Аминд халгүй гэсэн шархнаас нь цус алдсаар эрүүлжүүлэхэд амиа алджээ

хэрэгӨвөрхангай аймгаас ирлээ гэсээр нэгэн настай эмэгтэй манай сайтын редакцийг зорьж ирсэн юм. Тэрээр ихэд нандигнан хадгалсан нэгэн захидлыг бидэнд үзүүлэв. Энэ бол хилс хэргээр торны цаана сууж байгаа хүүгийнх нь шоронгоос бичсэн захидал гэнэ. “Хөдөө хэдэн малаа бараад аргагүйн эрхэнд хүүгээ хотруу  ажил хийлгэхээр явуулсан юм. Миний хүү уг нь тохитой, томоотой хүүхэд. Надаас л болж муу хүү минь шоронд орлоо.Би хүүгээ шоронд суулгачихаад яаж амьдрах билээ” хэмээн өөрийгөө буруутган байн байн нулимсаа арчих настай эмэгтэйг хараад өрөвдөх шиг. “Тэтгэвэрийн хэдэн цаасаа зээлж аваад ирсэн. Газар мэдэхгүй хүн хэцүү юм. Удахгүй нутаг буцна” хэмээн бие сэтгэлийн зовлон эдэлж яваа эмэгтэйY хүүгийнх нь захидлыг сийрүүлье.

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэн А.Жаргал Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид урьдчилан хорих 461-дүгээр ангиас захидал илгээжээ.  Тэрээр өнгөрсөн жилийн гуравдугаар сард найз Доржбаатартай хамт архи уусан бөгөөд найз нь согтуурхаж өөрийгөө хутгалсан байна. А.Жаргал найзыгаа тэр дор нь  Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт хүргэсэн ч тус эмнэлэгийн эмч нар амь насанд аюулгүй, өнгөц шарх байна хэмээн боолт хийгээд цагдаа дууджээ. Ингээд тэр шөнөдөө Хан-Уул дүүргийн цагдаагийн  эрүүлжүүлэх байранд найз Доржбаатар нь шархаа даалгүй нас барсан байна. Эрүүлжүүлэх байрны камерт байхдаа найз нь өөрийгөө хутгалснаа хэлж мэдүүлэг өгч байсан ч нас барсны дараа цагдаагийнхан ар гэрт нь мэдэгдэхгүй тав хонуулж А.Жаргалыг алсан хэмээн гүтгэж шоронд суулгажээ. Хэргийг шалгах явцад хутганы шарх 10 см байсныг 20 см болгож шүүх эмнэлэгийн дүгнэлтийг хуурамчаар гаргуулжээ. Мөн талийгаач Доржбаатарын тэр өдөр эмнэлэгт үзүүлсэн тэмдэглэл, эрүүлжүүлэх байрны камерын бичлэг зэргийг нуун дарагдуулсан байна.  А.Жаргал АТГ-т ХУД-ийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Г.Ганхүү, Д.Болдсайхан, прокурор Н.Цэцэгмаа, Ц.Хашбаатар нарыг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, нотлох баримтгүй эрүү үүсгэсэн гэх гомдлыг удаа дараа гаргасан боловч дээр дурьдсан албан хаагч нарт эрүү үүсгэх үндэслэлгүй гэсэн тамгагүй бичгийг үзүүлээд өнгөрчээ. Ийнхүү өөрийгөө буруугүй хэмээн үзэж гурван удаа өлсгөлөн зарлаж, холбогдох байгууллагад 30 удаа гомдол гаргасан ч бүгд дээгүүрээ зохицуулчихдаг, хэрэг прокурор шүүхийн шатанд хоёр удаа шилжсэн ч дахин шалгах шаардлагатай хэмээн мөрдөн байцаалтад буцаж байгаа учир Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг холбогдох байгууллагаар нягтлуулж өгөхийг хохирогч А.Жаргал хүсчээ.

 

 

С.Саруул /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL: http://www.fact.mn/183518.html

Сэтгэгдэл бичих