Б.Болор: Танхимаараа хариуцлага хүлээх ёстой
УИХ-ын гишүүн Б.Болор эдийн засгийг идэвхжүүлэх“ЭЗЭН-100” хөтөлбөр үр дүнд хүрэхгүй бол Засгийн газарт хариуцлага тооцох ёстойг өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан. “ЭЗЭН-100” хөтөлбөр хэрэгжиж дууссан ч Ерөнхий сайдын хэлдгээр “Ид шидийн зүйл болсонгүй”. Хамгийн сонирхолтой нь, гүйцэтгэх засаглалын тэргүүн танхимынхаа бүтцэд өөрчлөлт оруулахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн явдал байв. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Болороос өмнө нь баримталж байсан байр суурь нь хэвээрээ эсэхийг тодрууллаа.
-Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах талаарх Ерөнхий сайдын мэдэгдэл олны анхаарлыг татаж байна. Харин та үүнд ямар байр суурьтай байна вэ
-Хаврын чуулганаар эдийн засгийг идэвхжүүлэх“ЭЗЭН-100” хөтөлбөрийг УИХ-аас баталсан. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг эргэж харах тухай УИХ-аас баталсан тогтоолд тусгасан байсан. Хууль, эрх зүйн орчноо100 хоногийн дотор сэргээж, үүндээ түшиглэн эдийн засгаа эрчимжүүлэх тал руу явах хөтөлбөр байсан. Мэдээж100 хоногт бүх асуудлыг шийднэ гэж байхгүй. Ер нь Засгийн газрын бүтцээ эргэж харах шаардлага байгаа. Би зөв гэж бодож байна. Тиймээс Ерөнхий сайдын мэдэгдэлтэй санал нэгдэж байгаа юм. Бүтцээ эргэж харна гэдэг Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орно гэсэн үг. Ерөнхий сайд тэр хэмжээнд тодорхой халаа сэлгээ хийнэ гэж хэлсэн байх. Танхимын зарчмаар ажиллаж байгаа Засгийн газар учраас дан ганц сайдад хариуцлага тооцохгүй болов уу. Хариуцлагыг танхимаараа хүлээх ёстой шүү дээ. Миний ойлгож байгаагаар халаа сэлгээ гэдэг нь бүтцийн өөрчлөлт хийж, энэ дагуу чиг үүрэг нэгтэй яам, агентлагийг нэгдэж, заримыг нь татан бууглгах маягаар цомхотгол явах болов уу гэж харж байна.
-Та тойрогтоо ажиллаад ирсэн. Орон нутгийн иргэд “ЭЗЭН-100” хөтөлбөрийн талаар ямар бодолтой байна вэ?
-Орон нутагт нөхцөл байдал өөр. Улаанбаатар, орон нутгийн хооронд ялгаа их бий. Өнгөрсөн жил цаг агаар сайхан байсан. Цас зуд болоогүй тул төл сайн авсан. Малын гаралтай түүхий эдийн үнэ ханш боломжийн хэмжээнд байгаа учраас бидний яриад байгаа эдийн засгийн хүндрэл малчдад хүнд туссан зүйл алга. Гэхдээ тойрогтоо ажиллаж байхад иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа асуудал байна. Монгол Улсын иргэн бүрт төрийн түшээд ингэж ажиллаасай, ийм бүтээн байгуулалт хийгээсэй гэсэн шүүмжлэл, санал байгаа шүү дээ. “ЭЗЭН-100” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ гээд бүх зүйл сайхан болохгүйг би дээр хэлсэн. Хамгийн гол тогтоолд нь ийм ажил хийнэ, хууль эрх зүйн орчноо ингэж сайжруулна гээд маш тодорхой заагаад өгчихсөн. Үүнийгээ Засгийн газар хэрэгжүүлсэн үү, үгүй юү гэдэг асуудал байна. Мэдээж тодорхой хувийг нь хэрэгжүүлсэн. Дунд нь орхисон зүйл ч бий байх. Угаасаа энэ намар УИХ-аас баталсан тогтоолын төслийг дүгнэнэ шүү дээ. Эндээс гарсан дүгнэлтийн дагуу Засгийн газарт дүн тавих нь тодорхой. Намрын чуулган эхэлж, гишүүд ирэхээр энэ асуудлыг нухацтай ярих байх гэж бодож байна. Ер нь хөгжлийн төлөө бид улстөржилтөө зогсоох хэрэгтэй байна. Монголын эдийн засгийн хөгжлийн түүхэн, эгзэгтэй үед улсынхаа нийтлэг эрх ашгийн төлөө, ирээдүй, хойч үеийнхээ төлөө улс төрийн намууд хамтарч ажиллах шаардлагатай байна.
Ц.Оюунтунгалаг
URL: