Хоёр намын бүлэг зөрөлдөж, сайд нарын суудал ганхав
Хоёр намын бүлэг Сонгуулийн тухай хуулийг ирэх сарын 1-нээс өмнө баталж амжина хэмээн ам гарч байсан. Гэвч ирэх намрын чуулгантай золгох нь тодорхой болж эхэллээ. Ардчилсан намын бүлгийн өчигдрийн хурлаар зөвшилцөх ажлын хэсгийнхэн бие биедээ тавьсан тодорхой саналыг хэлэлцсэн аж.
Гэвч ажлын хэсэг дээр нэгдсэн үр дүн гарахад одоогоор хэцүү байгаа тул тодорхой хугацаанд Сонгуулийн тухай хуулийн хэлэлцээрийн талаар мэдээлэл өгөхгүй байхаар хоёр бүлэг тохиролцсон хэмээн Ч.Сайханбилэг дарга мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Сонгуулийн хуулиар дундын хувилбар гаргах боломж бий эсэх талаар лавласан сэтгүүлчийн асуултад “Бүлэг ээлжит бус хурал хийж саналаа тохирно. Сонгуулийн хуулийн зөвшилцлийн асуудлаар байдал хэцүү байгаа. Хоёр бүлгийн санал хол зөрүүтэй, түүнийг нийлүүлэх гэж хүчин чармайлт гаргацгааж байна” гэлээ.
Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь шатахууны хангамж аж. Хэдийгээр үр дүн нь урт хугацаанд гарах боловч дотооддоо нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлэх талаар Засгийн газар дорвитой, арга хэмжээ авах ёстой хэмээн бүлгийн гишүүд санал нэгджээ. Мөн шатахуун импортолж байгаа компаниудын үр дүн тааруу байгаа тул төрийн өмчийн 100 хувийн төлөөлөлтэй компани Монгол Улсын төрийн өмнөөс шатахууны захиалга хийж, оруулж ирсэн шатахууныг түгээгч компаниуд жижиглэнгээр худалдаалах ажлыг хийх нь зүйтэй гэж ярилцжээ.
Шаардлагатай бол уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх гэнэ. Одоогийн байдлаар Б.Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллуулж эхэлсэн байна. Мөн шатахууны асуудлыг хэрхэн зохицуулах талаар сэтгүүлчид бүлгийн даргаас тодруулахад “Одоогоор компани бүр өөр өөрийн шугамаар ОХУ-ын компанитай гэрээ хийж шатахуун оруулж байна. Өнөөдрийн байдлаас шалтгаалж төр захиалагч болж орох хэрэгтэй байгаа. Ингэснээр шатахуун нэг үнэ, зориулалтаар орж ирэх боломжтой. Оруулж ирсэн шатахууныг компаниуд авч жижиглэнгээр борлуулбал нефтийн үнэ тогтвортой, улмаар буурах боломжтой гэж үзлээ.
Өмнө нь интернэтийн хэрэглээн дээр ийм зарчмаар ажиллаж амжилтад хүрсэн туршлага бий. Бизнес эрхлэгчдийн тухайд хохирол байхгүй. Компаниудын жижиглэн худалдаанаас олдог орлого хэвээрээ үлдэнэ. Харин ч гадна талд захиалга хийх гэх мэт ажил хялбарчлагдана. Хувийн компаниудад сөрөг тал байхгүй” гэв.
Түүнчлэн бүлгийн хурлаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Б.Ариунсан нарыг огцруулах саналыг бүлгийн зүгээс тавих нь зүйтэй хэмээн гишүүд нь үзсэн байна.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: