Цагдааг “Амрыг сахиулагч” гэж нэрлэе

9-12-11Цагдаа  хүн ямар үүрэгтэй вэ.  Ард түмнийхээ эрүүл мэнд, амь насыг гэмт хэрэгтнүүдээс  хамгаалах гэж энгийнээр ойлгоно. Харин цагдаа нь цагдах гэсэн хатуу үгнээс  гаралтай тул манай амрыг сахиулагчид иргэдийг аль  болох  айлгах, сүрдүүлэх, зандрах аргаар ажлаа хийдэг зуршлаа гээлгүй өнөөг хүрч байна. Хууль зүйн сайд  Х.Тэмүүжингийн шинэчлэл  гээд байдаг зүйлд  уг нь цагдааг соёлжуулж  жинхэнээсээ ард түмний тусын  тулд ажилладаг байлгах тухай бий. Гэвч энэ шинэчлэлийг хийхэд түмэн бэрхшээл буман давааг  давах хэрэгтэй  болох нь гарцаагүй юм. Цагдаагийн шинэчлэл  гэдэгт тэднийг соёлжуулах, дүрэм журмаа  мөрддөг  байх,цалинг  нь нэмж  нийгмийн  асуудлыг нь шийдэх, гаднын туршлага судлуулж нүд  тайлуулах, ажилдаа чин шударгаар зүтгэдэг байх  зэргийг оруулах нь зөв  байх. Яг одоогийн байдал  гэвэл энэ бүгд эсрэгээрээ  тул цагдаа, иргэн хоёрын хооронд  үл ойлголцол, хонь чоно  шиг дайсагналцал л  байна. Замын хөдөлгөөний дүрэм  барьдаггүй цагдаа урсгал сөрж яваад бяцхан  охины аминд  хүрчихлээ.Сэтгэл өвтгөсөн энэ үйл явдал  иргэн, цагдаа  хоёрын  харилцааг улам  хүйтэн, хөндий, хахир болгож байна. Иргэн хүн цагдаадаа итгэхээ байж тэднийг зөвхөн дээрэнгүй үзэлтэн, дарангуйлагч гэж  харж  байгаа нь бид  жинхэнээсээ ардчилсан нийгэмд  хүрэхэд  хол  байгаа  бололтой.  Дээр хэлсэнчлэн цагдаа  гэдэг нь цагдах гэдэг агуулгатай учир энэ нэршлийг өөрчлөх хэрэгтэй  юм шиг. Энхийг сахиулагч гэдэг шиг амрыг сахиулагч гэдэг ч юм уу.

 

 

Ө.БАТХҮҮ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих