Сэрэмжлүүлэг мэдээ

тахалНийслэлийн Засаг даргын “Хүн, малын гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамжийн дагуу нийслэлийн шалган бүртгэх товчоодод Нийслэлийн Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газрын хамтарсан хяналт шалгалтын бүрэлдэхүүн Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт”, Налайх дүүргийн “Цайз трейд” түүхий эдийн захууд, Баянзүрх, 22-ын товчоо, Хэрлэнгийн гүүр, Яармаг, Нисэх-Биокомбинатын авто техникийн шалган бүртгэх товчоонуудад 24 цагаар 3 ээлжээр ажиллаж байна.

Уг захирамжаар нийслэлд байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналтын цэгийг ажиллуулна.
Монгол орны нутаг дэвсгэрийн 18 аймгийн 132 сумдын нутагт тарваган тахлын байгалийн голомттой. Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил нэмэгдэж байгаа бөгөөд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байна.
2009-2013 онд Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Улиастай, Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын хүний өвчний 5 тохиолдол бүртгэгдсэн. Иргэн та сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх үүрэгтэй. Хэрэв халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалыг тусгаарлах, сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсэд онош тодрохоос нааш хүрэхгүй байх, тарвага агнах, өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэх хэрэгтэй.
Мөн тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч нар урьдчилан сэргийлэх  вакцинд хамрагдах шаардлагатайг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

                                                                              Онцгой байдлын ерөнхий газар


URL:

Сэтгэгдэл бичих