Сайн дурын хунтайжаас улс эзэн хааныхаа нэрийг өмчилж авах болоогүй юу

c18ad1b8-d5fe-4a1a-8968-fcd981085360Чингис хааны дэлхийн академи гээчийн ерөнхийлөгч П. Давааням хэмээгч нэгэн бээр саяхан Тристан Батори Эксед Шомлье хэмээх европ хүнийг академийнхаа гишүүнээр өргөмжилж, “Гэрэгэ диплом” гардуулан ёслол үйлдсэн юм байх.

Дипломыг нь “ромын хамба биш” ромбын хамт Трансильваний ван Тристан Баторийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Грузов гэгч гардан авсан гэх.

Чингис хааны дэлхийн академиас санаачилсан гэгддэг “Гэрэгэ” диплом нь тэрхүү Тристан Батори гэх эрхмийг Чингэс хааны ууган хүү Зүчийн хүү Бат хааны удмын хүн мөн болох, түүнчлэн тус академийн гишүүн болохыг нь баталсан баримт болж байгаа тухай мэдээлсэн.

Үүнийг харж байхад нөгөө сайн хүний нэрийг хэд худалдаж иддэг гэдэг билээ түүн шиг л зүйл болоод байгаа нь анзаарагдана.

Энэ бүхэн Монгол улсад элдэв янзын хутагт хувилгаадын хойд дүрийг болон Чингисийн алтан ургийн үр хойчисыг тодруулах, тодрох, өөрийгөө өргөмжлөх явдал хэт хавтгайрч байгааг л тод харуулж байгаа хэрэг.

Хэн хаана, хэзээ энэ хүнийг хунтайж болгочихсон юм бүү мэд. Үүнтэй адил сонин сонин тодруулалт олон гарч байгаа.

1990-ээд оны сүүлчээр Язу Болд ч билүү нэг нөхөр нэг хүүхнийг “Чингисжин” хатан гээд тодруулчихлаа гээд л шуугиад марзагналдаад өнгөрч байлаа. Улс дотроо ингэж тодруулах ч бас яахав.

Манайхны ийм гэнэн тэнэг байдлыг гадны овжин зальтай этгээдүүд ч ашиглах явдал мэр сэр гарсаар байгаа. Одоогоос арваад жилийн өмнө нэгэн франц өвгөн дундад азийн стануудаас гаралтай нэг бүсгүйг мөн л Чингис хааны хойч үеэр тодруулчихсан цохиж яваа дуулдсан.

Тэд хунтайж олонтой Арабад оччихсон 6,7 одтой зочид буудалд нь тансаглаад байж байсан тухай ч яригдсан.

Манай УИХ, Засгийн газрын зарим нөхдүүд ч үе үе өөрсдийгөө цагаан яст алтан ургийн үр хойч болох тухай мэдээ хэвлэлээр дайх нь бий. С.Баяраас эхлээд олон бий дээ.

Мөн эдгээрээс гадна нөгөө социализмын үед чөтгөрийн тоо цөөрсөн гэдэг бол капитализмын үед манайд хутагт хувилгаад, бөө удганы амилсан дүрүүд олширсоор л байна.

Энэ сацуу одоо дэлхий дээр байгаа буддын шашны хамгийн дээд хүн болох XIY дүгээр Далай ламтан жирийн лам надад хойд дүр хэрэггүй гэсэн мэдэгдэл хийж байх юм.

Тэгэхээр манайхан хий юманд хэтэрхий их сүжигтэй, түүн дээр нь элдвийн эрүүл үгүй нь мэдэгдэхгүй нөхдүүд тоглож Солонгос эр Мүүн өөрийгөө II Христ гэж зарласантай адил өөрсдийгөө Чингисийн хойчис, эсвэл хэн нэгний хойд дүр хэмээн итгүүлээд байх шиг. Хүн хүний бор ходоодоо божийлгох арга өөр ажээ.

Уг нь Чингис хаанаас эхлээд их хаадын нэр төр гэдэг улсын өмчлөлд баймаар. Улмаар улс бодлогоор зохицуулж, юунд хэрхэн ашиглахаа мэддэг байвал их л үнэ цэнэтэй байхсан билээ.

Жишээ нь, сайн дурын хунтайжаас улс эзэн хааныхаа нэрийг өмчилж авах болоогүй юу.
О.Хуяг

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих