Ж.Батзандан: Намаас хөөнө л гэдэг юм, хөөнө л биз
УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг ард түмэндээ хандаж мэдэгдэл хийлээ. УИХ-ын гишүүний хувьд болон Ардчилсан намын гишүүн, иргэн Батзандангийн хувьд энэ мэдэгдлийг хэрхэн хүлээн авав. Ямар мэдрэмж төрсөн бэ?
-Барууны орнуудын Ерөнхий сайд нар сар болгон нийгэм, эдийн засгын байдлын талаар мэдээлэл хийдэг. Тиймээс би Ерөнхий сайд мэдэгдэл хийсэн нь манай улстөрчид, Ерөнхий сайд маань барууны соёлыг импортлох гэж оролдож байгаа юм уу даа гэж харж байна. Ерөнхий сайдын хэлсэн үгнээс тодорхой хэдэн онцлох зүйлс байна. Тухайлбал Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Оройтсон ч гэсэн оргүйгээс дээр гэдэг. Үүнийг бид сайшаан дэмжиж хүлээн авч байна. УИХ-ын гишүүний хувьд данхар, үрэлгэн захиргааны бүтэцдээ өөрчлөлт оруулаач гэдэг шаардлагыг жил зургаан сарын өмнө Ерөнхий сайдад амаар болон бичгээр хүргүүлж байсан. Жил зургаан сар энэ асуудлыг шийдэлгүй явж ирсэн, одоо л ойлгож байна уудаа гэж бодож байна. Эцэст нь үнэнд гүйцэгдлээ. Энэ намрын чуулганаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн төдийгүй, захиргааны шинэчлэлийн асуудлыг нухацтай авч үзэх ёстой гэж бодож байгаа. Эдийн засгийн асуудал дээр 20 жил хийгээгүй олон сайхан ажлууд хийлээ гэж их сайхан сэтгэл хөөрөлтэйгээр ярьж байна лээ. Мэдээж манай нам хийсэн зүйл байгаа, олон зүйл хийж байгаа. Гэхдээ бас хийж чадахгүй зүйл олон байгаа. 20 жил байгаагүй өндөр инфляци, 20 жил байгаагүй ажилгүйдэл бий болж, олон компаниуд үүдээ барьж байна. Банкуудад 20 жил байгаагүй их хэмжээний чанаргүй зээл бий боллоо. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт 20 жил байгаагүйгээр нэмэгдлээ. Гэхдээ бас сайн зүйл ч байгаа. Хорин жил байгаагүйгээр дэд бүтцийн ажил,сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалт, цахилгаан станцын ажлуудыг урагшлуулж хөдөлгөж чадлаа. Мөн иргэдэд 20 жил байгаагүй бага хүүтэй зээлийг банкууд өгч байна гэх мэтээр давуу талууд байгаа гэдгийг хэлмээр байна. Бид сайн талаа бас муу талаа ард түмэнд ил тод, нээлттэй хэлдэг байх ёстой гэж үзэж байна
-Засгын газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байх ёстой гэж та үзэж байгаа вэ. Нийтлэлч Баабар “Мэргэжлийн Засгийн газартай болох хэрэгтэй”, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Авралын Засгийн газар хэрэгтэй байна” гэхчлэн нийтлэл бичсэн нь олон нийтэд доргилт үүсгэх шиг боллоо.
- Нэг ийм үг байдаг. “Холын замд яваж байгаа хүн, мориныхоо амыг татаж явах ёстой” гэж. Бид дөрвөн жил сонгуулийн хугацаанд амлалтаа өгөөд явж байгаа. Гэхдээ зөвхөн сонгуулийн хугацаанд биш Монгол Улсын ирээдүйн төлөө 20, 30 жилийн ирээдүйг харж төлөвлөж явах ёстой юм. Тиймээс аливаа асуудалд алсын хараатай, уян хатан хандах ёстой. Засаг төр бужигнаж, тогтворгүй байдал үүсгэх нь тийм ч сайн зүйл биш. Гэхдээ хариуцлагагүй нөхдийг толгойг нь илээд суулгаад байж болохгүй. Тэхээр Засаг төрд өөрчлөлт хийх эрхийг Засгийн газарт өөрт нь өгөх ёстой гэж манай намынхан үзэж байгаа юм. Өөрсдийнхөө алдааг олж хар, дүгнэ. Тэгээд ажлаа сайжруул, бүтэц бүрэлдхүүнээ өөрчил гэж намын зүгээс шахаж шаардаж байгаа юм. Ерөнхий сайд энэ есөн сард бүтцийн өөрчлөлт хийж УИХ-д оруулж эхэлнэ гэж мэдэгдсэн байгаа.
- УИХ-ын гишүүн С.Баярцогт “ЭЗЭН 100” хөтөлбөр зарлах үеэр МАНАН байгуулъя гэсэн саналыг хэлж байсан. МАНАН байгуулбал та АН-ын гишүүний хувьд хүлээн зөвшөөрч чадах уу?
- Нэг зүйл тодорхой. Энэ Засгийн газарт ажлаа хийж чадахгүй, улсын төсвөөс хулгай хийж байгаа, худлаа хэлж байгаа олон сайд байгаа. Эд нартай тооцоо бодох хэрэгтэй. Дараагийн Засгийн газрыг байгуулахад олон хувилбар байгаа юм. Түүнээс заавал МАНАН байх уу, хамтрах уу, дангаараа байх уу гээд олон гарц байгаа. Үүнийг бусад намтай хэлэлцэж байгаад цаг үеийн шаардлагад нь нийцүүлж ямар засгийн газар байх вэ гэдгээ шийдэх ёстой. Одоогийн ийм нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй үед “Үндэсний эв нэгдэл”-ийн Засгийн газар байх нь илүү тохиромжтой гэж би боддог. Одоогийнх шиг ингэж эдийн засаг хүндэрч байсныг би мэдэхгүй юм байна. Банкны найдваргүй зээл сүүлийн хоёр жилийн дотор гурав дахин өссөн, гадаад өр түүхэндээ байгаагүйгээр их болсон, нэг хүнд ногдох өрийн хэмжээ хоёр жилийн дотор гурав дахин өссөн. Өргөн хэрэглээний барааны үнэ гэрлийн хурдаар өссөн. Ийм үед Ерөнхий сайд ганцаараа сайхан юм яриад суугаад байх хэрэггүй юм. Мэдээж сайн сайхан зүйл байлгүй л яахав. Гэхдээ биднийг сонгогчид хамтын хариуцлага хүлээх ёстой гэж хүсэж байна. Нэг нь шүүмжилдэг, нөгөө нь ажлаа хийх гэж оролддог биш хамтдаа хий гэж илүү их хүсэж байгаа гэж би бодож байна.
- Ерөнхий сайдын мэдэгдлийг харахад одоо л юуг, яаж хийхээ ухаарлаа гэсэн агуулгатай мэт санагдсан. Дөрвөн жилийн хугацаанаас хоёр жил нь өнгөрлөө. Засгийн газартай хариуцлага тооцох ёстой гэж сөрөг хүчин ч гэсэн энэ асуудлаар дуугарч эхлээд байна. УИХ-ын гишүүн таны хувьд Засгийн газрыг огцруулах зайлшгүй шалтгаан бий болсон уу?
- Засгийн газрын бүтэц бүрэлдхүүнийг өөрчилье, мэргэжлийн Засгийн газар байгуулъя гэж нэг жил зургаан сарын өмнө би ярьж байсан. Харин одоо нийтлэлч Баабар гуай энэ тухай бичиж байна. Одоо л энэ тухай хүмүүс ойлгож дуугарч эхэлж байгаа юм байна. Нөхцөл байдал амаргүй байна. Дарга нар мянган сайхан үлгэр яриад ч, мянган сайхан гадаадын том дарга нар ирээд ч нэг өдрийн дотор манай улсын амьдрал сайжрахгүй. ОХУ-тай хийсэн 10 гаруй гэрээ, БНХАУ-тай байгуулсан 20 гаруй гэрээний үр дүн гартлаа наад зах нь таван жил болно. Путин ч, Си Жиньпин нь ч бидэнд халааснаасаа мөнгө гаргаад өгөхгүй. Өгсөн өр зээл улам л ихэснэ. Бид өөдрөгөөр бүхнийг хараад хөгжиж дэвшихийн төлөө хүчээ нэгтгэж чадвал, манай дарга нар улсаас хулгай хийхгүй байвал Монгол Улс маань хөгжинө. Манай намын гишүүн Д.Сосорбарам “Манай нам, авилга хоёр адилхан боллоо” гэж хэлсэн. Тэр хүн зүгээр чнэг хэлээгүй байх гэж би бодож байна. Бид нэг л шаардлага – тавьж байгаа. Эхлээд намаа шинэчлье, намынхаа дүрэм журмаа өөрчилье.
- “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөний тэргүүн Х.Бат-Ялалт “Хаалтын гэрээ” гэрээний хөдөлгөөнийг маргааш /өнөөдөр/ зохион байгуулахаар болсон. Энэ хөдөлгөөнд “Иргэний хөдөлгөөний” гэгддэг нэр бүхий гишүүдээ урьж байгаа юм билээ. Та оролцох уу?
-“Хаалтын гэрээ” аль ч засгийн үед байсан. Намайг битгий муу хэлээрэй, миний алдаа дутагдалыг битгий бичээрэй гэсэн л гэрээ шүү дээ. Манай намын сайд нар МАН-ын хуучигн сайд нар шиг ажиллаж байгаа. Хэн нь ийм юм хийж, хэн нь сэтгүүлчийн амыг барьж байгааг би нэр устай нь хэлж чадна. Энэ хуучны аргыг манай намыхан таягдамн хаях байтал яг тэднийхээ араас явж байна. Нэг л зүйлийг хэлье.Би намаа муулж байгаа юм биш. Намдаа дургүйдээ биш. Зүгээр л бид “Монголыг өөрчилье” гэж сонгогдсон бол одоо өөрчилье. Худлаа хэлэхээ больё гэж намын нөхдөдөө хэлээд байгаа. Намын нөхөд минь ойлгох биз. Зарим нь “Чамайг намаас хөөнө” гэдэг юм. Хөө л дөө. Хөөхөд хүртэл дүрэм журам бий. Хоёр жилийн дараа намдаа эргээд орж болдог. Би буцаад ороод ирж ч мэднэ. Бид нэгнээ хөөх, айлгах, сүрдүүлэхдээ гол нь биш шударга ажиллая. Хуучин МАХН одоогийн МАН-ынхан шиг бүү ажилла. Хоцрогдсон коммунист намуудаас өөр нам гэдгээ харуулах хэрэгтэй.
-Та үе үеийн Засгийн газрыг шүүмжилдэг хэвээрээ байгаад баяртай байна. Өнгөрсөн хугацаанд болон өнөөдөр таны үгийг нийтэлж олон нийтэд дамжуулж болохгүй гэх “хаалт” тулгарч байв уу?
-Хаалтын гэрээний зовлон нь нийгмийг хаалттай болгож иргэдийн амыг хааж дарга нарын хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэгчийг буй болгодог. Манай нийгмийн суурь үнэт зүйлийг цавчиж байгаа зүйлийн нэг нь хаалтын гэрээ. Засгийн газар өөрийгөө сайн шүүмжлүүлэх, алдаагаа хэлүүлдэг, засдаг байх хэрэгтэй. Шил толь шиг ил тод байхыг л ардчилсан нийгэм гээд байгаа юм шүү дээ.
-Маргааш /өнөөдөр/ болох “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнд “Батзандан”-ы гэх хөдөлгөөнийхөн оролцох уу?
-Иргэний хөдөлгөөн аль ч цаг үед байсаар ирсэн. “Цэцэг нуурын дугуйлан”, Манжийн эсрэг хөдөлгөөн, 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөн, 1989 оны цагаан морин жилийн хувьсгал, 2004 онд хийсэн авлигын эсрэг хөдөлгөөн гээд тасралтгүй үргэлжлэх зүйл. Би үргэлж иргэний хөдөлгөөний талд байсан. Баруунд бол нам гэж байхгүй. Нам гэдэг үгээ аваад хаясан. Христийн ардчилсан холбоо, Иргэний платформ нэрээр сонгуульд ороод эхэлчихсэн. Нам гэдэг “заваан” нэрээс салах хэрэгтэй. Хүнд суртлын нэр томьёо шүү дээ. Тиймээс би иргэний хөдөлгөөнийг үргэлж дэмжинэ. Х.Бат-Ялалтын зохион байгуулж байгаа хөдөлгөөнд оролцоно. Намайг урьсан тохиолдолд очиж үгээ хэлнэ. Намын гишүүн, УИХ-ын гишүүн болно гэдэг иргэний хөдөлгөөнөөс явна гэсэн үг биш. Харин улам ч иргэдийнхээ дунд байх ёстой үүрэг нэмэгдэж байгаа хэрэг. Иргэд дуудсан газар бүрт би хамт байх болно. Энэ бол миний үүрэг.
-Түүний тавьсан дараагийн нэг асуудал нь Ерөнхий сайд Хууль зүйн сайдын хамт Төв аймгийн цагдан хорих төвд саатуулагдаж буй ахлах зөвлөхөө эргэсэн нь Ашиг сонирхлын зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийг зөрчиж байна” гэсэн асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд тавьсан. Та үүнд Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар хариуцлага хүлээх ёстой гэдэгтэй санал нэгдэх үү?
-Монголчууд ухаантай. Сэжигтнээр татагдан хоригдож буй хүнийг зөвшөөрөл авалгүйгээр эргэж очих дүрэм журам, тэр тусмаа хуулийн үндэслэл Монголд байхгүй. Ерөнхий сайдыг Хууль зүйн сайд дагуулаад очиж болдог. Жирийн иргэнийг бол тэгж дагуулж очиж уулзахгүй. Холбогдох байгууллагаас зөвшөөрөл авдаг. Ийм ялгаа байж болохгүй шүү дээ. Хууль бүх иргэний өмнө тэгш эрхтэй. Энэ нь мөн л ардчиллын суурь зарчим. Үүнийг дээрх хоёр сайд хамтраад зөрчсөнийг зөвтгөх аргагүй. Тиймээс Х.Бат-Ялалтын Үндсэн хуулийн Цэцэд хандсан нь зөв.Цэц харин зөв шийдвэр гаргаасай. Заримдаа будилдаг шүү гэдгийг анхааруулъя.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Ч.Амартүвшин
uls.mn
URL: