“Амь тариа” гэж үзсэн Н.Алтанхуягийн мэдэгдэл сайд А.Гансүх, Ц.Оюунгэрэл нараар туг тахих уу

jpg555084909201407310940АН эрх мэдэлд хүрэхээрээ хоорондоо хөлөө жийлцээд эхэлдэг улстөрчдийн муу имиж, муухай занг таягдан хаяж, хэн нь ч хэнийгээ гомдоохгүйгээр бялуугаа тэнцүү хувааж Шинэчлэлийн Засгийн газрыг эмхлэн байгуулаад хоёр жил боллоо. Найман сартай байхдаа анхны огцруулах бичгийг сөрөг хүчнээс хүлээн авсан ч парламентад олонхийг бүрдүүлж буйнхаа хүчээр тэсээд үлдсэн. Түүний дараа улс орны эдийн засгийн байдлыг өмнөхөөс муутгасан, үүнд тохирсон арга хэмжээ аваагүй гэсэн ерөнхий үндэслэлээр өнгөрсөн арванхоёрдугаар сард Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын нэр дээр мөн л ийм бичиг хүлээж авсан ч “огцруулах шаардлагагүй” гэсэн шийдвэрийг гарсан. Эцэс сүүлдээ сөрөг хүчин бус Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын гишүүдийн “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төсөл эгээтэй л Н.Алтанхуягийн танхимыг хөмөрчихөөгүй. Удаа дараагийн унагах төлөвлөгөөнд тэсвэр тэвчээртэй байсан нь албан тушаалын бялууг эн тэнцүү хувааж чадсаны ач тус гэлтэй.

Гэвч Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар ирэх намрын чуулганаар хөл хөдөлгөөнд орох нь тодорхой болжээ. Үүнийг ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг баталж, “Шинэчлэлийн Засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удахгүй эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы эхээр санаачлан оруулж шийдвэрлүүлнэ гэдгээ өнөөдөр зарлаж байна. Засгийн газрын танхимын сэлгээнд зарим сайдуудын асуудлаас гадна Засгийн газрын бүтцийн асуудлыг хамтад нь оруулж шийдвэрлэх болно” хэмээн мэдэгдлээ. Түүний энэхүү мэдэгдэл нь Шинэчлэлийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг ерөнхийд нь авч үлдэх гэсэн ганцхан зорилго агуулж байгаа юм. Охин Н.Саранзаяа, хүргэн Г.Дэнзэн, ахлах зөвлөх Л.Гансүх гээд эргэн тойрны бүхий л хүмүүс нь чихнээс хонх уяж, гүйцэтгэх засаглалын тэргүүний суудлыг ганхуулж байгаа учир Н.Алтанхуяг өөрт нь “амь тариа” болох байх гэсэн үүднээс энэхүү мэдэгдлийг хийлээ.

Анхандаа фракц хоорондын тохиролцоогоор хоёр хоёр жилийн хугацаатайгаар гүйцэтгэх засаглалыг тэргүүлнэ гэсэн бор шувуу нисч байсан. Тэрхүү бор шувууны үлгэр биеллээ олсон уу, ямартай ч засагт салхи орох цаг нь иржээ. Гэхдээ салхи оруулах тохиролцоог гүйцэтгэх засаглалын тэргүүн төрийн тэргүүн болон ноён спикерээс гадна суудал юуг нь ганхуулаад байгаа Х.Баттулга гишүүнтэй хийнэ. Хэрвээ хэл амаа эвтэйхэн ололцож, хөнжил дотроо хөлөө жийлцэхгүй бол Н.Алтанхуяг суудалтайгаа үлдэнэ. Харин ганц хоёр яамдыг татан буулгах нэрээр туг тахиж, Шинэчлэлийн Засгийн газрын ерөнхий бүтэц бүрэлдэхүүнийг хадгалж үлдэх юм. Тэрбээр ирэх намрын чуулганаар танхимдаа сэлгээ хийхдээ мөн л фракц хоорондын тохиролцоог илүүд үзэх нь тодорхой. Учир нь түүний эсрэг хүчтэй “хөдөлгөөн” өрнүүлсэн УИХ-ын гишүүн Х.Баттулгын фракцид харьяалагддаг Зам тээврийн сайд А.Гансүхийг хамгийн эхэнд явуулна. Энэ нь хариуцсан салбарын ажил хийгээд ачаалалтай холбоотой биш. Харин түүнийг удирдаж буй А.Гансүх сайд төмөр замын цариг дээр том хэрүүл тарьсан Х.Баттулга гишүүнтэй үзэл бодол нэгтэй байгаа учир хэдийгээр дан дээлтэй ч бүтцийн өөрчлөлт нэрээр түүнийг нүцгэн үлдээнэ. Мөн төрхөмдөө буцах сайдын тоонд өнгөрсөн хугацаанд Т-Батаар болон түүний нөхдөөс илүүг харж ажиллаж чадаагүй Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийг нэрлэж байгаа гэдэг бор шувуу саарал ордонд нисч байна. Ямартай ч Ерөнхий сайдын өөрийгөө аврах гэсэн төлөвлөгөөт мэдэгдэлд түүнд хэрхэн үр дүнгээ өгөх нь ирэх намрын чуулганаар шийдэгдэнэ.

 

Б.Даваа

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих