Ахынхаа гаансанд хорогдох ороолон
Адъяажавыг шөнө дунд зүүд нойрноос нь сэрээж, муу мэдээ ирэв. Газар дээрх ганц дүү нь гашуун мэдээ дуулгаж, гон биеийг нь гозойтол орхижээ. Хэзээ нэгэн цагт хорвоогийн жамаар буцах ч гэлээ арай ч дүүгээ түрүүлээд явчихна гэж санасангүй. Алдаж онож яваа эр хүн ч гэлээ арай л эртхэн явчихав. Хоёрхон хоногийн өмнө ажил дээр нь ирээд хорин мянган төгрөг зээлүүлээч гээд зогсч байсан дүүгээ загнаад явуулчихсандаа тэрээр өнөөдөр харамсаад ч баршгүй болжээ. Ажил төрөлгүй болсноосоо хойш архи залчихдаг болсон ч гудамжинд гартлаа гуриатаагүй байлаа. Хааяа нэг найз нөхөдтэйгээ дарвиад хонуут өнжүүтээр гэрээсээ гарна уу гэхээс сар жилээр уугаад сав саваар нь залгилаад байсан нь үгүй. Гэтэл хоёр найзтайгаа бүтэн өдөржин архидаад, уусан архиндаа хордоод унтаагаараа ийнхүү хорвоог орхижээ. Энэ жил мэнгэ суудал нь таарахгүй байсан ч оршуулгын бүхий л ажлыг Адъяажав нугалав. Хоёр охин дүү нь хоол ундны асуудлаас хэтэрч гарсангүй. “Газар дээрх ганц дүүгийнхээ оршуулганд оролцохгүй бол ах нь болж төрсний хэрэг юу байдаг юм” гэж зүрхээ чангалан, зүсээ барайлган хэдэн өдөр зүтгэлээ. Алтан савыг нь нээлгэхэд “Аавынхаа нэг эдлэлд л их хоргоджээ. Ааваас нь ахад нь ирсэн урт нарийхан цагаан зүйл байна” гэж айлдсан ламын үгийг Адъяажав харин чихнийхээ хажуугаар өнгөрөөв. Учир нь хэдэн жилийн өмнөөс дүүгээ ажил төрлөөсөө халагдаад архи дарс ууж эхлэхэд нь аавынхаа үлдээсэн хаш гаансыг хүчээр шахуу булааж авсан түүх тэдний дунд бий. “Ах нь чамайг архи дарсаа больчихвол буцааж өгнө, түүнээс өмнө авна гэж бүү горьдоорой” хэмээн ахын зангаргаар хэлээд явснаас хойш дүү нь ч нэхэл дагал болсонгүй.
Гэхдээ нас барахаасаа хоёр хоногийн өмнө ахаасаа хорин мянган төгрөг гуйж очихдоо “Та надад аавын гаансыг буцаагаад өгчихөөч дээ, би зарж үрэх гээгүй, хааяа нэг тамхилж байхад зүгээр санагдаад” гэхэд Адъяажав юу ч хэлээгүй аж. Ийм л нэг сэтгэлийн зовиур, шаналгаатайгаар ажил явдал өрнөж, оршуулах өдөр болов. Дүүгийнхээ шарилыг нүхэнд нь хийж, дээрээс нь шороо цацах ажил мэдээж Адъяажавт оногдолгүй яахав. Гэтэл ганц эрэгтэй дүүгээ газарт булуулж байгааг харсан тэрээр асар их уй гашуу, цөхрөл цөмрөлийн байдалд орчихсон байв. Шарилын нүх ухаж, хажууханд нь овоолсон сул шороонд гараа далд ортол нь зоож “Ийм эрт явчихыг нь мэдсэн бол гуйгаад ирсэн мөнгийг нь өгчихгүй яав даа” гэх зэргээр бага жижгээс баахан ихийг хүртэлх бүхий л бодол толгойнд нь эргэлдэж байлаа. Шарилын дээр эхэлж шороо хаях хүн нь Адъяажав тул бусад нь хөдөлж ч чадахгүй, дуугарах ч үгүй зогссоор. Сүүлдээ нэг хамаатан нь уурлаж “Та нар хүнийг оршуулах гэж ирсэн биз дээ. Булж чадахгүй юм бол буцаагаад аваад харих хэрэгтэй ш дээ” гэсэн яс янгинаж, цус царцмаар үг хэлээтхэв. Адъяажав ч ийм муу үг хэлүүлэхийг хүлээж байсан мэт чарлан уйлсаар хүрз авч дүүгийнхээ шарилын дээрээс шороо хаяж эхлэв. Хүмүүс ч амь орсон юм шиг ухасхийн хөдөлж төдөлгүй шарилыг булж орхив.
Оршуулгыг удирдсан лам “Шарилын газраас гэр рүү хөдлөхдөө хэн нь ч эргэж харж болохгүй” гэсэн ч Адъяажав аль хэдийнэ нулимстай нүдээр эргэн эргэн харсаар явсан билээ. Хол ойроос ирсэн ах дүү нь ар арынхаа ажилд санаа зовниж эхэлсэн тул долоо хоног дээр нь цээрээ тавьж, арга засал, ерөөл даллага, буян номын ажлыг арвин их хийлгэн гэр гэрийн зүг буцацгаав. Адъяажав ах дүүсээ бүгдийг нь гаргаж өгөөд гэртээ орж ирвэл хойморт нь нэг хүн сүүтэгнэн сууж байх нь тэр. Ямар учиртай хүн болохыг асуухад хариу үл хэлэх аж. Ядаж байхад тэр үед тог тасарсан байсан болохоор гэрэл гаргах боломжгүй байлаа. Гэхдээ сарны бүдэгхэн гэрэлд нүд дасаад сайтар ажиглавал цаашаа хараад сууж байгаа нь дүүтэй нь дүр төрхөөрөө тун адилхан харагдана. Тэрээр урд нь хүн байгааг үл тоон ахынхаа үнэтэй зүйлээ хадгалдаг жижгэвтэр модон авдрыг онгойлгох гээд чадахгүй байгаа бололтой их л бухимдуу байх аж.
Адъяажав энэ үед хулгайч гэрт нь ороод ирж хэмээн санаад “Муу хулгайч аа” хэмээн хашгиран гар утасныхаа гэрлийг асаан дөхөж очвол цаашаа хараад сууж байсан өнөөх хүнд нүүр гэх юм алга. Нүд байх хонхорхойноос хоёр шар гал сүүмэлзэх бөгөөд үнсэн саарал царай л харагдсанаар Адъяажав амьдаараа үхнэ гээч нь болов. Дуугарч ч чадахгүй, хөдөлж ч чадахгүй хэсэг зогсч байх үесэд ашгүй тог ирж, өөрийн гэсэн ухаантайгаа золгов. Гайхалтай нь яг урд нь сууж байсан өнөөх хий үзэгдэл гэрэлд үл харагдах аж. Арц хүж асаан гэрээ тойруулж, биеэ эргүүлж байгаад Адъяажав унтахаар хэвтсэн ч нэг хэсэгтээ нойр нь сэрвэлзээд унтсангүй. Гэтэл үүр шөнийн заагаар өнөөх хачин муухай дүрстэй амьтан зүүдэнд нь тодхон ирж, ямар нэгэн зүйл гуйж байгаа аятай гараа дэлгэн зогсоно. Хар дарж муухай орилон сэрсэн Адъяажав хажууханд нь өнөө ороолон зогсч байгааг харлаа. Өнөөх ороолон нь яг зүүдэнд нь үзэгдсэн шиг гараа дэлгэн, дараа нь тамхи сорж буй мэт дүрс үзүүлэх аж. Энэ бүхнээс гэнэт ухаан авсан тэрээр яаран сандран босч гаансанд нь хоргодсон дүүгээ явуулахын тулд модон авдраа уудлан гаргаж ширээн дээр тавьжээ. Харин энэ мөчөөс дүүгийнх нь сүнс дахин тэднийхээр үзэгдээгүй бөгөөд 21 хоногийн дараа идээ будаа өргөхөөр булшин дээр нь очтол өнөөх гаанс шарилынх нь хажууд хэвтэж байсан ч ах нь айгаад авч чадалгүй ирсэн гэдэг.
ХОРИОТОЙ БҮС
URL: