Д.Сугарын “хэрэг”
Д.Сугарыг танихгүй, мэдэхгүй хүн бараг үгүй болоо биз дээ. ТӨХ-ны дарга байсан, одоо Үндсэн хуулийн цэцэд очоод бүгчихсэн. Прокурор байсхийгээд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх “цаас” бариад очдог. Цэцийн гишүүд нь “Сугарыгаа сугалуулахгүй ээ” гээд зөрүүдэлдэг.
Энэ жилийн хичээл эхэлсэн өдөр дүүргийн I прокурорын газраас Д.Сугарын эрхийг түдгэлзүүлэх гурав дахь удаагийн саналаа Үндсэн хуулийн цэцэд тавилаа. Хариу өгөх хуулийн хугацаа нь энэ бүтэн сайнд дуусна. Даваа гаригт гээд л ойлгочиход болох юм байна.
Ер нь Д.Сугар гэдэг эрхэм юу хийчихсэн хүн юм бэ. Аль эсвэл энэ муу цагдаа, прокурорууд хэлмэгдүүлэлт явуулаад байна уу. Хамгийн сонирхолтой нь ингэж асуух хүн тун цөөхөн ажээ. Учир нь Д.Сугарын “хэрэг” хэвлэл мэдээллийнхэн болоод олон нийтэд дэндүү ил болоодохсон юм.
Гэхдээ Д.Сугарыг өнөөг хүртэл ингээд байлгаад, өмөөрөөд байдаг нь маш сонин. Насаараа ажиллаж, компаниа босгоод явж байсан олон бизнесмэн өнөөдөр торны цаана сууж байна. Сонсох нээ, татварын асуудал ч юм уу, ямар нэг хуулийг “анзаараагүй” байжээ гэсэн тайлбартай. Харин мань Д.Сугарын асуудал бол ланжгар. Энэ хүн бизнес хийж үзээгүй. Насаараа төрд ажилласан. Өвөрхангайн Өлзийтэд 1956 онд төрсөн. Хужирт сумын 10 жилийн сургуулийг 1975 онд, ЗХУ-ын Эрхүүгийн Их сургуулийг 1981 онд дүүргэж хуульч мэргэжил эзэмшсэн. 1981-1987 онд Сэлэнгэ аймгийн захиргаанд хэлтсийн дарга, Хууль зүйн яаманд Хэлтсийн дарга, 1992-1996 онд Хууль зүйн яамны тэргүүн дэд сайд, Арбитрын хэлтсийн дарга, 1996-2000 онд ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2005 онд Монгол шуудан банкинд газрын захирал, 2006 онд Төрийн өмчийн хорооны даргаар томилогдсон. 2012 оноос Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа. Ийм л намтартай. Завсаргүй төрд ажилласан хүн. Гэсэн ч тэр замбараагүй их хөрөнгөтэй болчихсон. Д.Сугарын нэртэй хөрөнгүүд Монголоос ч, гадаадаас ч гарч ирсээр л байгаа.
Өнгөрсөн 2012 оны сонгуулийн өмнө байхаа, мань хүн Өвөрхангайд болсон наадам дээр онгоцоор бууж бярыг харуулж байв. Ингэхдээ “Сугар” гэсэн цаастай чихэр агаараас цацсан гэх онигоо ч юм уу , болсон явдал ч юм уу яригддаг. “Говийн зэрэглээ” кинон дээр нисгэгч залуу онгоцноосоо алим цацдаг хэсэг байдаг даа. Тиймэрхүү л явдал болсон шиг байгаа юм. Энэ бол солиорол л доо.
Д.Сугарын талаарх ил болсон баримтуудаас дурдахад “…“МИАТ” компанийн удирдлагуудыг шүүх хурлын үеэр Хонконгийн “НSBS” банкнаас О.Тамир гэгч хувийн данс руу нь 2007 оны долдугаар сарын 16-нд 199.941 ам.доллар, мөн оны наймдугаар сарын 10-нд 116.956 ам.доллар дээрх мөнгөнөөс шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон.
Түүгээр ч барахгүй Д.Сугар тухайн үед “МИАТ” компанийн Токио дахь төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгч Ч.Хоролсүрэнгийн зөвлөхийн ажлыг давхар хашиж, тус компаниас сард 3000 ам.долларын цалин авч байсан нь ил болсон юм. …Ч.Хоролсүрэн шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Би Д.Сугар ахад 60 сая төгрөг шилжүүлж байсан нь үнэн. Намайг гадаадад байх үед Өвөрхангай аймагт баригдаж байсан миний зочид буудлын ажилд мөнгө дутсан. Тэр дутсан мөнгийг Д.Сугар ах өгсөн юм билээ. Тэгээд “надаас 60 сая төгрөг өгсөн шүү, өгөөрэй” гэхээр нь би 60 сая төгрөг шилжүүлсэн юм. Д.Сугар манай “Транс Трейд” ББСБ-аас хэд хэдэн удаа зээл авч байсан. Гэхдээ хүүтэй нь буцааж өгсөн” гэж нотолжээ…
…2013 оны долдугаар сарын 24-нд “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү хэвлэлийн бага хурал зарлах үеэрээ “…Манай групп “Эрдэнэт” үйлдвэрт шатахуун нийлүүлэх гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. 1997 оноос хойш найдвартай ажилласан учраас тэд баталгаа гаргаж өгсөн. Би 2008 оны үйл явдлыг ярьж байна. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар баталгаа гаргаж өгөх боломжтой гэсэн цохолт хийж өгсөн. Үүнээс хойш “Стандарт” банкнаас хэд хэдэн удаа зээл авсан…” гэж мэдэгдэж байв. Харин Д.Сугар “….Хамтарсан үйлдвэрийн совет хяналт тавьж, ТӨХ-гоор хэлэлцэгдээд энэ гэрээ 2008 онд хэрэгжиж 20 сая ам.доллараа бүрэн төлж барагдуулсан. Тухайн үедээ “Эрдэнэт” үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, “Жаст” групп бүгд л энэ гэрээнээс тодорхой ашиг хүртсэн. Ер нь томоохон аж ахуйн нэгжүүдийн дунд энэ зэргийн харилцаа бол байдаг л юм…” гэсэн тайлбар өгч байв. Удалгүй “…Ч.Ганзориг бид хоёр ямар ч зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэдгийг амьдралаараа батлан тангараглахад ч бэлэн байна…” гэж мэдэгдсэн.
/Эх сурвалж: Polit.mn/
…Д. Сугар Японы Токио хотын Адачи дүүргийн Шиндэн хороололд 535 сая төгрөгийн үнэтэй байр авчээ. Тэгсэн атлаа 2008, 2009 оны хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй бултуулчихсан байдаг. 2010 онд энэ байраа зарсан ч орлого болох 535 сая төгрөгийг мөн л хөрөнгө орлогодоо мэдүүлэхээс нуусан байдаг юм….
…Үндсэн хуулийн цэцийн гишүүн маань БЗД-ийн XIII хороо, “Алтантэвш” хороололд байрлах хувийн сууцаа хөрөнгө орлоготоо мэдүүлээгүй. Гэвч үүнийг Д.Сугар эсэргүүцэж, “Энэ бол орон сууц биш. Манаачийн байр” хэмээн мэдүүлэг өгөөд байгаа аж. Д.Сугарынх БЗД-ийн XIII хороо, “Алтан тэвш” хороолол дахь 372 м2 талбайтай хувийн тансаг орон сууцанд амьдардаг бөгөөд манаачийнхаа байрыг барихын тулд 70 сая төгрөгийн зээл авсан гэнэ. Д.Сугар Транс Трейд “Би Би Эс Би” ББСБ-тай тун нарийн холбоотой нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ. Уг банк бус санхүүгийн байгууллагад түүний тэрбум төгрөгийн хадгаламж байдаг бөгөөд шаардлагатай үедээ мөнгө зээлж авдаг гэнэ. Д.Сугар 2012 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Транс Трейд “Би Би Эс Би” ББСБ-аас 273.6 сая төгрөгийн, 2012 оны тавдугаар сарын 31-ний өдөр дээрх ББСБ-аас 113 сая төгрөгийн зээлийг тус тус авч байжээ. Мөн тэрээр 290 сая төгрөгийн хувьцааг олон улсын үнэт цаасны биржээс авсан ч энэ хувьцаагаа нууж байсан нь илэрчээ. Тэрээр Японы Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд 2008 онд 48 сая иенээр буюу монгол мөнгөөр 535 сая төгрөгөөр орон сууц худалдаж авсан.
…Тэрээр аялал жуулчлалын гол бүс нутаг Чэжү арал дээр РАӨН хотхоны 101/701 тоот орон сууц худалдаж авчээ. Тэрээр энэ талаарааа “Би 2001 онд “Үндэсний үнэт цаас” ХХК-ийг хувьчилж авсан. Д.Түмэнжаргалд 2007 онд худалдсан, тус компаний ногдол ашгаас нэг тэрбум орчим төгрөгтэй болсон. Энэ мөнгөөрөө 2011 онд Солонгост хувийн сууцыг худалдаж авсан гэж мэдүүлжээ…
/Эх сурвалж: Shudarga.mn/
…Д.Сугарыг “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг шахсан байж болзошгүй хэмээн өнгөрсөн оны наймдугаар сард АТГ-аас шалгасан. Д.Сугар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ТУЗ-ийн дарга байхдаа “Эрдэнэт” үйлдвэртэй 2008 оны арваннэгдүгээр сарын 15-нд ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулжээ. Ингэхдээ эдийн засгийн эрсдэлийн үнэлгээг ажлын хэсэг байгуулж хийлгэсэн аж. Тухайн үед төрийн өмчит хоёр том үйлдвэрийн худалдааг хооронд нь зуучилсан Д.Сугар эдийн засгийн хямралыг туулахын тулд ган бөмбөлгөө “Эрдэнэт” үйлдвэр рүү шууд нийлүүлэх боломжтой гэж үзээд гэрээ байгуулсан аж. Гэвч Д.Сугар гэрээгээ зөрчиж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс гарсан ган бөмбөлгийг Хонгконгийн “Стандарт металлс лимитэд” компаниар дамжуулж “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлж, төрийн өмчит компанийг гурван сая ам.долларын алдагдалд оруулсан гэдэг. Үүнтэй холбоотойгоор Д.Сугарт Эрүүгийн хуулийн 263.2 -т зааснаар сэжигтэн, яллагдагчаар татаж шалгаж байсан юм. Гэвч удалгүй Д.Сугарын хэрэг замхарсан…
…“Номаранг” компанийн хэрэг. Манай банк, бизнесийн салбарынхан Солонгосын “Номаранг” компаниар дамжуулан тус улсын “Daewoo”, “LG” компаниас 120 сая ам.доллар залилж, шуугиан тарьсан. 2000 оны дундуур өрнөсөн энэ хэрэгт “Монгол шуудан” банк голлох үүрэг гүйцэтгэж, “Номаранг” компанитай аккредитивын гэрээ байгуулсан юм. Хамгийн сонирхолтой нь яг энэ үед УИХ-ын гишүүний суудлаас буусан Д.Сугар “Монгол шуудан” банкинд газрын захирал гэх нөлөө бүхий албан тушаалыг хашиж байсан аж…
…Д.Сугар “Эрдэнэс Таван толгой”-н ТУЗ-ийн дарга байхдаа Хятадын төрийн өмчийн компани болох “Чайналко”-той 70 ам.долларын гэрээг хийсэн. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Таван толгой”-н нэг тонн нүүрсийг 70-хан доллараар үнэлж, гэрээ хийсэн. Д.Сугарын энэ үйлдэл Монголын нүүрсийг дэлхийд үнэгүйдүүлэх эхний алхам болсон юм…
/Эх сурвалж: Өглөөний сонин/
Д.Сугартай холбоотой “адал явдал” өөр цаашаа ч үргэлжилнэ. Прокурор өнгөрсөн жил хоёр дахь удаагаа түдгэлзүүлэх санал өгөх үед тэрээр хэвлэлээр дамжуулан тайлбар өгч байв. Сийрүүлбэл “…Одоохондоо Цэцийн гишүүнээс татгалзах нөхцөл үүсээгүй. Үнэхээр нийгмийн хэмжээнд Цэцийн нэр хүндэд муугаар нөлөөлсөн тохиолдолд. Хоёрдугаарт, хуулийн байгууллага намайг шударгаар шалгаад миний эрхийг баталгаатай хамгаалах нөхцөл бүрдсэн тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс татгалзах эр зориг надад бий. Үнэхээр намайг шалгахад тээг болж байгаа бол би татгалзаж болно. Одоогоор тийм нөхцөл байдал үүсээгүй. Би олон жил төрийн алба хашсан хүн. Найдвартай төрийн хар хүн гэж хэлүүлж явсан үе бий. Ард түмэндээ хандаж хэлэхэд би төрийн албан хаагч хэвээрээ л байгаа. Бүх зүйлийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоотол та бүхэн тэвчээртэй хандаарай гэж хүсье” гэж байжээ. Бүтэн жил гэдэг бага хугацаа биш. Түүний хүссэнээр ард түмэн ч, хэргийг нь шалгаж буй цагдаа, прокурор ч тэвчээртэй суув. Яг үнэндээ Цэцийн ч, хуулийн байгууллагуудын ч нэр хүнд “Сугарыг сугалж чаддаггүй”-н улмаас дор орсон гэхэд болно.
Ер нь Д.Сугар бол энэ цаг үеийн томоос том асуултын тэмдэгтэй хүн мөнөөс мөн. Магадгүй, Д.Сугарын асуудлыг хэрхэн шийдэхээс Монголын шүүх, цагдаа, прокурор шинэчлэгдэж байгаа эсэхийн хэмжүүр болж ч болох юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: