“Нүүрс” хөтөлбөрийг дүгнэсэн аудиторуудыг шалгаж эхэлжээ
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхэд авсан цагдан хорих арга хэмжээний хугацаа энэ сарын 26-нд дуусна. Түүнийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгаж эхэлсэн билээ. АТГ-ынхан “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн аудитын дүгнэлтээс шалтгаалж Л.Гансүхийг саатуулснаа хэвлэлийнхэнд дуулгаж байсан. Тэгвэл дүгнэлт гаргасан аудиторуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
“Нүүрс” хөтөлбөрийн талаар Үндэсний аудитын газрын аудитор н.Ичинхорлоо, “Оюу-Эрдэм аудит” компани дүгнэлт гаргасан юм байна. Өмгөөлөгч Ц.Баасандорж тэдний дүгнэлт үнэн зөв эсэхийг магадлуулахаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст ханджээ. Тэрээр аудиторуудыг буруутгасан үндэслэлээ “Нүүрс” хөтөлбөрийн гэрээнд тохиролцсон үнэ болон тоо хэмжээг зориудаар өөрчилсөн гэж тайлбарлав. Тодруулбал, “Багануур” компани болон “Эм Жи Эл Эс Би” компани хоорондын байгуулсан гэрээнд нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдахаар тохиролцсоныг аудитор 39 мянган төгрөгөөр худалдаалах байсан төдийгүй УБ хотод дахин шигшихэд ялгасан саарал чулуу, үлдсэн нунтаг нүүрсийг жинд оруулаагүй зэргээс улсыг 3.6 тэрбум төгрөгөөр хохироосон гэж дүгнэжээ.
Мөн ачуулсан нүүрсээр бус шуудайлснаар тооцно гэсэн гэрээний заалтыг эсрэгээр дүгнэснээр Л.Гансүхийг хэлмэгдүүлсэн гэж үзсэн байна.
Б.ЗАЯА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: