Б.Энх-Амгалан: Манайхаас гаргасан тогтоолыг ШӨХТГ хүчингүй болгох эрхгүй

Эрчим хүчний зохицуулах хорооЭрчим хүчний зохицуулах хороо/ЭХЗХ/-ноос аж ахуйн нэгж болон айл өрхөд нийлүүлэх цахилгааны кВт тутмын үнийг таван төгрөгөөр нэмэх шийдвэрийг өнгөрсөн долдугаар сарын21-нд гаргасан. Тэгвэл үүнийг ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн, хууль бус шийдвэр гэж үзэн энэ сарын8-нд мэдээлэл хийсэн. Ингэхдээ ЭХЗХ-ноос гаргасан цахилгааны үнэ нэмэх тогтоолыг хүчингүй болгож, иргэдийг цахилгааны төлбөрөө хуучин үнээр төлөх эрхтэй гэдгийг хэлсэн юм. Харин энэ мэдээллийг ЭХЗХ-ноос өчигдөр үгүйсгэж, ямар үндэслэлээр цахилгааны үнэ нэмсэн талаар ЭХЗХ-ны ажлын албаны дарга Э.Самдан, Үнэ тариф, бодлого зохицуулалтын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Мөнхтулга, Хуулийн хэлтсийн дарга Б.Энх-Амгалан нар мэдээлэл өглөө. Энэ үеэр зарим зүйлийг тодрууллаа.

-Цахилгааны үнэ нэмэх тогтоолыг ШӨХТГ-аас үндэслэлгүй гэж үзсэн. Үүнд танай байгууллага ямар байр суурьтай байна вэ?

-ШӨХТГ-аас“Өрсөлдөөний тухай хуулийн6.1.2 дахь заалтыг зөрчиж цахилгааны үнэ нэмсэн” гэж мэдэгдсэн. Харин энэ хуулийн заалт нь ЭХЗХ-нд ямар ч хамааралгүй юм. УИХ-ын тоглоолыг хуулийн нэгэн адил мөрддөг. Тиймээс УИХ-ын 2010 оны72 дугаар тогтоол, 2014 оны тавдугаар сарын8-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрчим хүчний үнийг нэмэх шийдвэр нь гаргасан юм. Энэ хоёр тогтоолд эрчим хүчний үнийг бодит өртгөөр тооцох, зах зээлийн зарчимд шилжүүлэх улмаар үнийг чөлөөлөх асуудлыг ЭХЗХ-д шууд даалгаж хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний тухай хуульд Эрчим хүчний үнэ тарифийг хянаж, батлах бүрэн эрхтэй гэсэн үг. Энэ хуулиар олгосон бүрэн эрхээ хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлэх ёстой. Ингэхдээ хэн нэгэн болон аль нэг байгууллагаас зөвшөөрөл авах тухай Монгол Улсын ямар ч хууль тогтоомжид байхгүй. Эрчим хүчний салбар зах зээлийн зарчимд бүрэн шилжиж чадаагүй. Төрийн хатуу зохицуулалттай байгууллага. Ийм байгууллагад Өрсөлдөөний тухай хууль хэрэгжих боломжтой эсэх нь бас эргэлзээтэй л дээ.

-“Иргэд хуучин үнээр цахилгааны төлбөрөө төлөх ёстой” гэж ШӨХТГ мэдээлсэн. Харин танайх үүнийг үгүйсгэж байна. Тэгвэл аж ахуйн нэгж болон айл өрхүүд яг аль үнээр нь төлбөрөө төлөх ёстой вэ?

-Эрчим хүчний тухай хууль болон Өрсөлдөөний тухай хуульд ЭХЗХ-ноос гаргасан тогтоолыг ШӨХТГ хүчингүй болгох эрхгүй байгууллага гэдгийг тодорхой заасан байдаг. Манайхаас гаргасан ямар нэгэн тогтоолыг ЭХЗХ аль эсвэл шүүх хүчингүй болгох бүрэн эрхтэй. Ийм эрх зүйн зохицуулалт байхад ШӨХТГ хэрэглэгчдэд буруу мэдээлэл өгч, тэднийг төөрөгдүүлж байна. Аж ахуйн нэгж болон айл өрхүүд кВт тутам нь таван төгрөгийн нэмэгдэлтэй үнээр цахилгааныхаа төлбөрийг төлөх ёстой. Хуулийн дагуу гарсан тогтоол хүчинтэй хэвээрээ гэсэн үг.

-ЭХЗХ-ны өнөөдрийн байдал ямар байна вэ. Ингэж нэмснээр алдагдлаа нөхөх боломжтой юу?

-Хэрэглэгчдэд худалдаж буй эрчим хүчний үнэ нь өөрийн өртөгт хүрээгүйн улмаас Монгол Улсын түлш, эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд ихээхэн хэмжээний санхүүгийн алдагдалтай ажиллаж байна. Эрчим хүчний компаниуд нь цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаанаас 2012 онд66.3 тэрбум, 2013 онд 65.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Мөн Дулааны цахилгаан станцуудад эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар нүүрс нийлүүлж буй томоохон уурхайнууд болох “Багануур”, “Шивээ овоо” компани 2013 онд нийт16.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаад байна. Ингэж кВт тутмыг таван төгрөгөөр нэмсэн нь тухайн алдагдлын10 орчим хувийг нөхөх боломжтой. Сүүлийн хоёр жилд төвийн эрчим хүчний системд5.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан.

-Цахилгаан эрчим хүчний үнийг таван төгрөгөөр нэмэхэд айл өрх болон албан байгууллагад хэр зэрэг ачаалал нэмэгдэж байна вэ?

-Өнөөгийн байдлаар төвийн бүсийн хэмжээнд нэг кВт.цаг цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг145 төгрөгт хүрсэн. Гэсэн ч хэрэглэгчдэд борлуулж буй дундаж үнэ105 төгрөг. Энэ нь өртгөөс40 төгрөгөөр доогуур байгаа юм. Харин дулааны эрчим хүчийг өөрийн өртгөөс нь2-3 дахин бага үнээр хэрэглэгчдэд борлуулж байна. Цахилгаан эрчим хүчний үнийг таван төгрөгөөр нэмэгдүүлснээр сард150 – 200 кВтц хэрэглээтэй айл өрхийн хувьд сарын төлбөр 750-1000 төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Ер нь айл өрхийн орлогод цахилгаан эрчим хүчний төлбөрийн эзлэх хувь жилээс жилд буурч байна. Тухайлбал, 2005 онд өрхийн орлогын8.1 хувийг эзэлж байсан бол2014 онд3.2 хувийг эзэлж байна гэсэн судалгаа байдаг. Үүнээс харахад эрчим хүчний үнэ харьцангуй тогтвортой байгаа.

 

С.Юмсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих