Асуудал Говьсүмбэр аймгийн Засаг даргын томилгоо тойрсон гомдол шүүх, цаашлаад Авлигатай тэмцэх газар хүрэх нь
Иргэн М.Төрбат Сум дундын зургадугаар шүүхийн Ерөнхий шүүгч О.Однямаагийн мэргэжлийн ёс зүйн байдлын тухай гомдлыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хороонд гаргажээ.
Тэрбээр шүүгч О.Однямааг өргөсөн тангараг, мэргэжлийн ёс зүйгээ умартан албан тушаалтны нөлөөнд автан илт хууль бус шийдвэр гаргасан гэж үзсэн байна.
Иргэн М.Төрбат Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Л.Одсэрийг томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамж нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулах агуулгатай мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлж, Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн хуралдаанд бэлтгэжээ.
Гэтэл энэ хугацаанд Л.Одсэр өөрийн ажилласан жилийг тогтоолгох буюу 1990-1994 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд суралцан командын офицер мэргэжил эзэмшсэн дөрвөн жилийн хугацааг төрийн албанд ажилласанд тооцуулах тухай хүсэлтийг Сум дундын шүүхэд гаргажээ.
Уг хүсэлтийг Ерөнхий шүүгч О.Однямаа өөрөө хянаж Л.Одсэрийн 1990-1994 онд Цэргийн ээгдсэн дээд сургуульд суралцан командын офицер мэргэжил эзэмшсэн дөрвөн жилийн хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцох шийдвэр гаргажээ.
Гэтэл үүнээс өмнө Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын офицер, ахлагч…” гэж зааснаас үзэхэд офицер, ахлагчаар ажилласан үеэс төрийн албанд ажилласанд тооцогдох зохицуулалттай.
Иймд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг артиллер, командын офицер, математикийн багш мэргэжлээр суралцсан дөрвөн жил нь төрийн албанд ажилласан хугацаанд тооцогдохгүй, улсад ажилласан хугацаанд оруулан тооцно” гэсэн дүгнэлт гарч байж.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д “Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ”, мөн тус хуулийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэж хоёрдмол утгагүйгээр тодорхойлсон байдаг ба үүнийг Монгол Улсын аливаа байгууллага, албан тушаалтнууд өөрсдийн шийдвэр үйл ажиллагаандаа хэдийнээ хэвшүүлж мөрдсөөр иржээ.
Иргэн М.Төрбат гомдолдоо “Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт болон Төрийн албаны тухай хуулийн тодорхойлолт, заалтаас харахад цэргийн сургуулийн сонсогчийг төрийн тусгай албан тушаалд хамааруулах хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Шүүгч О.Однямаа энэхүү захирамжийнхаа хууль зүйн үндэслэлийг буюу Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа чухам ямар хууль, эрх зүйн актыг хэрхэн хэрэглэж үндэслэсэн гэдгээ огт бичээгүй ба ингэж бичих хуулийн үндэслэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад ч байхгүй байна.
Цэргийн сургуульд суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцох, тооцохгүй талаар шийдвэр гаргахад тухайн шүүгчээс нарийн мэргэжлийн мэдлэг буюу санхүү, эдийн засгийн, гадаад хэлний, нарийн мэргэжлийн инженерийн мэдлэг, шинжээчийн дүгнэлт шаардагдах асуудал биш харин шүүгчээс мэргэжлийн ёс зүйн асуудал, бусдын нөлөөлөлд автах биш бие даан шийдвэр гаргах чадвар л шаардагдана гэж бодож байна.
Шүүгч О.Однямаа цэргийн сургуулийн сонсогчийн буюу төрийн өмчит их дээд сургуулийн оюутан, сонсогч бүрийн суралцсан хугацааг төрий албанд ажилласан хугацаанд тооцно гэсэн шийдвэрийг гаргаснаараа Монгол Улсад цоо шинэ жишгийг тогтоолоо.
Шүүгч О.Однямаагийн шүүхэд ажилласан хугацаа, эрхэлж байгаа албан тушаал зэргээс харахад ийм илт хууль зөрчсөн шийдвэр гаргах онолын болоод хууль хэрэглэх чадваргүй шүүгч гэж үзмээргүй” гэжээ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар шүүгчид хориглох зүйлд дараахь үйлдлийг заасан байдаг аж.
27.1.Шүүгчид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтаас гадна дараах зүйлийг хориглоно:
27.1.1.энэ хуульд заасан өөрийн бүрэн эрхээ урвуулан ашиглах;
27.1.7.шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон бусад иргэн, хуулийн этгээдээс шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, ямар нэгэн давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авах гэх мэтээр.
Тиймээс шүүгч О.Однямаа ингэж илтэд хууль зөрчсөн шийдвэр гаргасныг дээрх хуулийн заалтуудыг ямар нэгэн байдлаар зөрчсөн, шүүгчийн бүрэн эрхээ урвуулан ашигласан, албан тушаалтны нөлөөлөлд автаж авлига, ашиг сонирхлын зөрчилд автсан байх талтай гэх хардлагыг төрүүлж байгаа тул иргэн М.Төрбат энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандах гэнэ.
Мөн иргэн гомдолдоо “Хэрэв шүүгч О.Однямаа ёс зүйтэй шүүгч мөн бол албан тушаалтан буюу аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Л.Одсэрийн нөлөөнд автахгүйгээр хуулийг зөв хэрэглэж, хэнд ч ойлгомжтой хуульд нийцсэн шийдвэр гаргах байсан.
Шүүгч О.Однямаа нь хэдийгээр олон жил шүүгчээр ажилласан боловч илэрхий хууль зөрчсөн шийдвэр буюу “харыг цагаан” гэсэнтэй адил хачирхалтай шийдвэрийг улайм цайм гаргаж байгааг түүний ёс зүйтэй шууд холбож үзэхээс өөр аргагүй ба цаашид тус шүүхэд хандсан иргэд, аж ахуйн нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хувь заяатай холбоотой хэрэг маргааныг энэ мэтээр аль нэг талын нөлөөнд автан шийдээд сууж байгаа нь нэг талаар харамсалтай нөгөө талаар аймшигтай санагдаж байна.
О.Однямаагийн дээрх шийдвэр нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний шийдвэрт сөргөөр нөлөөлөх үндэслэл болж байгаа ба хэрэв Цэцийн гишүүн энэхүү хууль зөрчсөн захирамжийг үндэслэн шийдвэр гаргавал мөн иргэдээс Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа, мэдлэг чадварт итгэх итгэл алдрах болно” гэжээ.
Эндээс харвал Засаг дарга нарыг хууль бусаар томилсон гэх маргаан тасрахгүй байсаар сонгуультай золгох бололтой.
Г.Гэрэл
gereg.mn
URL: