Он гарсаар барилгын ослоор 14 хүн амь насаа алджээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Улаанбаатар хотын хэмжээнд гарч буй барилгын ослын талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Х.Буянтүмэн болон холбогдох албаныхан хийсэн юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдээллээр Улаанбаатар хотын хэмжээнд 2011 онд 46 осол гарчээ. Энэ тоо 2012 онд 56 болж нэмэгдсэн байна. Харин 2013 оны байдлаар осол гэмтлийн тоо эрс багасч 24 болжээ. Харин 2014 оны есдүгээр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 14 осол, эндэгдэл гарчээ.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 2014 оны байдлаар 470 барилга үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Үүнээс 26 барилга нь зөвшөөрөлгүй бөгөөд зөрчилтэй барилга байна. Эдгээр зөвшөөрөлгүй 26 барилгад Мэргэжлийн хяналтын газраас акт тавьж, торгууль ногдуулжээ. Цаашлаад эдгээр компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлэх аж. Мөн Мэргэжлийн хяналтын газраас дээр барилгуудад тавигдах шаардлагыг авч хэрэгжүүлэхгүй бол цагдаагийн байгууллага болон шүүхэд шилжүүлэх юм байна. Мөн барилгын компаниуд шаардлага хангахгүй техник тоног төхөөрөмж хэрэглэж байгаа нь осол гарахад нөлөөлж байна хэмээн Л.Эрдэнэчулуун хэллээ. Энэ үеэр 2014 онд осол гарсан барилгуудын нэрсийг танилцуулсан юм. Тухайлбал, “Өндөр буянт” холдинг, “Макс өргөө” зуншин компани, “Тайган Алтай” компани, “Эрэл импекс” компани, “Од мөнх”компани, МАК “Өсөх мөнх” трейд, “Баяр” констракшн “Нийслэл өргөө” компани, ”Оршил констракшн”, “Бо Бэ” констракшн зэрэг компаниуд дээр хүний амь нас эрсдсэн хэрэг гарчээ.
Д.Анар
URL: