Н.Удвал сайд аа, түлэнхийн төвийнхнийг ад шоо үзсээр байх уу
Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн харьяа Түлэнхийн төв орогнох газаргүй болжээ гэх мэдээллийн дагуу бид Түлэнхийн төвийг зорилоо. “Мөнгөн гүүр” эмнэлэг хувийнх учир өөрийн байрандаа бусад жижиг эмнэлгүүдийг түрээсээр ажиллуулдаг байна. Харин Монголдоо ганц гэх тодотголтой Түлэнхийн төв тус эмнэлгийн II, III давхарт үйл ажиллагаа явуулдаг. Нүүр, гар, хөл, бие нь түлэгдсэн бүх л хүн энд ирдэг. Биднийг очих үеэр тэдний цуваа ч тасрахгүй байлаа. Тэдгээрийн дунд халуун савтай хоол цай, хувцас барьсан хүмүүс ч байсан юм. Тэд боолт хийдэг өрөөний үүдийг сахиж зогсоно. Тэдэнд суух сандал ч байсангүй. Заримдаа бүр зогсох ч газар олдохгүй шатан дээр хүлээж байгаа дүр зураг харагдлаа. Учир нь Түлэнхийн төвийн үйлчлэгч “Энд зогсч болохгүй. Цаашаа гараад хаалганы гадаа зогс. Улавч өмс” гэх зэрэг шаардлага тавьж байлаа. Арга ч үгүй юм. Хүлээлгийн болон уулзалтын өрөө байхгүй. Энэ байтугай өвчтөнөө хэвтүүлэх ч өрөөгүй учир зарим нь эмнэлгийн хонгилд хэвтэж байсан юм. Ийм байхад “Хүлээлгийн өрөө байхгүй юм уу” гэж гомдоллох эрх өвчтөний ар гэрийнхэнд байхгүй бололтой. “Харийн нутаг давчдаад байна” гэдэг дууны үг санаанд орж байлаа. “Өөрийн гэсэн байртай байсан бол яалаа гэж бусдын байранд адлагдаж суух билээ” гэж эмч, сувилагчид нь гомдлын үгээ хэлж байв. Учир нь Түлэнхийн төв “Мөнгөн гүүр” эмнэлэгт байрлаад жил гаруй болж байна. Ийн хувийн эмнэлэгт түрээс төлөн толгой хоргодохоос өмнө ГССҮТ-д байрлаж иргэдэд тусламж үзүүлж байсан. Гэтэл тус төв өөрсдийн ачааллаа дийлэхгүй учир Түлэнхийн төвийг байрнаасаа гаргасан. Хоёр жилийн өмнө Мэргэжлийн хяналтын газраас Түлэнхийн төвийн барилгыг стандартын шаардлага хангахгүй хуучирч, элэгдсэн тул үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн акт гаргасан. Ийм учраас тэд нэгээс нөгөөд шилжин гурваас дөрвөн удаа нүүдэл суудал хийн толгой хоргодох болсон нь энэ юм. Гэтэл тэд дахиад л “Мөнгөн гүүр” эмнэлгээс нүүх болжээ. Тэд одоо хаашаа нүүх вэ. Үүнийг тодруулахаар Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Э.Галбадрахтай уулзлаа.
Э.Галбадрах: Бидэнд тулгамдаж буй асуудал бол
байр Тэрбээр “Мөнгөн гүүр” эмнэлгийн удирдлага биднийг гарахыг шаардсан. Ямар албан бичиг хэзээ ирснийг би мэдэхгүй. ГССҮТ-өөс энэ талаар мэдээлэл авах хэрэгтэй байх. Хаашаа нүүхийг ч мэдэхгүй байна. Одоогоор бидэнд тулгамдаж буй хамгийн том асуудал бол байр. Яагаад гэвэл ачаалал буурахгүй байна. Арваннэгдүгээр сар гарахаар хөлдөж, осгосон хүмүүс нэмэгддэг учир илүү их ачаалалтай ажиллана гэсэн үг. Манайх түлэнхий болон гэмтлийн дараах шархтай хүмүүсийг хүлээн авч эмчилгээ үзүүлдэг. Одоо 92 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үндсэн 80 ортой. Үлдсэн 12 хүний зарим нь өрөөнд шахцалдуулаад зарим нь эмнэлгийн хонгилд хэвтэж байна. Та нар харсан байх” гэв. Тиймээс бид ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал А.Энхсайхантай уулзлаа.
А.Энхсайхан: “Мөнгөн гүүр” эмнэлэг аравдугаар сарын 15- ны дотор байр суллаж өгөхийг шаардсан
-Түлэнхийн төвийнхнийг байрнаас нь гаргах тухай албан бичиг ирүүлсэн гэж сонслоо. Ямар учиртай албан бичиг вэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Хатуухан хэлэхэд Түлэнхийн төв ад үзэгдэж байна. Тэднийг хэн ч ойлгохгүй байна. Дунд нь хэдэн өвчтөн хохирч байдаг. Ийм л хүнд байдалтайгаар өнөөдрийг хүрлээ. “Мөнгөн гүүр” эмнэлгийн захиргаанаас Түлэнхийн төвийг гаргах тухай албан бичгийг манайд ирүүлсэн. Хэд хэдэн шалтгаан бичсэн байсан. Тухайлбал, “Та бүхэнтэй хамтарч ажиллахад хүндрэлтэй байна. Ачаалал ихтэй улсын эмнэлэг манай байранд үйл ажиллагаа явуулах нь хэцүү юм. Манай эмнэлгийн байранд хувийн олон эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Тэдний бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд чинь эмнэлгийн үнэтэй тоног төхөөрөмжийг эвдэж сүйтгэж байна. Бид асар их алдагдалд орлоо. Манайх хувийн эмнэлэг учир засвар үйлчилгээ хийж, өсч дэвжмээр байна. Тиймээс та бүхэн аравдугаар сарын 15-ны дотор байрыг суллаж өгнө үү” гэсэн албан бичиг ирүүлсэн. Үүний дараа өнгөрсөн баасан гаригт “Энэ сарын 15-ны дотор нүү” гэсэн албан бичиг дахин ирүүлсэн. -Түлэнхийн төв өөрийн байрнаасаа гараад хоёр жил болсон. Энэ хугацаанд шинэ барилгаа барьсангүй. Одоо Түлэнхийн төв хаана толгой хоргодох вэ? -Тухайн албан бичгийг аваад бид маш их сандарсан. Эхлээд ЭМЯ болон удирдлагадаа хэлсэн. Олон удаа зөвлөлдөх хурал хийсний эцэст дотоод нөөц бололцоогоо ашиглан ГССҮТ-ийн байрандаа Түлэнхийн төвөө байрлуулахаар болж байна. Бид шилжүүлэн байрлуулах төлөвлөгөө гаргаж ЭМЯ-д танилцуулсан. Тэд дэмжсэн. Тиймээс бид Түлэнхийн төвийхнийг хүлээж авахын тулд шаардлагатай засварыг яаралтай хийж байна. Чадвал энэ сарын 15-нд нүүлгэнэ. Гэхдээ энэ хугацаанд амжихгүй ч байж магадгүй.
-Түлэнхийн төвийн барилгыг хурдан хугацаанд барих талаар салбарын яам болон холбогдох хүмүүст нь шаардлага тавьсан уу. Яг юун дээр гацаад барихгүй удаж байна вэ?
-Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах маш хэцүү. “Мөнгөн гүүр” эмнэлэгтэй жилийн өмнө гэрээ хийсэн. Сард 29 сая төгрөг түрээсэнд өгдөг. Жилээр нь бодоход их мөнгө. Түлэнхийн төвийн барилгыг Монгол Улсын хуулийн дагуу концессийн хуулиар барих ёстой юм билээ. Саяхан Эдийн засгийн чуулга уулзалт болсон. Энэ уулзалтад Монголын эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын олон компани байсан. Тиймээс энэ асуудлаа тэр үеэр танилцуулсан. ЭЗХЯ, ЭМЯ, Сангийн яам хамтарч 200 ортой Түлэнхийн төвийн эмнэлгийг ГССҮТ-ийн хашаанд өргөтгөл маягаар яаралтай барих шийдвэр гарсан.
-Энэ төв өмнө нь танайд үйл ажиллагаа явуулж байсан. Тэр үед ачааллаа дийлэхгүй байна гээд гаргасан санагдаж байна. Одоо буцаагаад авчихаар ачаалал дахиад л нэмэгдэх байх. Үүнийг яаж зохицуулах гэж байна вэ?
-Бид ачааллаа тодорхой хэмжээгээр бууруулж байна. Жишээлбэл, гавал тархины мэс заслын 50 ортой тасаг ачаалалтай үед 80 хүн хүлээн авдаг. Тиймээс ачааллыг зохицуулж I, II тасагт хүүхдийг арав арваар нь хэвтүүлнэ. Эрүү, нүүрний гэмтэлтэй хүмүүс гавал тархины мэс заслын тасагт хэвтдэг. Тэдгээрийг мөчний гэмтэлтэй тасагт шилжүүлэн өгснөөр 40 ор гарна. Энэ зэргээр ачааллыг зохицуулж байна. Үүнээс гадна ЭМЯ, Улаанбаатар хотын эрүүл мэндийн газар Гавал тархины хөнгөн гэмтэлтэй хүмүүсийг нийслэлийн есөн дүүргийн эмнэлэгт гэмтлийн тасаг нээж авах шийдвэр гаргасан. Ингэснээр ачааллыг бууруулж 20 ор гарч байгаа юм гэлээ.
Ямартай ч Түлэнхийн төвийнхөн энэ удаад орох газартай болжээ. ГССҮТ-ийнхөн “Манайх ачааллаа дийлэхгүй байна. Эндээс гар” гэхгүй л бол ямар ч байсан өвлийг давах бололтой. Түлэнхийн төвийн энэ асуудалд ЭМЯ-ны зүгээс хэрхэн хандаж байгаа талаар тодруулахад тус яамны Хэвлэл мэдээллийн төлөөлөгч Д.Ноёнхангай “Сайд энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Ийм мэдээлэл өгөөрэй гэсэн гээд Түлэнхийн төвийн байрлаж буй тухайн эмнэлэг түрээсийнхээ үнийг нэмэх санал тавьсан. “Түлэнхийн төв” улсын төсвөөс санхүүждэг учир түрээсээ нэмэх боломжгүй. Тиймээс ГССҮТ-ийнхөнтэй тохиролцсоны үндсэнд тэднийх аравдугаар сарын 1 гэхэд дотоод нөөц боломжоо ашиглан Түлэнхийн төвийг оруулахаар болсон” гэв.
С.Юмсүрэн
URL: