Бэлгэнд салсан яамдыг нэгтгэх нь тал бүрийн ашигтай
Сайд нар айдастай байна. Гэхдээ бүгдээрээ биш. АН 2012 оны УИХ-ын сонгуульд олон суудал авч, Засгийн газраа бүрдүүлэн бялуу хуваах үед хүн бүрт хишиг хүртээх гэсний гор хоёр жилийн дараа ийнхүү гарч байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн өмнө Засагт орох гэж, намынхаа удирдлагуудаас томхон бялуу хүртэнэ хэмээн улайрсан хүмүүс өнөөдөр айдастай суугаа нь энэ. Одоогоос ердөө хоёрхон жилийн өмнө 11 байсан яамны тоог 16 болгон данхайлгасан нь өдгөө Шинэчлэлийн гэх Засгийн газрын шүдний өвчин болчихоод байгаа юм. Тийм ч учраас Ерөнхий сайд Н.Алтанхуяг үнэнд гүйцэгдэж, болохгүй байгаа сайд нараа халж, чиг үүргийн давхардалтай яамдынхаа тоог цөөлөх нь зүйтэй гэдэг шийдвэрт хүрснээ олон нийтэд албан ёсоор зарлаад байна. Ингэснээр Ерөнхий сайд ямар яамны хэн гэдэг сайдад “Баяртай” гэж хэлэх вэ гэсэн таамаг ид өрнөж эхэллээ.
Н.Алтанхуягийг танхимаа бүрдүүлж байх үед засагт хамтарсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-д дориухан хишиг хүртээж, зарим нэг яамаа бэлэглэх зорилгоор 21 яамтай байх талаар гэрээсэлсэн нь тухайн үед олны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны дүнд ийнхүү 16 дээр тогтсон хэрэг. Хэрвээ тухайн үеийнхээрээ зүтгэж, бүр олуулаа их идэхээр улайрсан бол өдгөө Н.Алтанхуяг сайдын нуруун дээрх ачаа улам хүнддэж, одоогийнхоос ч олон сайд намрын чуулган болтол айдастай явах байжээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн “Танхимдаа цэвэрлэгээ хийж, зарим сайдыг өөрчилнө” хэмээн бүрхэг мэдэгдэл хийсэн нь сайд нарыг айдаст автуулаад байна. Гэхдээ энэ айдас яам толгойлж байгаа хүн бүрийн дотор байгаа юм биш. Гол чиг үүргийн яамд хэвээрээ байж, Засагт хэчнээн хөдөлгөөн орсон ч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх нь тодорхой. Харин чиг үүргийн давхардалтай буюу анхнаасаа АН-ын хуваах бялууны хэрчмийг нэмэхийн тулд бий болгосон буюу нэг яамыг хуваан байж хүчээр босгосон яамдын сайд нар дэнсэлж сууна. Ингээд аль яамыг татан буулгаж, хэн гэдэг сайд танхимын тэргүүнийхээ дохиураар “Давхар дээл”-ээ тайлахыг хамтдаа сонирхъё.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар эхний ээлжинд гурван яамыг татан буулгаснаар энэ тооны сайд дан дээлтэн болох гэнэ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Зам тээврийн сайд А.Гансүх нарт ачаа тээшээ бэлдэх үүрэг өгөөд байгаа сурагтай. Гэхдээ ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл танхимын тэргүүнийхээ шахалтаар бус өөрийн хүсэлтээр ажлаа өгөх аж. Гэхдээ энэ мэдээ шинэ биш бөгөөд ҮХАА-н сайдын албыг хашиж байсан Х.Баттулга гишүүнийг “Давхар дээл”-ээ сайн дураараа тайлсны дараа түүнийг өөрийн хүсэлтээр ажлаа өгөх гэж байна гэх бор шувуу төрийн ордноос хэсэн ниссэн ч тэрбээр “Одоохондоо энэ талаар бодсон зүйлгүй байна” хэмээснээр асуудлыг намжааж байлаа. Харин энэ удаад цаг нь болсон бололтой. Нэгэнт ангийн дарга нь цэвэрлэгээ хийхээ мэдэгдэж, чиг үүрэг нэгтэй яамыг хүчээр хувааж, өөрт нь өгсөн гэх мэдээлэл хаа сайгүй гарч байгаа нь түүнийг сул гишүүн болъё гэх шийдвэрт хүргэсэн ч байж мэдэх юм. Ямартай ч ийнхүү Ц.Оюунгэрэл сайдыг сул гишүүн болгосоор ССАЖЯ-ыг БШУЯ-тай эргэн нэгтгэх гэнэ. Харин Н.Батбаяр сайдын тухайд намынхаа болон Засгийн газрын нэр хүндийг унагааж байгаа хүний тоонд нэгт бичигдсээр ирсэн. Түүнийг ажил авсан цагаас нь л олон хүчтэй шүүмжилсэн.
Цаашлаад УИХ дахь сөрөг хүчний зүгээс ”Салбартаа анхаарал хандуулж, эдийн засгийг сэргээх талаар арга хэмжээ аваагүй. Гадаад валютын ханш огцом өсч, иргэдийн амьдралд дараа болж байхад дорвитой арга хэмжээ авахгүй, бөө тэнгэр ярьж суугаа нь салбар удирдах чадваргүйг харуулж байна” хэмээн хоёр ч удаа сайдаас нь огцруулах хүсэлт тавьж байсан ч олонхиороо хүч түрэн, түүнийг авч үлдсэн удаатай. Түүнчлэн танхимых нь нөхдүүд төдийгүй Төрийн тэргүүн хүртэл болохгүй бол огцруулах хэрэгтэй хэмээн түүд хаягласан үгийг чулуудаж байсан учраас Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний цэвэрлэгээнд хамгийн түрүүнд өртөх хүн нь яах аргагүй Н.Батбаяр сайд болоод байна. Ингэснээр түүний удирдаж байгаа Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай нэгтгэх юм байна. Харин Зам тээврийн сайд А.Гансүхийг бол хамгийн түрүүнд дуун дээр нь явуулна гэнэ.
Учир нь тэр бол Х.Баттулгын хүн. Харин Х.Баттулга гишүүн өдгөө өрх тусгаарлахаар зэхээд завгүй яваа, бас болоогүй үүнийхээ хажуугаар АН-ынхаа нөхдийг хааяахан баалчихдаг нь нууц биш. Олон фракциас бүрдсэн АН-ын гишүүд ийнхүү өөр өөрийн толгойтой учраас хувиа хүртэж, нэг яам авсан МОАХ фракци авсан бэлгээ Н.Алтанхуягт ийнхүү буцааж өгснөөр өргүй үлдэж, ирэх өдрүүдийнхээ улс төрд хүч, сэтгэл нэгдэн зүтгэхээр болж байгаа юм байна. Ингэснээр Зам тээврийн яамыг Барилга хот байгуулалтын яамтай нэгтгэх гэнэ. Үүний зэрэгцээ АН 3-4 сайдаа явуулах учраас “Шударга ёс” эвсэл ч мөн нэг сайдаа явуулах ёстой талаар Шадар сайд Д.Тэрбишдагвад дуулгасан гэнэ. Шадар сайд ч мөн толгой дохисон бололтой. Яриа тохирооны дагуу “Шударга ёс” эвслийнхэн хоёр сайд дээрээ тогтож ярилцсан гэнэ. Мэдээж эхний хувилбар Сангийн яамыг толгойлж буй Ч.Улаан сайд. Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам хоёрыг нэгтгээд Ч.Улаан сайдыг авч хаяна гэвэл Н.Батбаярыг сайд автоматаар үлдэж таарна. Гэхдээ энэ бол магадлал багатай таамаг.
Харин өөр нэг хувилбар нь Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг чөлөөлөх тухай яриа. Салбар хариуцсан цагаасаа эхлэн иргэдийн шүүмжлэлтэй тулгарч, намын даргаа эргэж тойрох эдгээж авахаас өөрийг боддоггүй хэмээн шүүмжлүүлсэн түүнийг ажлаа өгөхийг хүсч байгаа хүн олон бий. Н.Алтанхуяг сайд “Засагтаа хөдөлгөөн оруулна” гэж мэдэгдэхтэй зэрэгцэн олон нийтийн цахим сүлжээгээр сэтгэгдлээ илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь энэ Засгийн газраас “зайлах” сайдын тоонд Н.Удвал багтах ёстой хэмээж байгаа. Ийнхүү таамагт багтсан сайд нарын хэн нь явж, хэн нь үлдэх нь намрын чуулган болтол таамаг хэвээр үлдэж байна. Харин чуулган эхлэх хүртэл Н.Алтанхуяг сайд хэнийг явуулж, хэнийг үлдээх. Явуулсандаа яаж тал алдахгүй байх. Харин үлдээснүүдээсээ ямар өглөг хүсэх эсэх нь мөн л таавар хэлэх үлдлээ. Ямартай ч Н.Алтанхуяг сайд ийнхүү улс төрийн зориг гарган, Засгийн газрынхаа данхар бүтцийг багасгахаар болсон нь олны сайшаалыг хүлээгээд байгаа. Учир нь түүнийг Шинэчлэлийн гэх Засгийн газрыг байгуулснаар төрийн албан хаагчдын тоог 30 орчим мянгаар нэмэгдүүлсэн гэх шүүмжлэл одоо ч бий. Тухайлбал, төрийн албан хаагчдын тоо 2012 онд 162 мянга 383 байсан бол 2013 онд 176 773 болжээ. Харин 2014 оны дүнгээр 180 мянга 151 болтлоо нэмэгдчихээд байна.
Ингэж төрийн данхар бүтцийг бий болгосноор төрийн албан хаагчдын шатахууны зардалд л гэхэд 40 гаруй сая төгрөг зарцуулж байгаа бол бичиг хэргийн зардалд 8-9 тэрбум, тавилга авахад 6-7 тэрбумыг зарцуулсан дүн мэдээ байна. Харин одоо энэ нүсэр бүтцийг задалж, сүүлийн 2012 оны үед хүргэн, төрийн албан хаагчдын тоог 30 мянгаар бууруулахад л 180 тэрбум төгрөгийг төр хэмнэх боломж бүрдэж байна. Харин ингэж хэмнэсэн мөнгөөр 150 ерөнхий боловсролын сургууль, 225 цэцэрлэг, 300 км автозам барих боломж бүрдэхээр байна. Өөрөөр хэлбэл, төрийн данхар бүтэц, түүнийг дагасан олон төрлийн зардал улсын төсвийн хөрөнгөөс хэчнээн ихийг хумсалж, олон нийтэд хэрэгтэй бүтээн байгуулалтын мөнгөнөөс ямар ихийг хумсалдгийг эндээс харж болохоор байна. Ямартай ч Н.Алтанхуяг сайд энэ нүсэр бүтцээ задлах амлалт өгсөн. Харин түүний алхам хэр шийдэмгий, ямар үр дүнтэй байхыг хүлээх л үлдлээ.
М.Өнөржаргал
URL: