Лениний музейг эзэмших эрхтэй гуравдагч этгээд гарч ирлээ
Өнөөдөр Монголын улс төрийн тавцанд АН ганцаараа шахам тоглож байна. Бүлэглэл, фракцуудаараа дайтаж ноцолдоод л… Засгийн газраа дэнжигнүүлж улс төр хийцгээгээд л. Яг үнэндээ ардчиллаас хойшхи он жилүүдэд эрх баригч нам, нөгөө талаас сөрөг хүчин гэж боксын рингийн улаан, хөх булангийн тамирчид шиг нүдэлдсээр ирсэн. Өөрөөр хэлбэл, АН-аас өөр улс төрийн хүчингүй юм шиг ийм он жилүүд байгаагүй дээ.
Ардын нам 2000 онд төрийн эрхийг хэт олонхи болон авч байсан ч АН гэдэг сөрөг хүчин Л.Гүндалайн ачаар босоод л ирж байсан. Л.Гүндалай бие дааж нэр дэвшээд сонгогдсон ч, АН-ын төлөөлөл болж, ганцаараа шахам атлаа МАН-ын засаглалын сүүдрийг харуулчихаад л байдаг байсан.
Харин өнөөдөр 2014 он. Хоёр жилийн өмнө болсон сонгуулиар АН 31, МАН 25 суудал авав. АН бусад нам эвсэлтэй хамтарч Шинэчлэлийн Засгийн газар байгуулж, МАН жинхэнэ утгаараа сөрөг хүчний байр суурин дээр үлдсэн.
Гэвч МАН өнөөдрийг хүртэл сөрөг хүчин шиг сөрөг хүчин байж үзсэнгүй. Хоёр жилийн өмнө үзсэн ялагдлаасаа хойш “мордохын хазгай” гээч нь болж, өнөөг хүртэл өөдтэй сөрж чадахгүй байгаа тухай учир мэдэх хүмүүс хэлэх болсон.
Сонгуулийн дараа өмнөх удирдагчид нь гадагш “зугтаж”, намдаа ялагдал үүрүүлсэн гэх Ө.Энхтүвшин даргын аппаратыг солих шийдэлд энэ намынхан хүрэв. Энэ дагуу 2013 оны аравдугаар сарын сүүлчээр XXVII Их хурлаа зарлан хуралдуулж, төлөөлөгчид нь гурван өдрийн турш хуралдаж шинэ даргын гарт намын жолоог атгуулж байлаа. Тэр шинэ дарга нь Миеэгомбын Энхболд. Хотын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд хүртэл хийж байсан энэ хүн өмнө нь намын дарга байсан. Санжийн Баярт намын даргын суудал, Ерөнхий сайдын сэнтийгээ хамтад нь алдаж байсан М.Энхболд МАН-ын даргын суудалд дахин суусан түүх нь энэ.
М.Энхболдыг МАН доторх Хотын фракцийн толгойлогч гэдэг. Хотын фракцад сайд байсан Т.Бадамжунай гээд олон эрхэм багтдаг. Тийм болохоор МАН-ыг өнөөдөр хотын фракц нь удирдаж байна гэсэн үг.
МАН мөн л фракц олонтой нам. Энэ Хотын фракцаас гадна С.Баяр, Сү. Батболдын фракц, У.Хүрэлсүхийн Зүүний хүчний холбоо гэх залуусыг голдуу нэгтгэсэн фракц гээд томоохон бүлэглэл, фракцууд хэдийнэ үүсчихсэн. Бас байсгээд л бий болдог хөдөлгөөн, жигүүр гэвэл зөндөө бий. Яг одоо Хотын фракц нь Зүүний хүчний холбоондоо илүү найр тавиад байгаа аж. Тиймээс ч Зүүний хүчний холбооны удирдагч У.Хүрэлсүх нь зуны турш Монголд байж ажлаа урагшлуулсан гэх юм билээ. Харин С.Баяр, Сү.Батболд нарын хувьд Хотын фракцад гадуурхагдсан байдалтай байгаа. Ямар сайндаа л өнгөрсөн зун мань хоёр даргыг Сүхбаатар дүүргийн намын хорооны гишүүнээс чөлөөлчихсөн гэх мэдээлэл гарч байхав.
Энэ бүхнээс үүдээд Хотын фракцийнхан нам дотроо “азарга”-ны үүрэг гүйцэтгэж, бусад нь хэцүүхэн байгаа гэх мэдээллүүд ч яригдаж байгаа.
Хотын фракц С.Баярыг, Сү.Батболдыг түших учиргүй. Учир нь дээр хэлсэнчлэн, хэдхэн жилийн өмнө С.Баярт “хамаг юм”-аа булаалгаж байсан түүхийг М.Энхболд лав мартахгүй нь тодорхой. Сэнтий, суудал хоёроо С.Баярт өгчихөөд МАН-ын Их хурлын индэр дээрээс бууж байсан М.Энхболдын царай төрхийг олон хүн санаж байгаа биз ээ.
Өнөөдрийн хувьд МАН дотроо “Засгийн газарт оръё, Орохгүй…” гэдэг хоёр хэсэгт хуваагдчихаад байгаа аж. Хотын фракц үүнд асар их сонирхолтой байгаа бол, бусад нь “Үгүй…” гэж байгаа гэх. М.Энхболд намын дарга болохдоо “Намаа Засгийн газарт хамтруулна” гэж амласан гэх албан бус яриа хөөрөө ч байдаг.
Гэхдээ тэдний иймэрхүү зөрчил гадагш гараад байдаггүй сайн талтай. Энэ намын хэзээнээсээ явж ирсэн уламжлал ч гэж болно.
МАН нэг иймэрхүү. Дотроо сөргөлдөөд ч үзэл бодлоо гадагшлуулж чаддаггүй. Улс төрийн сөрөг хүчний үүргээ ч “стандарт”-ын дагуу гүйцэтгэж чадахгүй байна. Ардын намыг эрх барьж байхад сөрөг хүчин Ардчилсан намынхны хэлсэн ярьсан шүүмжилсэн болгоныг олон нийт алга ташин хүлээж авдаг байсан бол одоо Ардын нам гэдэг сөрөг хүчний дуу хоолой нэг л өнгөө олохгүй солгойрсоор өдгөөг хүрэв. Нөгөө талаар М.Энхболд даргад шударга ёсны төлөө тэмцэгч гэдэг имиж нэг л бүрдэж өгөхгүй байгаа юм.
Үүний дээрээс хүн чанарын асуудал энэ намын удирдлагатай холбогдоод жиг жуг яригдаад эхэллээ.
УИХ-д МАН-аас нэр дэвшээд гурван ч удаа сонгогдож чадсан Д.Дондог гэдэг гишүүн байв. Байв гэсний учир нь Д.Дондог гуай өнөөдөр эрхэм гишүүн биш, эгэл жирийн иргэн ч биш, ялтан болоод шоронд сууж байгаа юм. Туслах нь сонгуулийн үеэр хүнээс мөнгө аваад ирсэн. Ажлыг нь бүтээж чадаагүй учир дараа нь мөнгийг нь буцаагаад өгчихсөн. Ийм л асуудал юм байна лээ. Харин шүүх УИХ-ын гишүүн асан Д.Дондогт 10 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргатай нь холбоотой тааруу мэдээний эсрэг мэдэгдлээр бороо оруулдаг МАН-ын Хэвлэлийн алба Д.Дондогийн талаар таг чиг. Бас олон амлалт өгч намын дарга болсон М.Энхболд чимээ ч алга. Д.Дондог, М.Энхболд, дээрээс нь Су.Батболд нар Төв аймгаас олон ч удаа гал болон сонгуульдаж ихэнхэд нь давж байсан билээ. Гэвч намын дарга М.Энхболд олон жил улс төрд хөтлөлцөж гүйсэн Д.Дондог баавайнхаа төлөө амаа ангайхгүй байгаад улс төр гадарладаг олон хүн гайхаад шагшраад байх юм.
Яг үнэндээ Д.Дондог УИХ-д энэ намын суудлыг нэгээр нэмэх гэж л ийм асуудалд өртчихсөн юм байна лээ. У.Хүрэлсүх ч гэсэн Ц.Чимэдцэрэнгээс авсан мөнгө нь “Хадгаламж” банкных болж таараад баларч байсан. Намдаа сонгуулийн үеэр фургон авч өгсөн гэж суусаар мултарч байсныг ард түмэн мартаагүй л байна.
Яг үнэндээ нам сул, намын дарга нар бяргүй учраас л Д.Дондог гуай ял авлаа гэх хүн олон байна. Азарга хүртэл унага даага, юугаа ч алдахгүйн төлөө чонотой эцсээ хүртэл үзэлцдэг. Сүргээ хороолгодог азаргыг хэрэггүй муу… хэмээн тодорхойлдог. Яваандаа азарга байх эрхийг нь хасдаг монгол малчны минь ухаан бий.
Нөгөөтэйгүүр Д.Дондог гуай гишүүн байхдаа мөнгө ахиухан хурааж чадсан бол өнөөдөр гараад л ирж байгаа. М.Энхболд биш юмаа гэхэд намын журмын нөхөд нь нүүрээ буруулаагүй л яваа.
Ардын намын энэ мэтийн асуудлыг жирийн гишүүд нь чих халууцтал л ярих ажээ. Намын дарга, удирдлагуудад нь том том дуугарахгүй байх шалтгаан ч бас байна.
“Тэнгис” кинотеатрын дэргэд Нийслэлийн МАН-ын байр байлаа. Жил дараалан шүүхдэлцэж байгаад энэ байрыг Төрд өгөх шийдвэрийг шүүхээс гаргасан. Гэвч шүүхийн энэ шийдвэр гарч, тэр байр “Батаарын музей” болж чадах эсэх нь тун бүрхэг байгаа гэнэ. Учир нь Ардын намынхан 2012 оны Орон нутгийн сонгуулийн өмнөхөн уг байрыг барьцаанд тавьчихсан байжээ. Тодруулбал, “Алтжин” группийн эзэн Г.Алтан хатагтайгаас 1 000 000 /нэг сая/ ам.доллар хүүтэй зээлээд, Нийслэлийн МАН байсан дээрх байрыг барьцаанд нь тавьчихаад байгаа аж. Үүнээс болоод дээрх байрыг төрд шилжүүлэх ажиллагаа нам зогсчихоод МАН, Батаарын музей гэсэн маргагч хоёр тал дээр нэмээд хуучны Лениний музейд Г.Алтан гэдэг шинэ эзэн гарч иржээ. Товчхондоо бол, Ардын нам Г.Алтан гэдэг хүний барьцаанд орчихоод байгаа аж… Ардын нам, Г.Алтан хоёр ямар гэрээ байгуулав?
Үргэлжлэл бий.
Х.ОЧИРСҮХ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: