Газар тариалангийн галын шугам дээр

тариаБид газар тариалан­гийн галын шугам дээр очоод ирлээ. Очих очихдоо Монголынхоо газар тариалангийн гол нутаг Сэлэнгэ аймгийн зарим аж ахуйн намрын ажил ид өрнөсөн үеийг тааруулсан юм. Сэлэнгийн намрыг долгиотсон шаргал тариагаар нь, тариаланчдын бахдам хөдөлмөрч чанараар нь, тэдний намтар баян уламжлалаар төсөөлдөг билээ.

Бидний мэдэхээр тус аймгийн баруун бүс нутгийг нь эзлэсэн хэдэн том сангийн аж ахуй байв даа. Найрамдал, Зэлтэр, Бургалтай гээд. Тэр “их айл”-уудын ургацын талбай нь хээрээр хаяа нийлж эзэд нь уулын хэц дээр уулзаж ажил төрлөө ярьж арга туршлагаа солилцсон нэгэн үе байсийм.

Тэр дотроос өнөөгийн Цагааннуур сумын Товхонхан гэдэг том аж ахуй өсч байжсон байдаг. Арван хэдэн жилийн өмнө дөө. Эднийх 12 мянга илүү га эргэлтийн талбайтай байсан бол хоёр ч бүл аж ахуйг бие даалган гаргаснаар одоо 4000 гаруй га эдлэн газартай ажиллаж байна.

Нуурын хөндий гэж үр шим нь эхийн сүү мэт ундаргатай газар шүү дээ гэж тариаланчид ярьж байна.

Товхонхан, Чандагатай хайрхан, Бүрэнгийн нуруугаар хашлагатай тэр хөндий үнэхээр үр тарианд бурхнаас өгөгдсөн хишиг гэлтэй. Уулс нь алслан цэнхэртсэн уужимхан тэр хөндий тэр чигээрээ тариан талбай юм. Яруу найрагч Ш.Гүрбазарын шүлэгт зүйрлэснээр дэлгэсэн тэрлэг шиг гэж хэлэм.

Тэр хөндийн яг голд эх байгалийн нүд болсон цэлгэр усан. Тэр бол Цагааннуур. Энэ нуур ямар ч цагт газар нутгаа дэвтээж байдаг амин булаг юм шүү гэж нутгийн ахмадууд шүтдэг аж.

Сүрлэг уулсын савслагаас ундардаг Оргих булагийн хөндийн эхэнд Товхонхан компанийн үр тарианы бригадын бэсрэг сууринд хүрлээ. Тэнд өнөөдөр техник нүргэлж, амуу тариа шаргиж байна. Үтрэмд буусан тариаг хэдэн үеэр нуруулджээ. Будаанаас нар, намар хоёр үнэртэх.

Бид хаа нэг газар очоод дарга, захирлыг сурагладаг. Энэ бол хууч болж. Тэгвэл ажлаа мэддэг аж ахуйн хувьд энэ компанийн хүн бүр “нэвтэрхий толь” юмаа. Бригадын дарга нь гэж хээрийн салхи үнэртүүлсэн бор эр. Зөөлхөн яриатай ч зөвийг хэлдэг нэгэн байлаа.

Товхонханыхан 4150 га эргэлтийн талбайтай, түүнийхээ 2095 га-д улаанбуудай, 200 га-д рапс тариалжээ. 800 гаруй га-д уринш хийсэн гэж байна.

Болц нь гүйцсэн болохоор ургац хураалтаа өмнөх жилүүдээс 8-9 хоногийн наана эхлүүлж. Цаг агаар сайхан байвал энэ сарын 25 гэхэд намрын ажлаа дуусгачихна. Будааны чанар сайн, цавуулаг ихтэй. Өнөөдрийн байдлаар 1075 тонн будаа хурааснаа ачуулчихсан. Нийт талбайнхаа 60 хувьд ангилан хадалт хийжээ. Энэ бүхнийг Т.Төмөр даргын ярианаас мэдсээн.

Эднийд удаан жилийн зузаан туршлагатай тариа­ланч олон юм. Тэдний нэг компанийн агрономич М.Тэрбиш ярьж байна.

-Би мэргэжлээрээ энэ нутагт 35 жил ажиллаж байна даа. Энэ тариан талбайн дахь их нүргээн, буцалсан хөдөлмөрт үнэхээр ижил дасал болжээ. Тариаланч бид ургац хураалтын үед тариагаа хараад сэтгэл огшиж унтах, идэхээ ч бараг мартдаг. Одоо яг л тийм үе болчихоод байна. Цаг, цаг агаар хоёр бидний өрсөлдөгч гэлээ.

-Агрономич хүний гол ажил юу вэ? гэхэд

-Хэдий хэрийн ургац авах вэ гэдэг агрономичоос шалтгаалдаг юм даа. Уриншаа яаж хийв, тариалалтаа технологийн дагуу гүйцэтгэв үү гэдэг надад тавих асуулт гэж ойлгодог. Бас үрийн чанарт онцгой анхаарах үүрэг бий. Манайх Астана гэдэг сайн сорттой байсан. Тэгвэл энэ жил “Алтай-50” гэдэг сортын үр сонгосон. Мөн Сэлэнгэ сортыг элит үрээр авч хэрэглэсэн. Тэр бүхнийхээ үр шимийг одоо харж байна. Ургац тогтоолтоор га-гаас 18 центнер будаа авахаар байсан бол одоо га-гаас 25 хүргэж авч байна. Бас ТЭДС-гийнхан будаагаа ирээд авчихдаг. Тээврийн зардал гэж тариаланчдад зовох юм алга гэх.

Харин газар тариа­лан­гийн бүх аж ахуйд ийм байгаа юу гэвэл тийм биш юм байна. Тий­­мээс л үр тариатай хол­боотой байгууллагууд тухайлбал, Монголын тариаланчдын холбоо, Тариалан эрхлэлтийг дэмжих сан мөн Газар тариалан эрхлэгчдийн хол­­бооныхон өөр өөрийг ярьж будааны үнэ дээр бөөн хэрүүл байдаг. Яам­ны­­хан бас нэгийг хэлнэ. Та­риаланчид хөдөл­мөрөө зөв үнэлүүлэхийг хичээнэ. Ёстой л гурвал­жин дөр­вөл­­жин юм болсоор байгаа.

Эдгээр газруудын төлөөллийн үг яриаг сонсоход учир их байнаа. Харъяа яамныхан ТЭДС-гийн нөхдийн хэлж байгаа үнийн санал яг хөдөлгөөнгүй байх нь зөв үү гэдэгтэй тариаланчид санал нийлдэггүй нь ч буруу биш юм шиг.

Яагаад гэхээр аж ахуй бүр сангийн дэмжлэг хүртдэг биш. Өөр өөр хүчин чадалтай техниктэй ажиллаж, түлш шатахуун, үр бордоо бүх л юмыг өөрийнхөө зардлаар авдаг байх юм. Тэгэхээр аж ахуй бүрийн будаа тарианы өөрийн өртөг янз бүр байж таарна. Жирийн тариаланчид хэлж байна л даа. Бид будааныхаа үнийг үндэслэлгүй өсгөөд байгаа юм биш. Бүтэн хоёр жилийн хөлс, хүч хөдөлмөрийн үр шим маань энэ намар авч байгаа тариа шүү дээ гэж.

Басхүү яамны зүгээс мэдэгдэхдээ хэрэв тогтоосон үнээр тариагаа гурилын үйлдвэрүүдэд өгөхгүй бол гаднаас будаа импортоор авна гэж айлгасан нь тариаланчдаа дарамталсан хэрэг гэж ярьж байхыг сонслоо.

Уг нь дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого байх учиртай. Энэ нь зөвхөн яамных биш төр, засгийн бодлогын чиг шугам байдаг гэж ойлгогддогсон доо.

Хэрэв ҮХАА-н Яамнаас санал болго­сон үнээр будаагаа тушаагаа­гүй аж ахуйн нэгжид урам­шуулал өгөх­гүй ч гэх шиг. Энэ мэт үл ойлголцлын учир шалтгааны тайлалыг дараагийнхаа сурвалжлагадаа үлдээе.

Сүүлийн 15 жил уналтад ороод байсан га­зар тариалангаа “Атрын аян-аар сэргээж ав­саан. Тэгвэл одоо үйлд­вэр­лэгчдийнхээ дундах сөр­гөлдөөнийг эв зүйгээр зохи­­цуу­лахгүй бол олж ав­сан эрчмээ дахиад алдаж мэдэх магадгүй нь ээ.

Газар тариалангийн зөв бодлого үгүйлэгдэж байна биш үү.

 

 

Д.ЦЭРЭННАДМИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих