Б.Обама: Иракт агаараас цохилт өгөхөд Конгрессын зөвшөөрөл хэрэггүй
АНУ Ирак дахь “Лалын улс” бүлгийн босогчдын байрлалд агаараас цохилт өгөхийн тулд Конгрессын шийдвэр хэрэггүй хэмээн Барак Обама мэдэгдлээ.
Б.Обама “Лалын улс” бүлгийн эсрэг тэмцэх төлөвлөгөөг баталж өгөхийг Конгрессоос хүсэхгүй шалтгаанаа Бүгд найрамдах болон Ардчилсан намын лидерүүдэд тусад нь тайлбарлаж өгчээ. Ирак дахь лалын дайчдын эсрэг ажиллагаа эхэлснээс хойш АНУ-ын нисэх хүчин 153 удаа цохилт өгөөд байгаа ажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Конгрессын зөвшөөрөлгүйгээр 60 хоногийн турш дайн явуулах эрхтэй байдаг.
Сири, Иракийн зарим нутгийг хяналтдаа аваад байгаа “Лалын улс” бүлгийн эсрэг эвсэлд Их Британи, Герман, Франц, Итали, Австрали, Дани, Канад, Польш, Турк зэрэг 40-өөд улс орон нэгдэхээ илэрхийлээд байна. Бүрэн эрхийнхээ хугацаанд Иракаас цэргээ татна хэмээн амлаж байсан Ерөнхийлөгч Б.Обама “Бидэнд шинэ саад, бэрхшээл гарч ирлээ. Ирак дахь хэт даврагчдын эсрэг ямар нэгэн стратеги, төлөвлөгөө алга” хэмээн өнгөрсөн сард мэдэгдэж байсан билээ. “Лалын улс” бүлгийн эсрэг тэмцэлд дэмжлэг авахын тулд Цагаан ордны эзэн Конгресст тайлбар хийхээр болж байна. “Бидэнд заналхийлж буй аюулыг Америкийн ард түмэн ойлгож, үүний өмнөөс тулж зогсох ёстой гэдгийг ухаараасай гэж хүсч байна. Бид үүнийг хийж чадна гэдэг итгэлтэй байх ёстой. Дараагийн үе шат нь довтолгооны ямар нэг хэлбэрт шилжих” хэмээн Обама NBC-ийн Meet the Press нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө онцолсон байна.
АНУ-ын лидер 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын ойн өдрөөс нэг өдрийн өмнө ард түмэндээ хандаж үг хэлэхээр болжээ. “Аль-Кайда”-гийн алан хядагчдын барьцаалсан нисэх онгоцууд Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төвийн барилга, Пентагоны төв байрыг мөргөж гурван мянга орчим хүний аминд хүрсэн билээ. Ирак, Сирид хүчээ аваад байгаа “Лалын улс” бүлгийнхэн өрнөдийн орнуудын харъяатуудыг эгнээндээ элсүүлж, дараа нь тэднийг АНУ руу илгээж халдлага үйлдүүлэхээр зэхэж байгаа тухай мэдээлэл байгаа юм. “Одоогоор манай газар нутагт заналхийлсэн мэдээлэл алга байна. Яваандаа лалын босогчид Америкийн үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлж болох юм” хэмээн Б.Обама ярилаа.
АНУ сүүлийн 6-7 жилд байнга явуулсаар ирсэн терроризмийн эсрэг кампанит ажлаа “Лалын улс” бүлгийн эсрэг хэрэгжүүлэх ёстой хэмээн үзэж байна. АНУ тэргүүтэй олон улсын эвсэл байгуулж, лалын босогчдын байрлалд агаараас цохилт өгч, ирак, курд цэргүүдийн газар дээрх ажиллагааг дэмжих болно хэмээн Барак Обама хэллээ.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: