Хэн юу хэлэв
Д .Эрдэнэбат: Холын замд бие биедээ хань болж чадахгүй юм бол хаа ч хүрч чадахгүй
-УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат даваа гарагт улс төрийн сэдвээр нэлээд анхаарал татсан ярилцлагыг өдөр тутмын томоохон сонинд өгсөн юм. АН-ын бүлгийн даргын байр суурь бол намын бүлгийн байр суурь гэж ойлгож болно. Учир нь намын бүлгийн дарга улс төрийн мэдэгдэлдээ “Шинэчлэлийн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийх байр суурь хэвээрээ байгаа” хэмээсэн нь цаг үеэ олсон юм. Учир нь түүний мэдэгдлийн дараахан Н.Алтанхуяг сайд танхимдаа өөрчлөлт оруулна гэдгээ мэдэгдсэн нь энэ асуудлаар АН-ын бүлэг нэгдсэн байр суурьт хүрсэн гэдгийг харуулсан билээ. Мөн АН-ын тулгын гурван чулуу болсон төрийн өндөрлөгүүд нэгдэж чадвал ямар их зүйл хийж болохыг хоёр хөршийн Ерөнхийлөгчийн айлчлал харууллаа хэмээсэн нь онцлох сэдвийн нэг боллоо. Тэрбээр, “Хоёр хөршийн айлчлал Монгол Улсын худалдаа, эдийн засгийн бодлогод түүхэн эргэлт хийх боломж олголоо. Ялангуяа хөрш орнууд Монгол Улсыг тусгаар тогтносон итгэлт түнш гэдгийг нотолсон нь онцгой ач холбогдолтой. Энэхүү айлчлалыг зохион байгуулж, үр дүнд хүргэхэд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвын нэгдмэл ажиллагаа онцгой байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Монголын ард түмэн нийтээрээ айлчлалд сэтгэл тавьж, улс орноо гэсэн сэтгэлээр хандсан нь хүн бүрийн эх орноо гэсэн сэтгэлийн илэрхийлэл байлаа. Засгийн газрууд бэлтгэл ажлыг хангахад сайн ажилласан гэж хоёр хөршийн төрийн тэргүүнүүд онцолж байсныг хэлэх нь зүйтэй” гэсэн юм. УИ Х-ын гишүүн З.Энхболд Ерөнхий сайд болох нь Х.Баттулга гишүүн Ерөнхийлөгчид нэр дэвших нь, Ж.Батзандан намтайгаа дайн зарлалаа гэх мэтээр АН-ын гишүүдийг тойрсон олон асуудал яригддаг. Энэ бүхний дараа АН-ын дотоод тэмцэл туйлдаа хүрчээ гэх дүгнэлтийг хийхэд хүргэдэг. Харин Д.Эрдэнэбат дарга “Хэвлэлээр шуугисан болгоныг асуудал болгох сонирхол үнэндээ алга. Орон гэрээ нураагаад айлын хэлэвхатавчинд амьдрах хүсэл хэнд байх вэ дээ. Манайхан цуглаж л байдаг, ярьцгааж л байдаг. Холын замд бие биедээ хань болж чадахгүй юм бол хаа ч хүрч чадахгүй” гэсэн гуравхан өгүүлбэрээр хариу өгсөн юм.
Н.Алтанхуяг: “Ордны хуйвалдаан”-аас илүү олон нийтийн санаа бодолд тулгуурлаж ажиллана
-Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайдын хийсэн мэдэгдэл онцлох үйл явдлын нэг байлаа. Тодруулбал, Гүйцэтгэх засаглалын тэргүүн Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулах, өнгөрөгч хоёр жилийнхээ ажлыг ард түмэндээ тайлагнасан нь улс төрийн хүрээнд анхаарал татсан асуудлын нэг байсан юм. Түүний үг улс төр судлаачдаас нэлээд өндөр үнэлгээ аваад байгаа билээ. Алдаа оноогоо ч ухаарч, амжилтаа ч цөөхөн хэдэн үгээр тодорхойлсон Н.Алтанхуяг сайдын үгнээс онцлох хэсэг нь хоёр жилийн шалтгаангүй улстөржилт, Засгийн газрын данхагар бүтцийн асуудал байв. Тэрбээр, “Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулагчдаа үргээж, хайгуулын үйл ажиллагааг царцааж, 106 лицензийг шүүхээр цуцалж, Оюу толгойг тойрсон эрүүл бус улс төржилт, Таван толгой төслийг гацаасан үйл явдлын өрнөлт, улс төрчдийн хариуцлагагүй мэдэгдлүүд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг барьсан, хорьсон тухай мэдээ… Энэ бүхнийхээ төлөөсийг бид өнөөдөр өөрсдийн хармаанд байгаа монгол төгрөгөөрөө, эдийн засгийн өсөлтийн аажмаар буурч байгаа үр дүнгээр төлсөөр сууна. Одоо хоосон улс төрөө хойш тавьж, ултай суурьтай асуудлаа шийдэх цаг болжээ. Гадна дотны олон хөрөнгө оруулагчид манай хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин шинэ хуулиудаа даган эрс сайжирсныг үнэлж байна. Гагцхүү Оюу толгой, Таван толгой төслүүдийн гацаатай байдал Монгол руу орж ирэх хөрөнгө оруулалтын гол түгжээ нь болоод байна. Албан тушаал тойрсон улс төрөөс асуудал шийдсэн улс төрд шилжиж ажиллахыг хүсч байна. “Ордны хуйвалдаан”-аас илүү олон нийтийн санаа бодолд тулгуурлаж ажиллахыг санал болгож байна” хэмээсэн нь фракцийн зөрчлөөс болж Засгийн газрыг үймүүлэх бодол агуулж байгаа намынхаа фракциудад, үргэлж улстөржиж, амжилтыг нь аль муухайгаар харуулахыг оролдох Ардын намд хатуухан мессэж хүргэсэн юм. Гэхдээ энэ үгээрээ хариуцлагаас мултрах гэж оролдоогүй бөгөөд танхимын бүтцийг өөрчлөх асуудлыг УИХ-д оруулж ирнэ хэмээсэн юм.
М.Энхболд: Засгийн газар “гэрийн даалгавар”-аа туйлын хангалтгүй биелүүллээ
-Зуны гурван сарын турш нам гүмхэн байсан МАН-ын гишүүд хөдөлгөөнд орж эхэллээ. Тэд өнгөрөгч долоо хоногт “ЭЗЭН-100” хөтөлбөрийн талаар дүгнэлт гаргаснаа танилцуулсан бөгөөд АН-ын бүлгийн даргад амлалт сануулах шаардах бичиг хүргүүлээд амжсан юм. Тэдний хувьд 100 хоногт юу амжуулсан, энэ хугацаанд Засгийн газар ямар факт тарьсныг нэг бүрчлэн цуглуулж хүснэгтлэн олон нийтэд тараав. Түүний дараа, намын дарга М.Энхболд хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэсэн ярилцлага өгчээ. М.Энхболд дарга ярихдаа “УИ Х-аас 2014 оны тавдугаар сарын 8-ны өдөр “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгд үүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол баталж, уг тогтоолоор Засгийн газар 100 хоногийн хугацаанд эдийн засгаа сайжруулах арга хэмжээ авах үүрэг хүлээсэн. Энэ хугацаанд эдийн засаг эрчимжиж, сэргэсэнг үүгээр барахгүй макро эдийн засгийн голлох үзүүлэлт үүд улам бүр буурчээ. “ЭЗЭН- 100” хөтөлбөрийн хүрээнд Шинэчлэлийн Засгийн газар нийт 70 чиглэлийн ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс, зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлээгүй гэсэн дүн гарсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар “гэрийн даалгавар”- аа туйлын хангалтгүй биелүүллээ” гэв. Тодруулбал, 100 хоногт үр дүн гарах нь битгий хэл харин ч муудсан гэж үзсэн учраас Засгийн газартай одоо хариуцлагын асуудал ярих ёстой гэж үзжээ.
Ч.Сайханбилэг: АН бол сүүдрээ нуудаггүй нам
-Засгийн газрын гал тогооны ажилтай зууралдах болсноос хойш хаалттай хүн болж хувирсан Ч.Сайханбилэг дарга нийгэм эдийн засаг, танхимын халаа сэлгээ, намын дотоод зөрчил, 100 хоног, хоёр хөршийн тэргүүний айлчлал гээд бүх сэдвийг хамран дуугарав. АН-ын хамгийн сайн шүүмжлэгч гишүүдийн нэг нь ийнхүү дуугаа хураасан нь олон нийтэд сонирхолтой байсан. Хэвлэлээс хөндийхөн байсан шалтгаанаа Ч.Сайханбилэг сайд завгүй гал тогооны ажилтай холбон тайлбарлажээ. Түүнчлэн танхимын халаа сэлгээг Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хийх учраас энэ талаар ярихад эрт байна хэмээлээ. Түүний ярилцлагаас анхаарал татсан хэсэг нь хоёр хөрштэйгээ харилцах, эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц дэвшлийн асуудал байсан бөгөөд далайд гарах гарцаа олж чадсанаар дан ганц хоёр хөрш гэхгүй гуравдагч орнуудтай харилцах боломж бүрдлээ гэсэн юм. Мөн намын дотоод зөрчлийн асуудлаар Ч.Сайханбилэг сайд “ҮЗХ-нд 220 гишүүн бий. Тэд цөм өөр өөрийн бодолтой. Нэгийнх нь сэтгэгдэл хэвлэлд гарахаар АН дотроо маргаантай байгаа юм шиг харагддаг байх. Гэхдээ бид бодлогын асуудал дээр нэг цул болж чаддаг. Өнөөдрийг хүртэл бүх санал хураалтад нэг байр суурьтай, зангидсан гар шиг саналаа өгч бодлогоо тодорхойлсоор ирлээ. Цаашдаа ч энэ байдлаараа явна. АН бол сүүдрээ нуудаггүй нам. Тийм учраас жирийн нэг гишүүн даргаа шүүмжлэх нь ердийн үзэгдэл. Бусад намд ийм үзэгдэл хэр элбэг билээ гэдгийг та бүхэн мэдэж байгаа шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Б.Өнөртогтох
Монголын мэдээ
URL: