Ё.Лхагвасүрэн: Сайдын тушаалаар хурандаа нарын цолыг хураасан

527-14102326364d7a4b93b07fe326bigЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав тус газрын даргаар томилогдсоныхоо маргааш тушаал гаргаж, хурандаа нарыг “Ажилдаа хайнга хандсан” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Тэгвэл ажлаасаа халагдаад удаагүй байгаа тус газрын Зохион байгуулалттай гэмт хэрэггэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр нарын хурандаа цолыг нь хураан авсан байна.

Чухам ямар учраас хураах болсныг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-ЦЕГ-ын гурван хурандааг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хурандаа цолыг нь хурааж авсан гэлээ. Энэ үнэн үү?
-2014 оны нэгдүгээр сарын 1-нээс Цагдаагийн албаны хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Энэ хуульд цагдаагийн албан хаагчийн цол тэмдгийг хуульчлан тодорхой зааж өгсөн байгаа.

Өмнө нь Ерөнхийлөгчийн зарлигаар хурандаа цолыг олгож байсан. Шинэ хуулийг баталснаар цагдаагийн албан хаагчийн цолыг Хууль зүйн сайдын тушаалаар олгохоор болсон.

-Цол тэмдгийг тодорхой хуульчлан зааж өгсөн гэлээ. Хуульд ямар шалтгаанаар цолыг хураана гэж заасан бэ?
-Энэ цол тухайн албан тушаалыг хашиж байх явцад албан тушаалын илэрхийлэл болж албан хаагч цолыг зүүж хэрэглэх журамтай болсон. Албан тушаал буурч, халагдах эсвэл солигдож өөр газар томилогдох юм бол урьд хэрэглэж байсан цол нь хүчингүй болж, дараагийн албан тушаалын цолыг хэрэглэх зохицуулалт хийсэн.

-Тэгэхээр тухайн албан хаагч тэтгэвэрт гарвал цолоо хураалгах уу?
-Цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа тохиолдолд тухайн албан хаагч ажиллаж байх хугацаандаа авсан хамгийн өндөр цолоороо гарах шинэ зохицуулалттай. Энэ журмын дагуу ажиллаж байгаа.

-ЭЦГ-ын байрыг битүүмжилсэн гэх мэдээлэл гарах болсон. Энэ талаар тодруулаач?
-Яг одоогийн байдлаар ЭЦГ-ыг битүүмжлээгүй албан хаагчид нь хэвийн ажиллаж байна.

С.Хорлоо

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих