Эрэгтэй, эмэгтэй нууц амрагуудын ялгаа
Эрэгтэй хүн полиграм шинжтэй бол эмэгтэй хүн монограм шинжтэй байдаг. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэдэг хоёр өөр ертөнц тул аливаа асуудалд, ялангуяа итгэл эвдэн байж, холбоо тогтоосон гэр бүлээс гадуурх харьцаанд нэг адил хандаж хэрхэвч болохгүй. Нууц амраг гэхээр л ижил санаа бодолтой, ижилхэн хүмүүс байдаг мэт ойлголт түгээмэл. Тэгвэл эрэгтэй, эмэгтэй хүйсийнхэн бүх талаараа эрс тэс ялгаатай байдгийг доорх жишээнээс харж болно.
Хөгшин үү, залуу юу?
Эрэгтэй хүнд залуу эмэгтэйчүүд илүү таалагддаг бол эмэгтэйчүүдэд ийм хандлага бараг үгүй. Эрчүүд яагаад өөрөөсөө дүү, бүр олон дахин дүү охид, бүсгүйчүүдийг сонирхоод байдгийн учир нь тэдний эр хүйсэнд байдаг аж. Эр хүйстнүүд бүгд өөрсдийгөө хэзээ ч хөгширч байна, хэн нэгэнд гологдох вий гэж айдаггүй. Тэд харин ч нас ахих тусам улам мэдлэг боловсролтой, амьдралын арга туршлагатай, мөнгө санхүү нь хараат бус, эрх мэдэлтэй, хүчирхэг болдог учраас ийм омог бардам, айж эмээлгүй амьдардаг. Бүхнийг захирч, эзэгнэж байх тэдний далд хүсэл нь нас ахих тусам ил болдгийн нэг жишээ энэ юм. Амьдралын туршлагаар олж авсан сексийн мэдлэгээ залуу, сайхан бүсгүйд үзүүлж, тэдэнд таашаал өгч, сексдээ сайн, мундаг гэдгээ мэдрэх хүсэл ч тэдэнд нуугдаж буй. Харин эмэгтэйчүүд учраа мэдэхгүй жаахан банди нарыг бус үеийнхээ юм уу, нас тогтсон залуусыг сонирхдог. Эмэгтэй хүн хэн нэгэнд эрхэлж, тэдний хайр халамжинд байхыг хүсдэг. Тиймээс амьдрал мэдэх, аливаад ухаалаг хандах, хамгийн гол нь ноён нуруутай сайхан эрийг сэтгэлдээ мөрөөдөж явдаг. Тиймээс хэр барагтай өөрөөсөө дүү банди нартай орооцолдохгүй. Хайр халамж байгаа цагт эмэгтэй хүн уяран хайлж, дасан дурладаг.
Бие үү, сэтгэл үү?
Нууц амрагийн явдлыг эрэгтэй хүн их төлөв физиологийн хувьд ойлгож хүлээж авдаг бол эмэгтэй хүн сэтгэл санааны хувьд ойлгож, тусган авдаг. Сайхны өмнө харц буруугүй гэдэг үгээр эрчүүд өөрсдийнхөө хүүхэмсэг занг хаацайлдаг. Эрчүүд өөрсдөө эхэлж эмэгтэй хүнийг өдөж, гэр бүлээс гадуурх харилцаанд татан оруулчихаад эцэст нь ямар ч шаналангүй бие сэтгэлээ татан авдаг нь тэдний гайхалтай авьяас. Тэд нууц амрагийн явдлыг зүгээр л бие физиологийн хэрэгцээ мэт үздэг. Тиймээс тэд дурлаж догдолж, араас нь гүйж, аргандаа оруулчихаад нэг их удалгүй тэр эмэгтэйгээсээ уйдаж, орхин оддог нь гэм биш зан. Тэдний түр зуурын сэтгэл хөдлөл, зугаа цэнгэл л нууц амрагтай болох хүслийг өдөөдөг. Эрчүүд нууц амрагийнхаа өмнө үүрэг, хариуцлага хүлээж чаддаггүй хэрнээ өөрт нь бухнийг зориулахыг шаарддаг. Эмэгтэй хүнийг өөрт нь бие, сэтгэлээ зориулаад бүхнийг орхин өөрийг нь сонгох тэр цагт харин эрчүүд эргэж буцдаг. Тэдэнд амлалт, хайр дурлалаа сонгох зориг зүрх байдаггүй. Тэгвэл эмэгтэй хүн нууц амрагийн асуудалд зүрх сэтгэлээсээ ханддаг. Хэдий тэд эхэндээ айж, дургүйлхдэг ч амьдралын олон тойрогт эрэгтэй хүний энхрийлэл, хайр халамжийн өмнө өвдөг нугалдаг. Нэгэнт л эр нөхрөө хууран байж өөр хүний өвөрт орсон л бол тэд энэ харилцаанд өндөр ач холбогдол өгдөг. Эмэгтэйчүүд нэгэнт л сонголтоо хийж нууц амрагийн тойрогт орсон л бол энэ харилцааныхаа төлөө бүх эрсдлийг хүлээхэд бэлэн байдаг. Тэдний хувьд нууц амраг гэдэг нууцаар учраад орхиод явах жирийн харилцаа биш аж. Тиймээс хүний эхнэрийг нууц амрагаа болгохоор шийдсэн бол түүний өмнө хүлээх үүрэг хариуцлагаа өндөр ухамсарлах нь эрчүүдийн үүрэг юм.
Мартах уу, санах уу?
Эрэгтэй хүн тохиолдлын хавьтлыг эхнэрээ араар нь тавьж байна гэж боддоггүй байхад эмэгтэй хүн нэгэнт өөр амрагтай болсон бол бие төдийгүй сэтгэл зүрхээ өгсөн байдаг. Хүний амьдралд тохиолдлын харьцаа бишгүй л байдаг. Үүнд бас л эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр өөрөөр ханддаг байх юм. Эрчүүд санамсаргүй үед тохиолдлоор хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орчихоод эхнэрээ хуурсан гэж хэзээ ч боддоггүй байна. Учир нь тэд зүгээр л эрэгчин зангаараа гэнэтийн учралд орсон гэж өөрсдийгөө өмөөрдөг аж. Эрчүүд үүнийгээ бодож, зовж шанална гэж үгүй. Харин ч бяцхан жаргал амсчихаад додигор алхах вий. Эмэгтэй хүний хувьд нөхрөөсөө өөр хүнд өврөө нээнэ гэдэг сэтгэлээ нээсэнтэй ялгаагүй байдаг. Тэд аливаа учрал, холбоо сүлбээг зөвхөн сэтгэлийн торгон мэдрэмжээрээ хүлээж авдаг учраас бие махбодиос илүү сэтгэл санаа нь хямардаг. Ер нь эмэгтэй хүн өөрийн хүссэн, хайрладаг хүндээ л өврөө нээдэг болохоор гэнэтийн учралд ч сэтгэл зүрхээ зориулж шаналах нь элбэг. Тиймээс хайр дурлал, ор хөнжлийн асуудалд эрчүүд илүү мэдрэмжтэй, ухаалаг хандаж чадвал олон эмэгтэйчүүдэд зовлон шаналал биш, аз жаргал бэлэглэх болно. Амьдрал баялаг, аугаа хайр хэнийг ч ялгалгүй үргэлж аз жаргал авчирдаг юм шүү.
URL: