Женкогоо ч танихгүй байгаа “Түгжил” Түвдээ буудайгаа таних уу?
Төрийн толгойд гарч, сайд дарга болмогцоо эргэн тойрноо харахаа байж, ихээ дээгүүр жаалдаг муу зуршилд хамгийн түрүүнд автсан сайдыг ҮХАА-н сайд Ш.Түвдэндоржийг гэдэг. Үнэхээр ч саяхан л сайд болж байсан түүнд УИХ-ын гишүүд кноп дарахдаа намар наашилж, өвөл айсуйг сануулж, хийж чадах эсэх амыг нь асууж л байсан. Чадна, мэднэ гээд ажлаа авсан сайд энэ хооронд тариаланчдын эсэргүүцлийн жагсаалынхаа уриа лоозон болгосончлон “улаанбуудайг таних эсэх” дээр шалгалт өгөхөөсөө илүү хүн чанарын шалгалтанд бүдэрч анх сайд болох үүд хаалгыг нь нээсэн нэг “угшилтай” Женкогоо ч таньж байгаа эсэх нь эргэлзээтэй болоод байгаа гэнэ.
МОАХ-ны Түвдээ өмнө нь сайд байсан хүний шинж ч үлдсэнгүй юу, ямартай ч ҮХАА-н сайдын сэнтийд заларснаасаа хойш Ардчилсан хүчний холбооныхноосоо “нүүр буруулж” Алтангадасынханд “нүүр олох” гэж байдаг чадлаараа чармайж байна. Түүний энэ байдал намын нөхдөд нь таалагдахгүй байгаа бөгөөд нэгмөсөн Алтангадасаар овоглочихвол амар гэх болжээ.
Бүх хүний нүдний өмнө ил байгаа уор ганц үнэн бол Женко Х.Баттулгын үед муугаа дуудуулж үзээгүй яамныхан энэ удаа бүх булхай луйвар нь ил болж, одоо бүр Авлигатай тэмцэх газар, Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газарт явуулсан тендер шалгаруулалтууд нь хэд хэдээрээ зэрэг зэрэг шалгагдахад хүрээд байна.
Бид энүүхэн зууртай нэг хоёр хүүхдийн дүрэмт хувцас, нэг хоёр айлын хоногийн хоолны мах ярьж байхад тэд дээгүүрээ арван хэдэн тэрбумаар яригдах махны наймаа, хорин хэдэн тэрбумаар тоологдох оёдол, даавуутай холбоотой өгөө авцаа, ашиг хонжооны ажил хийж суудаг байна. Манай эрэн сурвалжлах сэтгүүлчид эдгээр бизнест яамныхан хэрхэн хутгалддаг, яаж ашиг унагаж авдаг талаар тус бүрд нь баримт мэдээлэл цуглуулан ажиллаж эхэлсэн бөгөөд тариалан эрхлэлт, хөнгөн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийнх нь ард өрнөдөг энэхүү бизнес бүлэглэлүүдийн үйл ажиллагаа, мөнгө угаалт хэрхэн явагддаг тогтолцоонх нь талаар цувралаар нийтлэх болно.
Ж.Цэцэг
www.ene.mn
URL: