Самарчид амьтдыг хорлоод зогсохгүй байгаль сүйтгэж байна!

самарЭнэ жил хур бороо элбэгтэй зуншлага болж намрын налгар өдрүүдтэй бид золгоод байна. Үүний зэрэгцээ нийслэл хотын гудамж талбайд маш ихээр борлуулж буй зүйл бол яах  аргагүй самрын худалдаа. Найман сар дөнгөж гараад л самарчид самраа борлуулж эхэлсэн. Бүрэн боловсорч дуусаагүй, бидний хэлж заншсанаар түүхий самар энд тэндгүй л зарагдах болсон юм.  Угтаа бол самар 10 сарын дундуур  бүрэн боловсорч дуусдаг байх юм. “10 сарын 15”-наас эхэлж 10 хоногийн хугацаатай албан ёсны самар түүх зөвшөөрлийг самрын наймаачдад олгодог байна.

Энэхүү зөвшөөрлийг орон нутгийн ойн ангиудаар дамжуулдаг. Ингэхдээ  нэг хүнд нэг кг самрыг 500 төгрөгөөр үнэлж 25 кг самар түүх эрх өгдөг байх юм. Уг зөвшөөрөл нь 10 хоногийн л хүчинтэй байдаг аж.  Гэтэл хулгайн самарчид дээрх зөвшөөрөл гээчийг үл тоож зөвшөөрөл авах битгий хэл зөвшөөрлийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа нь харагдаж байна. Манай оронд дэлхийн хуш модны нөөцийн 1.8 хувь буюу 683.9 га талбай бүхий хушин ой Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий, Увс, Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ, Улаанбаатар хотын ногоон бүсэд ургадаг байна. Байгаль дахь самрын нөөцийн 40 хувийг нь түүх боломжтой, үлдсэн 60 хувийг нь байгаль дахь самраар хооллодог хэрэм, гахай, самрын шаазгай, жирх, баавгай, хур, сойр, гэх зэрэг амьтдын гол хоол тэжээл болгон үлдээх учиртай. Жирх, хэрэм гэхэд л 6-10 кг самар идшиндээ нөөцөлдөг бол, баавгай өдөрт 20-30 боргоцой идэж 100-150 кг өөх хуримтлуулж байж ичдэг байна. Самрын ургац муу жилд ичиж чадахгүй ан амьтан барьж иддэг байна. Харин зэрлэг гахай 2.5 кг самар идэж байж онд ордог.

Байгаль дахь самрыг их хэмжээгээр түүснээр байгальд маш их хор хөнөөлтэй байдаг байна. Гэтэл өнөөх хулгайн самарчид байгаль дахь амьтдын гол хоол тэжээл болох самрыг юу ч үгүй түүх нь холгүй байгааг гадуур самар худалдаалж буй өнгө төрхөөс харж болох юм. Байгаль дахь амьтдын идэш хоолыг нь цөлмөж байхад, тэр уул усны лус савдаг нь хилгэндгүй юмаа гэхэд байгаль дахь мэрэгч амьтад цөөрсөөр байна гэдгийг хэлэх байна. Аливаа нэг зүйлд хэмжээ зааг гэж бий. Гэтэл самар түүж мөнгө олох ашиг сонирхолдоо автсан самарчид гай тарьж байгаагаа мэдэхгүй байна. Ан амьтанг ичих боломжгүй болгоод зогсохгүй гал тавьж ой мод хүртэл шатааж байгаа баримт байдаг.

Түүнчлэн тэд байгаль орчныг бохирдуулж байна. Ундааны сав гэхээсээ илүү архины шил олныг ойгоор хаясан байна гэх мэтчилэн олон зүйл гарч ирнэ. Үнэхээр хууль дүрэм байдаг бол эдгээр нөхдүүдэд хариуцлага тооцохгүй бол үнэхээр дэндэж байна. Хариуцлагын тогтолцоог одоогийнхоосоо илүү их чангатгаж өгмөөр байгааг хэлэх байна.

Г.Мөнхбаяр /Hunnu.mn/


URL:

Сэтгэгдэл бичих