлбал, өнгөрсөн жил зөвшөөрөлгүй барилгуудад тодорхой арга хэмжээ аваад найман барилгын компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах асуудлыг салбар яаманд нь хүргүүлсэн. Үүнээс таван компанийн тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж, гурав нь түдгэлзсэн” хэмээн ярьсан байсан.
Хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс хууль үйлчлэхгүй, энгийн иргэдэд болохоор лантуу болоод байгааг хэзээ болиулах вэ
Мэргэжлийн хяналтынхан аргаа барахдаа цагдаад юм уу, яам руу л шилжүүлж байгаа юм. Түүнээс илүү эрх мэдэл гэж алга. Харин цагдаа, яам ямар арга хэмжээ авч байгаа тухай мэдээлэл тэр бүр байдаггүй.
Тухайлбал, “Макс” группийн захиалгаар сүндэрлэж буй “Crown center” төвийн барилга одоо бараг ашиглалтад орох гэж байна. Мэргэжлийн хяналтын байцаагч акт тавьчихсан байхад зөрчлөө арилгалгүй үргэлжлүүлсэн үйлдэлд нь хэн ямар арга хэмжээ авав гэдэг нь тодорхой биш.
“River stone-2” орон сууцны барилгыг ч мөн адил акт тавиад зогсоочихсон байхад үл тоосон үйлдэлд нь хэн, ямар арга хэмжээ авах юм.
Мэргэжлийн хяналтын байгууллага шалгаад, зөрчлөө арилга гээд акт тавиад орхидог. Түүнийг нь авч хэлэлцэхгүй, барилгаа бариад, хүний амь нас хохироод байгаа үйлдэлтэй тэмцэх байгууллага, хууль журам гэж манайд байхгүй байгаа хэрэг үү.
Хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс хууль үйлчлэхгүй, энгийн иргэдэд болохоор лантуу болоод байгааг хэзээ болиулах вэ. Хэрвээ нэг иргэн байшин бариулж байгаад тэнд нь осол гарчихсан бол манай хууль хяналтынхан ямар сүрхий ажиллаж, баривчилж, байшинг нь нураах бол.
Н.Пунцагболд
Монголын мэдээ
URL: