Ц.Баасандорж: АТГ шинжээчийг дарамталж байгаад өөрсдийнхөө дүгнэлтэн дээр гарын үсэг зуруулсан

9-15-16Ерөнхий сайдын ахлах зевлөх Л.Гансүхийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад албан тушаалаа ашиглан улсад 3.6 тэрбум тегрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа. Түүний өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр зарим зүйлийг тодрууллаа.

- Та Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтийг хууль бус  гэж үзэж байгаа гэсэн үг үү?

-Үндэсний аудитын газрын Ичинхорлоо гэдэг шинжээч хоёр компанийн хоорондоо  гэрээгээр зохицуулсан зүйл дээр хууль бус дүгнэлт гаргасан. Үндэсний аудитын газар бол төсвөөс санхүүждэг байгууллагын санхүүд шалгалт хийж зөвлөмж, дүгнэлт гаргуулдаг байгууллага болохоос биш хоёр хуулийн этгээдийн хоорондын зүйл дээр дүгнэлт гаргах эрх байхгүй. Ичинхорлоо гэдэг шинжээч хуулийн этгээдүүд 27500 төгрөг гэж тохироод тооцоо хийсэн байхад 39000 болгож хөндлөнгөөс хууль бус дүгнэлт гаргасан. Мөн нүүрсийг гэрээнд шуудайлснаар тооцоо хийнэ гэж заасан байхад вагоноор ачуулсан жингээр бодно гэсэн дүгнэлт гаргаж дундаас нь олон тэрбум төгрөгийн зөрүү гаргаж ирээд байна.

-Та Ичинхорлоо гэдэг шинжээчтэй уулзаж хууль бус дүгнэлтийн талаар асуусан уу?

-Би Ичинхорлоо гэдэг шинжээчтэй очиж уулзсан. Тэгэхэд Ичинхорлоо надад АТГ өөрийнхөө дотоодын нягтлан бодогчоор хууль бус дүгнэлт гаргуулчихаад намайг тусгай өрөөнд суулгаж байгаад гарын үсэг зурахгүй бол хариуцлага тооцно гэж дарамталж байгаад гарын үсэг зуруулсан гэж хэлсэн. АТГ дотооддоо татварын газар ажиллаж байсан мэргэшсэн нягтлан бодогч ажиллуулдаг юм билээ. Тэгэхээр шинжээч нарыг сүрдүүлдэг ийм хууль бус үйлдлээс болж олон хүн хохирч, хэлмэгдэж байна.

-Шинжээчдийг цагдаагийн газар шалгуулж байгаа юу?

-Миний өмнө  40 гаруй гомдол гаргасан бичиг байна. Хууль бус дүгнэлт гаргасан Ичинхорлоо болон “Оюун-Эрдэм” аудитын компанийг Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар шалгуулж байгаа. Шалгалт сайн явахгүй байна. Ер нь АТГ-ын эсрэг үнэний төлөө хөдөлдөг газар манай улсад ганц ч алга. Бүгд АТГ-аас хараат байна.

-Хэрэг ямар шатандаа явж байна вэ?

-Мөрдөн байцаалтын шатанд байна. Сарын хугацаанд миний үйлчлүүлэгч Л.Гансүхээс ганц ч мэдүүлэг аваагүй. Мөн манай үйлчлүүлэгчийн аав ээжийг  нь өмгөөлөгчөө соль гэж байнга ятгаж байгаа гэсэн. АТГ шиг хүний амьдралаар тоглож байдаг ийм ултөржсөн байгууллага хаана ч алга.

 

С.Уянга /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих