Хууль сахиулагчид дүрэм зөрчих эрхтэй юу?

осол“Хүний жаахан охиныг цагдаа дайрчээ” гэсэн мэдээлэл олныг цочроов. Аймшигтай мэдээ. Замын голд хэвтэх амьгүй болсон охины зургийг хараад нулимс унагаахгүй байж чадсангүй. Охиныг бүтээсэн цагаан даавууных нь завсраар дүрэмт хувцасных нь булан цухуйж, үүрч явсан цүнх нь эзнээсээ холгүйхэн шидэгджээ. Хажууд нь осол гаргасан цагдаагийн алаг машин харагдана. Зурагчны дуранд буусан энэ эмгэнэлт байдал бодлоос салдаггүй. Эвий дээ тэр жаахан охин, хөөрхийдөө тэр ээж, аав. Газар дээр нь байгаагүй, хөндлөнгийн надад хэцүү байхад амьнаасаа илүү хайрлан тээж төрүүлчихээд өсгөсөн ээжийнх нь элэг зүрх яаж эмтэрч байсныг төсөөлж ч чадахгүй нь. Хэдхэн минутын өмнө дүрэмт хувцсаа өмсөн, цүнхээ үүрч гарсан охин нь иргэдээ хамгаалахаар тангараг өргөсөн цагдаагийн ажилтанд дайруулан энэ хорвоог орхино гэж тэр ээж яахан мэдэх билээ. Мэддэгсэн бол охиноо тэврээд гэрт нь үлдээх байсан нь лавтай. Харамсаад баршгүй.

Өнөөх гайт цагдаа ажил сургууль цуглах ид ачааллын үед дуут дохиогоо хангинуулан, урсгал сөрж давхихдаа хөөрхий охиныг дайрсан байх юм. Аав, ээжүүд үр хүүхдэдээ зам хөндлөн гарахдаа тухайн урсгалын машинаа харж байхыг захидаг. Тиймээс ч охин урсгал сөрөн давхиж ирсэн машины тухай бодоогүй нь лавтай. Цагдаагийн машин хаа явсан газраа дуут дохиогоо ажиллуулан, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж урсгал сөрж яваа нь харагддаг. Хувийн хувьсгалын ажил ялгаагүй ийнхүү авирлах нь хэрээс хэтрээд байсныг энэ аймшигт осол харуулж байх шиг.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны дотоод журамд яаралтай хэрэг гарсан үед дохио асааж, урсгал сөрж явна гэж заасан байдаг аж. Мөн “Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэж яваа шуурхай ажлын болон тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг мөрдлөг болгоно” гэж Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журмын 4.2-т байна. Тэгэхээр 12 настай охины аминд хүрсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгоны Цагдаагийн тасгийн машин Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явсан нь тодорхой байна. Хууль дүрэм сахин биелүүлэгч цагдаа нар өөрсдөө хууль дүрмээ биелүүлэхгүй байж иргэдээс дүрэм биелүүлэхийг шаардах нь ичгэвтэр.

Хамгийн харамсалтай нь төрийн хувцас өмсч, түмний төлөө ажиллах ёстой цагдаа нарын хийсэн хэрэг үүгээр зогсохгүйг хэдхэн баримтаар хүргэе.

Баримт ¹1

Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн газар нутаг Офицеруудын ордноос Цайз руу эргэдэг замд эрэгтэй хүн мөргүүлсэн зам тээврийн осол гарчээ. Хурдтай явсан машинд гурван цагдаагийн ажилтан байжээ. Ослын дараа хэргийн газар дээр түргэн тусламжийн машин ирж гэмтсэн эрэгтэйг авч явсан байна.

Shuurhai.mn

Баримт ¹2

2013 есдүгээр сард Дарь-Эхийн Ганц худгийн автобусны буудал дээр Замын цагдаагийн газрын хамгаалалтын тусгай тасгийн цагдаа н.Түмэн-Өлзий, н.Батдэлгэр нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, хоёр хүнийг дайрсан хэрэг гарчээ.14-10 улсын дугаартай автомашин жолоодож явсан дээрх хоёр албан хаагчийн дайрсан хоёр хүний нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь ГССҮТ-д хүргэгдсэн байна.

Bataar.mn

2014 оны хичээлийн шинэ жил эхэлснээс хойших долоо хоногт 102 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 25 хүүхэд гэмтэж, хоёр хүүхэд амь насаа алдсан гэсэн аймшигтай тоо баримт байна.Урсгал сөрж давхин 12-хон настай охины амийг бүрэлгэсэн хэргийг нэмбэл сүүлийн аравхан хоногт гурван хүүхэд эцэг эхээсээ хагацаж, элгэн саднаа уйлуулсаар хорвоог орхиж. Хүний амь гэдэг ямар ч эрх мэдэл албан тушаалтны өмнө үнэ цэнэтэй байх ёстой. Төрийн хувцас өмсчихөөд хууль дүрмээ уландаа гишгин онгирч явдаг цагдаа нарын ёс зүйг дээшлүүлэхгүй бол хэдэн ч хүн алтан амиа алдаж мэдэх болжээ.

 

Х.МОНГОЛХАТАН /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих