100 хоногийн талаар улстөрчдийн хэлсэн содон үгнүүд
“Эзэн-100″ хөтөлбөр дуусаад сар болох гэж байна. Харин эдийн засгийг 100 хоногийн дотор идэвхжүүлнэ гэсэн Засгийн газрын амлалтад улстөрчид ийм дүгнэлт өгчээ.
Ерөнхий сайд асан Д.БЯМБАСҮРЭН: Засгийн газраа энэ үед түр торгоох гэсэн амиа аргацаасан заль
-Хоёр жил хийж чадаагүй ажлаа 100 хоногт хийнэ гэж юу байх вэ. Наадах чинь тогтворгүй болсон Засгийн газраа энэ үед түр торгоох гэсэн амиа аргацаасан заль. Байгаа жаахан мөнгөө шороотой хутгаад, өндөр өндөр байшин барьж байгаа нь үнэн. Энэ нь эдийн засгийг улам хүндрүүлнэ. Эдийн засгийн дотоод тэнцвэр алдагдсан. Үүнийгээ бодлогоор тэнцвэржүүлж чадахгүй байна. Бодлогоо зөв тодорхойлж чадаагүйн уршиг эдийн засагт сөрөг нөлөөтэйг бид бэлхнээ харж байна
“Зууны мэдээ” /2014.05.13/
* * *
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.ЭРДЭНЭБАТ: Эерэг үр дүн гарахгүй бол олонхи өөрсдөө Засгийн газраа яахыг шийднэ
-Хэрэв 100 хоногийн дараа эдийн засагт эерэг үр дүн гарвал Засгийн газар цаашид ажиллана. Харин эерэг үр дүн гарахгүй бол олонхи өөрсдөө Засгийн газраа яахыг шийднэ.
“Өнөөдөр” /2014.05.14/
* * *
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.ЧУЛУУНБАТ: 100 хоногт зуслангийнхаа байшинг ч засч амжсангүй
-Эдийн засгийг эрүүлжүүлэх, уналтыг зогсооно гэдэг өөрөө маш том ажил. Удаан хугацаанд хэрэгжих, үргэлжлэх ажил. Түүнээс 100 хоногийн дотор өргөс авсан мэт өөрчлөгдөхгүй, эдгэрэхгүй. Миний хувьд 100 хоногт улсын эдийн засгаа байтугай зуслангийнхаа байшинг засч амжихгүй байна. Энэ утгаараа хугацаа давчуу байгаа биз. Цаашид эдийн засгаа сэргээхийн тулд хууль эрх зүйн орчин, бизнес хөрөнгө оруулалтын орчинг таатай болгох ёстой.
“Зууны мэдээ” сонин /2014.08.13/
* * *
УИХ-ын гишүүн Р.АМАРЖАРГАЛ: Энэ бол нийгмээрээ тоглож байгаа ээлжит нэг хэлбэр шүү дээ
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэгчийг анх санаачилж, Засгийн газарт “худалдсан” хүн бол ер нь Засгийн газрыг дээд зэргээр хорлоё гэсэн хүн л байсан байх. Нөгөөдүүл нь ч ямар дуртай юм. Тэрийг нь хүлээж аваад л. Аа, ер нь 100 хоногийн дотор эргүүлчихнэ, хөгжүүлчихнэ гээд шуугидаг нь ч юу юм. Эцсийн дүндээ энэ бол нийгмээрээ тоглож байгаа ээлжит нэг хэлбэр шүү дээ. Асар их хэмжээний хүлээлт үүсгээд л, тэр хүлээлт нь ямар ч үр дүнгүй.
“Open door” сонин /2014.08.05/
* * *
УИХ-ын гишүүн Х.БАТТУЛГА: 100 хоногт хувийн компанийн эдийн засаг ч босдоггүй л байхгүй юу
-Одоо 100 хоног нь наадмын өмнө хойно таарч байгаа. Ийм үед монголчууд юу бодож, юу ярьдаг билээ дээ. Уг нь энэ 100 хоногийг платформоо л зөв тавихад зориулаасай. Түүнээс бус долларыг тэгж буулгана, эдийн засгийг ингэж босгоно гэж гэж долоо хоног бүр худлаа хэлэх, хоосон онолдож улстөрд удаан амьдардаг, улстөрд гарч ирдэг уламжлалт PR хийх хэрэггүй. Зуу хоногт улсын эдийн засаг битгий хэл, хувийн компанийн эдийн засаг ч босдоггүй л байхгүй юу. Энийг юм хийж, юм бүтээж үзсэн хүмүүс л ойлгоно.
“Үндэсний шуудан” сонин /2014.06.12/
* * *
Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.ГАРАМГАЙБААТАР: Төсөлд “ЭЗЭН-100” ч гэдэг юмуу нэр өгсөн юм байхгүй
-УИХ эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг баталж гаргасан. Төсөлд “ЭЗЭН 100” ч гэдэг юм уу нэр өгсөн юм байхгүй. Энэ бол Засгийн газраас гарсан яриа. Өнөөдөр бүх хүний амнаас 100 хоног гэсэн үг гарч байна. Тэр нь ярьж байгаа хүмүүсийн асуудал биз. Харин Их хурлаас гарсан тогтоол нь эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд ямар ажил хийх ёстой, ямар эрх зүйн баримт бичгүүдийг богино хугацаанд бэлтгэж өгөх вэ гэдэг нь тусгалаа олоод гарчихсан. Одоо түүнийг хэрэгжүүлэх үйл явц нь Засгийн газрын асуудал байхгүй юу. Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу ямар ажил хийж байгаагаа Засгийн газрын цаг дээрээ тайлагнаж байгаа гэж бодож байна. Тиймээс тогтоолын төсөлтэй холбоотой ажлыг Эдийн засгийн байнгын хороо, УИХ намрын чуулганаар ярих байх.
“Өдрийн сонин” /2014.08.12/
* * *
Сангийн сайд Ч.УЛААН: 100 хоногийн аян бол бүх зүйлийг өөрчилнө гэсэн үг биш
-Эдийн засгийн эрчимжүүлэлтийг нэмэгдүүлэх 100 хоногийн аян бол цоо шинэ бодлого гаргаж, бүх зүйлийг өөрчилнө гэсэн үг биш. Энэ бол оны эхнээс тодорхойлоод хэрэгжүүлж эхэлсэн ажлынхаа эрч хүч, хурдацыг нэмэгдүүлэх зорилготой төсөл юм.
“Өдрийн сонин” /2014.06.24/
***
УИХ-ын гишүүн Б.БОЛОР: Бид Засгийн газартай хариуцлагын асуудлыг ярихаас өөр аргагүй
-Эрүүл ухаанаар бодсон ч тэр яаж ч хичээгээд 100 хоногийн дотор эдийн засгийг босгож чадахгүй. Тэгэхдээ эдийн засаг намар гэхэд ямар ч өөрчлөлт гараагүй цаашлаад УИХ-аас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт муу байгаа тохиолдолд бид Засгийн газартай хариуцлагын асуудлыг ярихаас өөр аргагүй. Ер нь Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн тогтоолын төслийн жагсаалтад Засгийн газар бүтцээ зөв болгох гэсэн заалт орсон байгаа. Үүний дагуу Засгийн газар бүтцээ эргэж харах цаг нь болсон.
“Улс төрийн тойм” /2014.07.24/
***
УИХ-ын гишүүн Ц.ЦОЛМОН: Анхнаасаа ийм амлалт өгөөд хэрэггүй байсан юм
-Иргэдэд “100 хоногийн дотор эдийн засгийг сайжруулна” гэдэг амлалт өгсөн. Тиймээс энэ нь иргэдэд үнэхээр 100 хоногийн дотор бүх юм сайхан болох юм шиг итгэлийг төрүүлж, хүлээлт үүсгэсэн. Гэвч 100 хоногийн дотор бүхнийг сайхан болгож чадахгүй шүү дээ. Анхнаасаа тодорхой зүйл дээр ийм амлалт өгөөд хэрэггүй байсан юм.
“Өдрийн сонин” /2014.07.28/
***
УИХ-ын гишүүн Ц.ОЮУНБААТАР: Засгийн газарт шүүмжлэлтэй хандах нь зөв
-Засгийн газар энэ 100 хоногийн хугацаанд бодлогын түвшинд асуудлыг ярих ёстой байсан ч түүнийхээ хажуугаар валютын хяналтгүй өсөлт, бараа бүтээгдэхүүний өсөлт зэргийг тодорхой хэмжээнд хязгаарлах ёстой байсан. Гэвч тэгж чадсангүй. Тиймээс Засгийн газарт шүүмжлэлтэй хандах нь зөв. Намрын чуулганы үеэр ч энэ асуудал яригдаад эхэлнэ.
“Улс төрийн тойм” /2014.07.30/
URL: