Зээлээ аваагүй үйлдвэрлэгчид бухимдуу байна
Засгийн газраас “Монголдоо бүтээцгээе” хөтөлбөрийг зарлахдаа экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих зорилго агуулж байв. Ингээд 888 гэдэг бэлэгшээлт тоо гарч ирсэн юм. Өөрөөр хэлбэл, 888 төслийг дэмжихээ ҮХААЯ-ныхан санал болгож байлаа. Харамсалтай нь өнөөдөр эдгээр 888 төслийн олонхийн хувь заяа бүрхэг болжээ. Төслүүд үнэхээр хурдацтай явж, дэмжлэгийн бодлого нь хэрэгжиж байна уу гэвэл үгүй. Энэ нь одоо нэгэнт тодорхой боллоо. Үүнийг илтгэсэн хэлэлцүүлэг ҮХААЯ-нд өчигдөр болсон юм. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл “Одоогоор арилжааны найман банкаар нийт 145 төсөл судлагдаад 174 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарчээ. Одоо 732 тэрбум төгрөгийн 133 төсөл судлагдаж байна. Харин 93 тэрбум төгрөгийн 46 төсөл буцаагдсан. Банкууд бүх төслийг судлаад аль болох дэмжихээр ажиллаж байгаа” гэж хэлсэн ч үйлдвэрлэгчид арай өөр зүйлийг ярьж байгаа юм.
АЖЛЫН ТУРШЛАГА 15 ЖИЛЭЭР ХЭМЖИГДЭХ Ч ЗЭЭЛ АВЧ ЧАДААГҮЙ
“Irves-Intertrade” компанийн захирал Б.Төгсжаргал:
-Манай компани төслөө бичиж өгсөн ч зээл авч чадаагүй. Уул уурхайгаас гадна манай улсын эдийн засгийн гол хөшүүрэг нь мал аж ахуй. Тиймээс тус салбарыг олон улсад өрсөлдөх төвшинд хүргэхийн тулд хөрсний ариутгалыг сайн хийх ёстой. Хөрс сайжирснаар ургамал чанаржина. Иймээс бид ашигтай бичил биетний технологийг Монголд гаргаж байгаа ганц үйлдвэр юм. Өөрөөр хэлбэл, химигүйгээр хөрсөө ариутган, малаас гарч байгаа хаягдлыг ариутган боловсруулж, бордоо үйлдвэрлэдэг. Энэ чиглэлээр 15 жил ажиллаж байна.
“БОЛОВСРОЛТОЙ ХҮН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛЖ БОЛОХГҮЙ” ГЭЖЭЭ
“Хэрлэн савхи” компанийн захирал Х.Энхтуяа:
-Арьс ширний оёдлын үйлдвэрлэл эрхлээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд ямар ч зээл тусламжид хамрагдаж байгаагүй. Өөрийнхөө хэмжээнд хэчнээн зүтгэлээ ч зээлгүйгээр үйлдвэрлэл өргөжих боломжгүй. Тиймээс төсөл бичсэн. Өнгөрсөн гуравдугаар сард төсөл чинь дэмжигдлээ гэдэг хариу өгсөн. Ингээд өнөөдрийг хүртэл тасралтгүйгээр зээл хөөцөлдөж байна. Үнэхээр гомдол гаргамаар банкууд бий. Тухайлбал, ХАС банк “Чиний үйлдвэрлэлийн хэмжээ үнэхээр бага байна. Чи 25 сая төгрөгийн зээл авч чадахгүй” гэж гутаасан хариу өгсөн юм. Ингээд “Голомт” банкийг зорьсон. Гэтэл “Чи ийм өндөр мэргэжлийн хүн байж яахаараа доод шатны үйлдвэрлэл явуулдаг юм бэ” гэж бас доромжилсон. Би чамлахааргүй боловсролтой нь үнэн.
Орос, англи хэлтэй. Тиймээс ямартай ч үйлдвэрлэлээ гадаад зах зээлд харилцаатай болгоно гэж зүтгэж явна. Гэтэл яахаараа Монголд өнөөдөр боловсролтой хүн үйлдвэрлэл эрхэлж болдоггүй юм бэ. Манай улсад арьс ширний үйлдвэрлэл бүр олноороо хэрэгтэй. Гэтэл бид бизнес инкубатор төв дээр л үйл ажиллагаагаа явуулсаар байна. Үйл ажиллагаагаа тэлж өргөжүүлээд биеэ даагаад гарах гэхээр боломж олдохгүй юм. Оёдолчин нэмж ажиллуулах гэхээр ямар ч боломжгүй. Өөрийгөө зах зээлээс арчуулчихгүй л тогтож байна.
БАРЬЦАА НЬ БАЙСАН БОЛ 888-Д ТӨСӨЛ БИЧИХ ШААРДЛАГАГҮЙ
“Фактор стандарт” компанийн захирал Н.Мөнхцог:
-Би 512 сая төгрөгийн зээл хүссэн. Анх энэ 888 төсөл гээч зүйл чинь импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжинэ гэж амалсан шүү дээ. Би төслөө өгөхдөө материал авч байгаа хүнээс нь “Та бүхэн баахан төсөл авчихаад дараа нь арилжааны банкаар дамжуулах юм биш биз” гэж лавлан асуусан. Тэр үед “Үгүй ээ, “Чингис” бондоос Хөгжлийн банкинд санхүүжилт хийнэ. Та нар төслийнхөө 30 хувийг өөрсдөө гаргаж чадвал бид 70 хувийг нь санхүүжүүлье” гэж хэлж байсан юм. Одоо энэ нь эсрэгээрээ эргэчихсэн. Арилжааны банкнаас зээл хүссэнтэй ялгаагүй болчихлоо. Манай компанийн хувьд өнгөрсөн жил Хятадаас үйлдвэрлэлийнхээ тоног төхөөрөмжийг 500 мянган юаниар захиалж авчирсан. Бэлэн сайхан тоног төхөөрөмж байна. Даанч үлдсэн санхүүжилтээ шийдэж чадахгүй түгжчихлээ. Гэтэл банк биднээс тэрбум төгрөгийн барьцаа нэхэж байгаа. Хэрэв бид тэрбум төгрөгийн барьцаа гаргах боломжтой байсан бол 888-д төсөл бичиж өгөх шаардлагагүй шүү дээ.
Г.ГАНЧИМЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: