МАХН амь орж, МАН шоконд орлоо
Өнгөрсөн баасан гаригт Дээд шүүх МАХН-ыг бүртгэв. Энэ нь МАХН хийгээд тус намын тэргүүн Н.Энхбаярыг улс төрд амь оруулсан амь тариа болов. Алтай Таван богдод МАХН-ын тугаа мандуулаад ирсэн Н.Энхбаярын хүсэл ийнхүү биеллээ. Н.Энхбаяр улс төрд буцаж ирлээ.
Ийм юм болно чинээ бодоогүй МАН шоконд орж, Удирдах зөвлөл нь яаран хуралдсан юм. Эдээрээ оролдвол эвдэхийн тэмдэг ээ гэж. Нэрээрээ оролдвол бусдад алдахын тэмдэг юм байна. Дээд шүүхийн шийдвэр МАН-ын толгой дээр буусан лантуу болсон юм. “МАН ч манайх, МАХН ч манайх” гээд байсан У.Хүрэлсүхийн үг худал аж. МАХН Н.Энхбаярынх боллоо. Цэцээр дамжуулж МАХН-ыг Н.Энхбаяртай нь унагах гэсэн МАН-ын санаа бүтэлгүйтэж, Дээд шүүх дээр бүдэрлээ. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг ч энэ мэдээг сонсоод МАН-ынхан өнгөрсөн баасан гаригт үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л бужигналаа. Н.Энхбаяртайгаа үлдсэн МАХН-ын өвөгцүүл нүдэндээ нулимстай баяраа тэмдэглэв. АН-ынхан алга ташин баярлав. МАН-ынхан толгой гудайн хуралдлаа. МАН-ын Удирдах зөвлөл баасан гаригт хуралдахад С.Баяр их л бухимджээ. “Монголын төр хаана байна” гэж ирээд л уурлахад нь Удирдах зөвлөлийн зарим нэг гишүүн ч бас дуугүй суусангүй. “Таны гаргасан АН-тай хамтрах санал дэмий байсан юм” гэж хэлээд авсан гэнэ. МАХН-аас гадна АН-д уурлаж байгаа нь тэр. Эцэст нь тэд энэ шийдвэрийг эс тоосон мэт дүр эсгэхээр шийдэв. Тиймээс ч албан ёсны мэдэгдэл энэ тэр гаргахгүй байхаар болов. Тэр өдөр МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хоёр дуу нэгтэйгээр олон нийтийг МАН, МАХН-ыг хооронд нь эндүүрэхгүй байхыг сануулж, “Шинэ бүртгэгдсэн МАХН бол манай нам биш шүү. МАХН нэрийг авсан шинэ нам юм шүү” гэж ирээд л хоолой чичрүүлэн тайлбарласан. Ямар ч байсан МАХН-ыг бүртгэсэн үйл явдлаас болж МАН-ын АН-д хандах хандлага мөн таатай бус болж эхэллээ. Сонгуулийн хуулийг холимог болгох зөвшилцөл үгүй болох магадлал ч бий боллоо.
МАН-ын гишүүд намын нэр сольсон У.Хүрэлсүхээ намын даргатай нь зүхэж эхэллээ. Гэтэл МАН-ынхан МАХН-ын нэрийг бүртгэхэд Ерөнхийлөгчийг оролцсон гэж хардаж байгаа аж. Хэдийгээр баримт байхгүй ч хардах үндэслэл нь Ерөнхийлөгч Дээд шүүхийн даргыг томилдгоос үүдэлтэй биз.
Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээхийн үлгэрийг МАН ч ёстой харуулж байна. Нэрээ сольсноосоо хойш нэлээд өөрчлөлт хийх гэж зүтгэсэн ч “гай газар дороос гахай модон дотроос” гарч ирсээр байна. Бүр ортой юм шиг бүлгийн даргаа сольсон. Солих солихдоо Удирдах зөвлөл нь намын даргынхаа зүтгүүлсэн Ц.Мөнх-Оргилыг дэмжээгүй. Хажуугаар нь Ө.Энхтүвшин ороод ирсэн. Гурав дахь хүн Су.Батболд Удирдах зөвлөл дээр нэрээ татсан ч бүлгийн дэд дарга болсон. Харин намын дарга С.Батболдын зүтгүүлсэн Ц.Мөнх-Оргил долдугаар сарын нэгэнтэй холбоотой нэр хүнд нь унасан нь эндээс харагдаж байгаа юм. Түүнээс биш энэ намын ирээдүйтэй лидерийн нэг гэж зүй ёсоор тооцогдож байсан түүнийг дэмжихгүй байх шалтгаан үгүй мэт. Мөн эндээс харахад өөрийнхөө удирддаг Удирдах зөвлөлөөс хүнээ гаргаж чадахгүй байна гэдэг бол намын дарга С.Батболд төдийлөн хүчтэй биш байгааг илэрхийлж байна. Энэ намд намын даргын үг хууль байсан цаг ард хоцорсныг ч уг үйл явдал харууллаа. Харин хамгийн их хүчирхэгжиж буй хүн бол МАН-д М.Энхболд болж байна. Тэрээр хүссэн томилгоогоо хийлгэж чадаж байна. Хамгийн хүчтэй фракцыг толгойлж чадаж байгаа.
Монголын түүхийн 80 жилийг бичилцсэн “Үнэн” сонины эрхлэгчийг МАН сольсон нь бас л анхаарал татаж байгаа юм. Хуучин эрхлэгч Ц.Ганбатын оронд Ж.Мөнхбатыг томилсон билээ. Энэ залуу сүүлийн үед намдаа нэлээд тоогдож буй бололтой. НАМЗХ нь бодлогоор дэмжиж, намын бүтцийн нэг байнгын хорооны дарга болоод удаагүй байсан тэрээр ийнхүү шинэ ажилд очлоо.
Түүнчлэн МАХН-ын нэрийг бүртгэсэн явдал хоёр намын хамтарсан засгийг цаашид хэвээрээ байх уу, үгүй юу гэдгийг ч ярихад хүргэж болзошгүй юм. Тэгээд ч энэ засгийн үед л Монгол Улс бензингүй болж үзлээ. Түүнээс биш бензин шатахууны үнэ нэмэгдэж байснаас картанд ортлоо ингэж хомсдож байсангүй. Тэгэхээр улс орноо ийм байдалд хүргэсэн Ерөнхий сайд өөрөө огцрох юм уу, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаа өөрчлөхгүй бол “Манай Засгийн газрын хийх ёстой ажлыг л Ерөнхийлөгч шүүрч авч хийгээд байна” гэж намынхан нь гонгинох хэрэггүй юм.
Энэ бүхнээс харахад хамтарсан засгийн хувь заяа цааш явах нь эргэлзээтэй болж байх шиг. МАХН-ыг албан ёсжуулснаар улс төрийн үйл явц хэрхэн өрнөхийг ажиглагчид анхааралтай харж байна. МАХН эвсэх үү, эвсвэл ҮШН-аасаа өөр ямар намтай эвсэхэв гэсэн яриа таамаг хэдийнэ түгжээ. МАХН-ыг Ардчилсан намтай эвсэж сонгуульд орно гэсэн үгс ч яригдаж эхлэв. АН 25 суудал амлаж, МАХН-тай тохирно гэж энэ ярианд дурдагдах жишээний. Тэгвэл мэдээж энэ эвсэл ялах магадлал өндөр. Эрх биш МАХН, МАН-тай эвсэхгүй биз гэж ажиглагчид үзэж байгаа. Ардчилсан намын хувьд МАХН-ыг бүртгэсэн явдал баярт мэдээ болж ирсэн.
2000 онд далаараа тавиулж түүнээс хойш өөдлөөгүй АН энэ удаагийн сонгуульд ухаалаг алхам хийх биз. Ямартай ч фракцуудын зөрчил нь намаа хагалах хэмжээнд хүрдэг байсныг энэ удаагийн “Монгол хүн-2020″ хэлэлцүүлэгт зангидсан гар шиг идэвхтэй оролцож, генсек нь намын даргатайгаа хөтлөлцөн аймгуудаар хэлэлцүүлгээ хийж явсан нь хуучин алдаагаа давтахгүй байх нь гэсэн горьдлого төрүүлж байгаа юм. Яг энэ үед МАН-ын генсек У.Хүрэлсүх намын нэрийг өөрчилж, МАН-ыг гайд унагалаа гэсэн гашуун үгээр утуулж байгаа бол АН-д нийслэлийн намын даргаа эсэргүүцсэн залуусын алхмыг эс тооцвол генсек Д.Эрдэнэбатын нэр хүнд өндөр хэвээр байна. Ардчилсан намынхан МАХН-ыг бүртгэсэнд жигтэйхэн баярлаж дэвхцээд байгаа нь МАН маньтайгаа биш МАХН-тайгаа ноцолдог гэж тооцон, энэ нь бидэнд ашигтай гэсэн байр суурьтай байна. АН-ынхан юун түрүүнд ингэж баярлаж хөөрч яаран алга таших нь хэрэг дээрээ зөв үү. Учир нь Ардын намынхан юу ч сэдэж, юу ч хийж магадгүй гэдгийг өмнөх туршлагаараа мэдмээрсэн. Одоогоор АН-ын дарга, генсек хоёр эвтэй найртай байх нь сайн тал ч дунд шатандаа асуудал цэгцэрсэн гэх нь хаашаа ч юм.
Дээд шүүх МАН-ыг бүртгэсэн нь ч, сүүлийн үеийн судалгааны дүнгүүд ч АН эвтэй байж чадвал ирэх сонгуульд ялах боломж ирснийг хэлээд өглөө. Ирэх сонгууль гэрэлтэй харагдаж байгаа энэ л мөчийг өөрчлөхгүй авч явах хэрэгтэй юм, АН.
Харин нар нь гийж, улс төрд эргэж ирсэн Н.Энхбаярын хувьд нам бүртгүүлсэн төдий ханахгүй ээ. Одоо өмчийн асуудал ч яригдаж магадгүй. Хэрэв өмч хөрөнгө нь МАХН-ын талд шийдэгдвэл МАН-ын цаг зогсоно. Дээр нь МАН-ын лидерүүд биш гэхэд амбиц хөөсөн хэдэн нөхдүүд Н.Энхбаярыг дагах нь тодорхой. МАН, МАХН улаан тугаа, АН цэнхэр тугаа намируулан ирэх сонгуулийн зүг урагшаа.
Д.МӨНГӨНДАЛАЙ
Өдрийн сонин
URL: