Хүлээлт
Сумны бай, шүүмжлэлийн талбар болоод байсан Н.Алтанхуягийн Засгийн газар хэсэгтээ амьсгаа авлаа.
Гүйцэтгэх засаглалын тэргүүний ард түмэндээ хандаж хэлсэн үг Шинэчлэлийн Засгийн газрыг яагаад ч болов унагахыг хүссэн болон энэ үйл явцыг анхааралтай ажиглаж байдаг иргэдэд томоохон хүлээлт үүсгэв. Н.Алтанхуяг энэ удаад нийгэм даяараа сонирхох нэлээд хэдэн мэдэгдэл хийсэн.
Юуны түрүүнд тэрээр бүтээсэн ажлуудаа дурдаж, олон нийтэд хүргэх хэрэгтэй гэж үзжээ. “Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт 200 мвт хүчин чадлыг барьж байгуулсан бол бид хоёрхон жилийн дотор энэ 20 жилтэй тэнцэх хүчин чадлыг бүтээн босголоо. Таван Засгийн газар дамжин, 12 жилийн хугацаанд нийтдээ 2300 км замыг тавьсан бол Шинэчлэлийн Засгийн газар хоёрхон жилийн хугацаанд 2500 км зам буюу түүхэндээ хамгийн их замыг тавьж чадлаа” гэх мэтээр тэрээр өнгөрсөн хоёр жилд ямар их зүйл бүтээснээ зарлав. Цаашлаад 30 мянган айлын орон сууц, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл,Хөтөлийн цементийн үйлдвэр, метан хийний шинэ төсөл, үнэ тогтворжуулах хөтөлбөр, нүүрсний хангамж зэргийг дурдаад “Эзэн-100” хөтөлбөр ч амжилтгүй болоогүйг онцлов. Мөн Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт энэ намартаа орж ирвэл дөрвөн тэрбум ам.долларын урсгал манай руу эргэхийг дуулгаад Засгийн газар хоёр жилийнхээ ажлын дэлгэрэнгүй тайланг удахгүй ард түмэндээ хүргэнэ гэв. Харин тэрээр ирээдүйд хийх ажлынхаа талаар нэг их ярьсангүй. Иргэдэд хамгийн их сонирхолтой байсан хэсэг нь зарим сайдыг сэлгэж, бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг ирэх намрын чуулганаар оруулж шийдэх тухай байлаа.
Чухам энэ л мэдэгдлийн улмаас улс төрд том хүлээлт үүсээд байна. Одоо Н.Алтанхуяг ямар өөрчлөлт хийх бол гэдэгт анхаарал төвлөрч эхэлсэн.Эртнээс сонсогдож байгаа яриагаар бол яамдаа цөөлөх нь тодорхой гэж үзэж байна. Татан буугдах яамдын хувьд Эдийн засгийн хөгжлийн, Соёл, спорт, аялал жуулчлалын, Зам тээврийн яамыг нэрлэж байгаа. Яамд нь татан буугдаж өөр бусадтай нэгтгэхтэй холбогдуулан Н.Батбаяр, Ц.Оюунгэрэл нарын сайдууд ажилгүй болж таарна. Харин тэдгээр нь ирэх 2016 оны сонгуульд намын нэрийн жагсаалтын дээгүүр бичигдэхээр тохироо хийж буй тухай “бор шувуу” өчигдөр тарсан байлаа.
Энэ бүгдээс харахад Н.Алтанхуягт ямар ч байсан огцрох бодол алга. Харин бүтцийн өөрчлөлтөө хэрхэн оновчтой хийх, фракцууддаа хуваасан “бялуугаа” хэрхэн буцаан татах талаар толгой нэлээд гашилгах болж байна.
Бүтцээ өөрчиллөө гэхэд МАН-тай арай хамтрахгүй байх. Харин ийм хамтралыг хүссэн МАН-ын нөхөд сүүлийн үед идэвхжиж, энэхүү өөрчлөлтийг бусдаас илүү ажиж сууна. Хэрэв МАН,АН дахин хамтарвал жинхнээсээ стандарт бус улс төр Монголд өрнөдөг гэдгийн жишээ болно. Харин энэхүү өөрчлөлтөд эвслийн сайдуудаас өртөж ажилгүй болох нь тодорхой болж байх шиг. Ийнхүү Н.Алтанхуяг улс төрд том хүлээлт үүсгэж хэсэг зуур амсхийлээ. Намрын чуулган эхлэхээр улс төрийн халуун өдрүүд үргэлжлэх нь.
Ө.БАТХҮҮ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: