Засгийн газар “Рио Тинто” харилцан буулт хийж “Оюутолгой” гацаанаас гарахаар боллоо
Удаан хугацааны турш гацаад байгаа Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудал энэ сарын 30 гэхэд бүрэн шийдэгдэх боломжтой талаар эх сурвалжууд мэдээллэж эхэллээ. Хэрвээ далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдвэл манай улсын гадаадын хөрөнгө оруулалтанд орчинд маш сайн дохио өгөх нь дамжиггүй.
Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотой хоорондоо зөрүүтэй маш олон тоо баримт сонин хэвлэлийн хуудсаар хөвөрдөг. Тэр ч бүү хэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон “Рио тинто” компаний мэдээллүүд ч зөрөөд байгаа нь хүмүүсийг багагүй гайхшруулсан. Тухайлбал Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтыг Монгол Улсын Ерөнхий сайд 7.1 тэрбум ам.долларт хүрсэн гэж мэдэгдсэн бол Рио Тинто компани үүнийг 6.4 тэрбум ам.доллар гэж мэдэгдсэн. Ямартай ч гэрээ ёсоор бол анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 5.1 тэрбум ам доллар гэж заасан байдаг. Гэтэл хөрөнгө оруулагчид анхны хөрөнгө оруулалтаа өсгөсөн нь манай талын эзэмшлийн 34 хувьд нэмж өр үүсгэн ноогдол ашиг авах хугацааг хойшуулахад хүргээд байгаа. Хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх тусам энэ нь манай талд ашиггүй. Чухам ийм шалтгаанаар 2013 оны 02-р сарын 01-ний өдөр УИХ ээлжит бус чуулган хуралдуулж Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг тусгайлан хэлэлцсэн байдаг. Үүнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Төслийн анхны хөрөнгө оруулалт нь далд уурхай ажиллаж эхэлснээр 14.6 тэрбум ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан байгаа. Гэтэл одоо энэ нь 24 тэрбум ам.долларт хүрэхээр өсгөсөн тооцоо гаргасан байдаг юм. Тоог ингэж өөрчилж буйг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, нөгөө талаар нь энэ нь хууль зөрчиж байгаа хэрэг юм гэсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: хөрөнгө оруулагчдад хандаж хэлэхэд бидний зовлонгоор битгий тогло! гэсэн нь “Рио Тинто”-гийн удирдлагуудыг ихэд эгдүүцүүлж “энэ цагаас эхэлж бид нэмэлт хөрөнгө оруулалт хийхэд биш, оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалахад бүх үйл ажиллагаагаа чиглүүлнэ” гэж мэдэгдэхэд хүргэсэн. Ингээд үндсэндээ уг төслийн хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон нь Монголруу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт саарах үндсэн мессеж болсоор өдийг хүрсэн.
Энэ хугацаанд манай төгрөгийн ханш 40 орчим хувиар унаж, гадаадын хөрөнгө оруулалт 70 хувиар унаж, эдийн засгийн өсөлт 5 хувь хүртлээ багассан. Мөн Оюутолгойн уурхай 300 ажилтнаа цомхтгосон юм.
Хоёр тал анхны хөрөнгө оруулалтын өссөн шалтгааныг тодорхой болгох, хоёр дахь хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох зорилгоор тасралтгүй уулзалтуудыг зохион байгуулсан. Хөрөнгө оруулагчид анхны хөрөнгө оруулалтаа 6.4 тэрбум ам.доллараар тооцох, далд уурхайн хөрөнгө оруулалтыг 7 тэрбум ам.доллараар тогтоох саналаа гаргаад байсан бол манай тал анхны хөрөнгө оруулалтын өссөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, хоёр дахь шатны буюу далд уурхайн хөрөнгө оруулалтыг гэрээнд заасан анхны тоо хэмжээ буюу 5.1 тэрбум ам.доллараар тогтоох саналтай байсан. Энэ хугацаанд төсөлтэй холбоотой сайн муу янз бүрийн мэдээлэл хөвөрч хөрөнгө оруулагчид далд уурхайн хөрөнгө оруулалтаа 7.1 биш бүр 9 тэрбум ам.доллар болгож байна гэсэн утгатай яриаг УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Мөн манай татварын байгууллагаас “Оюутолгой” ХК-д шалгалт хийж нийтдээ 130 сая ам.долларын торгууль оногдуулсан нь дарин дээр давс гэгчийн зүйл болсон.
Тэгвэл удтал дуншсан хөрөнгө оруулалтын гэрээний маргаантай асуудлуудаар талууд тохиролцоонд хүрсэн гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл тарж эхэллээ. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар манай тал татварын асуудал болон, анхны хөрөнгө оруулалтын хувь хэмжээтэй холбоотой асуудлаар харин хөрөнгө оруулагчид нэмэлт хөрөнгө оруулалтын асуудлаар харилцан буулт хийж тохирч байгаа бололтой.
Тус компанид оногдуулсан 130 сая ам.долларын татвар нь манай тайлангийн систем, Оюутолгойн тайлангийн системтэй зөрчилдөж байгаагаас үүдэн гарсан тоо байх магадлал тун өндөр. Хэрвээ ийм зөрчил байвал гэрээ ёсоор энэхүү асуудлыг олон улсын арбитраар шийдвэрлэх болно. Ингэсэн тохиолдолд олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэлээ хөдөлж явдаг гэх Туркиз Хилл Ресурс компани ялах магадлал өндөр аж. Тиймээс манай энэ асуудлыг дэвэргэлгүй буулт хийгээд өнгөрье гэсэн байр суурьтай болсон гэж мэдээллэж байна.
Хоёрдугаарт анхны хөрөнгө оруулалтын өссөн дүнг Монголын тал хүлээн зөвшөөрөе гэдэг дээр санал нэгдсэн гэнэ. Дэлхийн бусад томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт 2-3 дахин нэмэгдэх тохиолдол ч бий. Харин Оюутолгойн хөрөнгө оруулалтын дүн 20-30 хувиар өссөнийг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, төгрөгийн ханшийн савалгаа, инфляцитай холбон ойлгох боломжтой юм гэсэн байр суурийг илэрхийлж буулт хийж байгаа гэнэ.
URL: