Мьянмарт хичээл зааж байгаа Сингапурын профессорууд “Танай улс Монгол шиг болж болохгүй шүү” хэмээн сануулжээ

fa596d5ca1f8bec2bigЭх орон минь дэлхийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын сурах бичигт муухайгаар бичигдэж эхэлжээ.
Саяхан Африк тивийн Замбабве улсынхан эдийн засгаа унагасан сайд нараа “Монгол руу цөлнө шүү” гэж айлгадаг болсон талаар allafrica.com сайт мэдээлсэн тухай баахан шуугив. Энэ мэдээллийг ГХЯ-нд ажилладаг боловсролтой залуус инээд наргиан болгон анх цахим хуудаснаа шэйрлэж үлдээсэн юм. Засаглалын дэглэм, эдийн засгийн сүйрэл хоёроороо дэлхийн чихийг халууцуулж ядуурсан орныхон манай улсын талаар ингэж хэлнэ гэдэг бид хэн болсныг харуулаад байгаа юм л даа. Тэднийг Африкийн харууд, ядуучууд гэж зүхэхээсээ илүү бид өөрсдийгөө тэдний толинд хармаар байна.

Бас өнгөрсөн хавар Монголын нэгэн сайдыг дэлхийн санхүүгийн төв хэвлэл болох Financial Times “dickhead” гэж бичсэн тухай ч бид багагүй шуугисан. Тэглээ гээд гадаад харилцаа, гадаад ертөнцтэй харилцах сурталчилгаа дээрээ анхаарч байгаа юм алга. Монголын хамгийн чухал салбарын сайдыг гадны хөрөнгө оруулагчид “усан тэнэг, махан толгой” гэж орчуулж уншихаар манайд хөрөнгө оруулах нь эргэлзээтэй. Яагаад гэвэл тэр сайдаар нь л манай уул уурхайн салбарыг төсөөлж ойлгоно шүү дээ.

Хамгийн сүүлд Мьянмарт хичээл зааж байгаа Сингапурын эдийн засгийн нэртэй профессорууд “Танай улс Монгол шиг болж болохгүй шүү. Монголын зам бол дампуурлын зам” гэж ил тод зарлаж байгаа сураг гарлаа. Ийм яриа ч эртнээс учир мэдэх гадаад харилцаа сайтай хүмүүсийн амнаас ам дамжин яригдах болсон. Энэ яриа үнэн болохыг Ерөнхий сайд асан М.Энхсайхан батлаад өглөө. Тэрээр хэвлэлд яриа өгөхдөө “Шинэ тутам ардчилагдаж байгаа Мьямарт зах зээлийн эдийн засгийн хичээл зааж байгаа Синга багш нар “Монгол шиг байж болохгүй шүү” гэж байна гэсэн. Бид ч дэлхийн сурах бичигт муу үлгэр загвар болсон байна” гэж учирлан хөрөнгө оруулалтын орчиноо сайжруулж, итгэлээ нэмэх ёстойг өөрсдийнхөндөө сануулсан юм.

Ер нь манай улс гадаад сурталчилгаа, гадагшаа харагдах байдал дээрээ эргэлтийн бодлого явуулахгүй бол байдал нэг л биш болоод байна. Дэлхий биднээс нэг л дөлдөг болчихлоо. Дэлхий биднийг нэг л таагүй хардаг болчихлоо. Бид ч дотоод хэрүүлдээ улайраад гадагшаа харах цонхоо арчихгүй байна. Энэ хирээрээ бид бусдад буруугаар ойлгогдох боллоо. Үүнийг нь дагаад хөрөнгө оруулалт наашлахаа болив. Гадныхан итгэлийн гараа ч сунгахаа байв. Бид энэ байдлаасаа яаж гарах ёстой талаар бодлогоо уралдуулмаар болчихжээ.


URL:

Сэтгэгдэл бичих