Найз бүсгүйгээ ухаан алдсан байхад нь уурхайн цооногт хийж булсан байжээ
Аймшигт хэргүүд өдөр дараалан үйлдэгдсэн түгшүүртэй нийгэмд бид амьдарч байна. Хүний санаанд багтамгүй харгис аргаар үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийг амьдралд дөнгөж хөл тавих гэж байгаа залуус үйлддэг гээд бодохоор бүүр ч аймшигтай.
Өнгөрсөн пүрэв гарагт Налайх дүүрэгт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Хохирогч нь 19 хөн настай бүсгүй. Харин хэргийг үйлдэгч нь түүний найз залуу гэх 22 настай Б.Бат-Өлзий гэгч.
Болсон хэргийн талаар товч өгүүлье.
Налайх дүүргийн харьяат 19 настай, эмэгтэй С энэ сарын 7-ноос хойш гэртээ ирээгүй байна. Ар гэрийхэн нь охиндоо санаа зовниж, Цагдаагийн байгууллагад мэдэгджээ.
Иргэдээс ирсэн өргөдлийн дагуу цагдаагийн алба хаагчид С-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. С-ийг сураггүй алга болоход ар гэрийнхэн нь өмнө хамт амьдарч байсан Б.Бат-Өлзийг сэжиглэж байгаа талаараа өргөдөлдөө дурдсан байж. Тийм учраас цагдаагийнхэн Налайх дүүргийн IV хороонд оршин суух 22 настай Б.Бат-Өлзийг шалгаж эхэлжээ. Сэжигтэн Б.Бат-Өлзий анхны мэдүүлэгтээ хохирогч С-тэй удаан хугацаанд уулзаагүй, мэдэхгүй гэжээ.
Харин цагдаа нар талийгаач С-ийн гар утсыг олоход хамгийн сүүлд Б.Бат-Өлзийтэй ярьсан нь тогтоогдсон байна. Тийм учраас сэжигтэн Б.Бат-Өлзий цагдан хорьж дахин мэдүүлэг авахад “С энэ сарын 7-ны өдөр Улаанбаатараас Налайх дахь гэр рүүгээ очихоор ирэхэд нь бид хоёр уулзсан. Тэгсэн С “Дахиж надтай уулзах хэрэггүй. Налайх дүүрэгт цагдаагийн хэлтэст ажилладаг найз залуутай болсон. Миний амьдралд дахиж битгий гай болоорой” гэж хэлэхээр нь уур хүрээд хоолойг нь боочихсон. Тэгээд ухаан алдчихаар нь эргээд сэргээх гэсэн сэрэхгүй, амьсгалахгүй болохоор нь айгаад урагшаа нүүрсний уурхай руу аваачаад хийчихсэн” гэжээ.
Иймд сэжигтэний хэлсэн мэдээллийн дагуу Налайх дахь нүүрсний уурхайн захиргаа байсан байрны балгасаас зүүн урагш зүгт, хүний хөлөөс нэлээд зайдуу байх 4-5 метрийн гүн нүхэнд очиж талийгаачийн цогцсыг гаргаж авсан байна. Ингээд Шүүх эмнэлгийн задлан хийхэд талийгаач боолгож биш, осгож амиа алдсан гэсэн дүгнэлт гарчээ. Тэгэхээр талийгаач С нь сэжигтэн Б.Бат-Өлзийд боолгуулахдаа ухаан алдсан байж. Энэ үед нь түүнийг үхчихлээ гэж одоод нүхэнд аваачин булсан байсан бололтой.
Сэжигтэн Б.Бат-Өлзийг ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид саатуулан хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.
М.Нандин
uls.mn
URL: