Дэд сайд Э.Эрдэнэжамъян ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчөө
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ салбарын сайд Х.Тэмүүжинд өгсөн байна. Тэрээр хүсэлтдээ “Монгол Улсын Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян надад холбогдуулан АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Нийслэлийн прокуророоос Сүхбатар дүүргийн шүүхэд шилжүүлснийг Сүхбаатар дүүргийн шүүх 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хэлэлцэн шийдвэрлэсэн ба улс төрийн албан тушаал хаших эрхийг хоёр жилээр хасч, 8 сая 424 000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн билээ. Миний бие гэм буруугүй гэдэгтээ итгэл төгс байгаа бөгөөд үүнийг нотлох баримт хангалттай байсан хэдий ч давж заалдах шатны болон, хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.
Иймд миний бие цаашид Монгол Улсын Хууль зүйн дэд сайдын ажил, албан тушаалыг үргэлжлүүлэн хаших хууль зүйн болон, ёс суртахууны боломж үгүй тул өөрийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үүгээр уламжилж байна.
Энэ асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.
Хууль зүйн салбарт хийх ёстой шинэчлэл нь улс төрийн хувьд зөрчилтэй, хувь хүнд эрсдэлтэй хэдий ч зайлшгүй бөгөөд заавал хийж дуусгах ёстой үүрэг билээ. Таны цаашдын ажилд амжилт хүсч, ард иргэддээ ээлтэй, албан тушаалтнуудад хариуцлагатай, хэлмэгдүүлэлт, хилсдүүлэлтгүй шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх ерөөл өргөе” гэжээ.
М.Цэцэг /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: