Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөх Н.Удвал, Ч.Улаан нар Элчин сайд болно

527-1410189472410_gsШинэчлэлийн Засгийн Газрын тэргүүн, Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг өчигдөр орой албан ёсоор мэдэгдэл хийв.
Засгийн газрынхаа хийсэн ажлын урт тайланг тавьсан энэ мэдэгдлийн хамгийн гол хэсэг нь “Монгол ахан дүүс ээ, Шинэчлэлийн Засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удахгүй эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы эхээр санаачлан оруулж шийдвэрлүүлнэ гэдгээ өнөөдөр зарлаж байна. Засгийн газрын танхимын сэлгээнд зарим сайдуудын асуудлаас гадна Засгийн газрын бүтцийн асуудлыг хамтад нь оруулж шийдвэрлэх болно.” гэсэн өгүүлбэрүүд байлаа.

Өөрөөр хэлбэл УИХ-ын намрын чуулган эхэлмэгц Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг танхимынхаа зарим яамдыг нэгтгэх, нэр бүхий сайдуудыг чөлөөлөх, шинээр томилуулах саналаа гаргах нь тодорхой болов.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ерөнхий сайд уг шийдвэрийг гаргахын тулд УИХ-ын бараг бүх гишүүдтэй биечлэн уулзан, тохиролцоо хийсэн байна.
Хэдийгээр хариуцлага тооцож буй гэх ч чөлөөлөгдөх зарим сайд нарыг ч тохирох албан тушаалд нь тавих яриа хөөрөө хийгджээ.
Зам тээврийн яамыг Барилга, Хот байгуулалтын яамтай,  Хүн амын хөгжил Нийгмийн хамгааллын яамыг Хөдөлмөрийн яамтай, Сангийн яамыг Эдийн засгийн яамтай тус тус нэгтгэхээр урьдчилан тохиролцсон байна.
Мөн Шинэчлэлийн Засгийн газрын бүтцийн өөрчлөлт  удахгүй экс  гэгдэх сайдуудыг ч гомдоохгүй бөгөөд юун түрүүн  Эрүүл Мэндийн сайд Н.Удвал, Сангийн сайд Ч.Улаан нарыг гадаадад Элчин сайдаар томилуулахаас эхлэх тухай эх сурвалжууд өгүүлж буй юм.

Нэгтгэгдсэн яамдын сайдаар хэн хэн ажиллах нь мэдээж  бүрэн тодорхой болоогүй байгаа бөгөөд харин Ц.Оюунгэрэл, А.Гансүх, С.Эрдэнэ нар улиран ажиллахгүй нь ойлгомжтой гэнэ.

П.Мандах


URL:

Сэтгэгдэл бичих