М.Энхболд: Засгийн газарт хариуцлага тооцох цаг нь болжээ гэж иргэд, сонгогчид хэлж байна
УИХ дахь МАН-ын бүлгээс “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнг Засгийн газраас нэхэж мэдээлэл хийсэн. “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шинэчлэлийн Засгийн газар 70 ажил хийхээр амлалт авснаас 18-ыг нь хэрэгжүүлж, 16-г дөнгөж эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээж эрчимжүүлэх зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлээгүй байна. Энэ талаар МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд хэлэхдээ “Засгийн газар дэвшүүлсэн зорилтынхоо талаас илүү хувийг биелүүлж чадалгүй 100 хоногийг өнгөрөөлөө. 100 хоногийн ажлын хүрээнд “Чингис” бондын үлдсэн хэсгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид нийцүүлэн зарцуулах, Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт оруулах, Хөгжлийн бодлогыг тодорхойлох УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах, Концессийн хуульд нэмэлт оруулах гэх мэт эдийн засагт нөлөө үзүүлэхүйц хуулиудын төслийг боловсруулж оруулж ирэх ёстой байсан. Харамсалтай нь Засгийн газар энэ хуулийн төслүүдийг УИХ-д оруулж ирсэнгүй. Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөг гаргаж байх үед бид сөрөг хүчин гээд зүгээр суугаагүй. Улс орон, ард түмний амьдралд бодитой нөлөөлөх тодорхой асуудлуудыг дэвшүүлж, 100 хоногийн хийх ажлын төлөвлөгөөнд оруулах санал гаргасан. Гэвч эрх баригчид бидний тавьсан асуудлыг хүлээж авалгүйгээр олонхиор хүч түрж энэ тогтоолыг гаргасан. Бид тухайн үед ямар асуудлыг тавьж байсан бэ гэвэл нэгдүгээрт, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг дүгнэх цаг болсныг шаардсан. Энэ хөтөлбөр эдийн засагт үр дүн өгсөн эсэх, үр дүн авчраагүй бол зогсоох шаардлагатай гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа зүйлүүдийг улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгож хууль эрх зүйн хувьд цэгцлэх шаардлагатай гэж үзсэн. Гуравдугаарт, цалин хөлс, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байсан. Дөрөвдүгээрт, бондын үлдсэн хэсгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид заасны дагуу зарцуулахыг Засгийн газарт үүрэг болгохыг шаардаж байсан.
Тавдугаарт, бага, дунд орлоготой иргэдийг хүн амын орлогын албан татвараас хөнгөлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зургадугаарт, төсөвт ирээдүйд төлөгдөх өрийн санг бий болгож, одооноос санг бүрдүүлж явахгүй бол улсын нуруун дээр асар их ачаа ирэх учраас энэ асуудалд анхаарахыг хүссэн. Гэтэл эрх баригчид өөрсдийнхөө баталсан төлөвлөгөөнийхөө талаас илүү хувийг биелүүлж чадалгүй 100 хоногийг өнгөрөөлөө” гэв. ТиймээсМАН-ын бүлгээс”Эзэн-100″ хөтөлбөрийг дүгнэж Засгийн газартаа хариуцлага тооцох шаардлагыг АН-ын бүлгийн даргад хүргүүлэхээр болсноо мэдээлсэн юм. Мөн улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан тодорхой арга хэмжээ авахыг хүссэн албан тоотыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд хүргүүлэхээр болсон байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр тус намын удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг багцлан хүргэе.
-Хариуцлага тооцох асуудал яригдаж байна. Та бүхэн аль сайдыг огцруулах ёстой гэж үзэж байгаа вэ?
МАН-ын дарга М.Энхболд:
-Бид Засгийн газарт ороогүй гэдэг байдлаар, өмнө нь хамтарч байгаад одоо хамтрахгүй байна гэдэг байдлаар энэ Засгийн газрын үйл ажиллагааг явуулахгүй зогсооё гэсэн бодлого огт бариагүй. Бодлогын тодорхой алдаанууд, эдийн засгийн сөрөг үр дагавар дээр үндэслэн хариуцлага тооцох ёстой гэдэг асуудлыг бид ярьсан. 2013 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайдыг, мөн оны арванхоёрдугаар сард Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг тавьж байсан ч эрх баригчид хаацайлж авч үлдсэн. Мөн энэ оны тавдугаар сард Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг тавьсан. Харамсалтай нь эрх баригчид энэ асуудлыг аргалж аргацаасаар чуулган дамнуулсан. Ер нь эрх баригчид таалагдаагүй асуудлыг чуулган дамнуулдаг аргатай болоод байгаа. Сайд нарын “давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг яригдахад асуудлыг намрын чуулганаас хаврын чуулган руу дамнуулсан. Дараа нь Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг хаврын чуулганаас намрын чуулган руу шилжүүлсэн. Бидний тавьсан асуудлыг шийддэггүй юм бол харин одоо хариуцлага тооцох асуудлыг эрх баригчид өөрсдөө тавих ёстой. Засгийн газартаа бүрэн бүрэлдэхүүнээр нь хариуцлага тооцох уу, эсвэл эдийн засаг, санхүү, уул уурхайтай холбогдсон сайд нар дээр онцгойлж ярих уу гэдгээ томилсон эрх баригчид өөрсдөө шийдэх хэрэгтэй. Монголын ард түмэн, иргэд сонгогчид мөн адил энэ Засгийн газартай хариуцлага тооцох нь цаг болжээ гэж хэлж байгаа. Бид чуулганы завсарлагааны үеэр орон нутгаар явж ажиллах үед иргэд ийм санал их тавьж байна.
-Эрх баригчид Засгийн газартаа хариуцлага тооцохгүй бол яах вэ?
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:
-АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоног эхэлж байх үед “100 хоногийн дараа эдийн засагт эерэг үр дүн гарахгүй бол олонхи өөрсдөө Засгийн газартаа хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн. Энэ бол хувь хүний байр суурь биш. Албан тушаалтны амнаас гарч байгаа үг бүхэн өөрөө хариуцлага байдаг. Тийм учраас “Эзэн-100″ хөтөлбөр эхэлж байх үед ард түмэн, сонгогчдод хандаж хэлсэн амлалтаа АН-ын бүлэг эхлээд биелүүлэх ёстой. Хэлсэндээ хүрдэг эсэхийг ард түмэн хүлээж харж байгаа. Амлалтдаа хүрэхгүй бол Ардын нам хариуцлагын асуудлыг тавихаас өөр аргагүй. Бид гурав, дөрвөн удаа сайд нарыг огцруулах асуудлыг тавьж байсан. Гэвч эрх баригчид “Манай сайд нар сайн ажиллаж байгаа, хариуцлага тооцох шаардлагагүй” гэж хэлдэг. Харин эдийн засгийн өнөөгийн бодит нөхцөл байдал бол энэ сайд нар ажлаа хийж чадахгүй байгаагийн албан ёсны баталгаа болж байна. Ийм дүгнэлтийг зөвхөн Ардын нам ч биш судалгаанд оролцсон иргэдийн зүгээс өгч байгаа. Ажлаа хийж чадахгүй байгаа сайд нартай хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг.
-Та бүхэн Засгийн газрын бүтэц данхайсан, урсгал зардал нэмэгдсэн тухай ярьж байна. Үүнийг хянах үүрэг нь сөрөг хүчинд бий. МАН 20 гаруй суудалтай. Тийм ч үнэмлэхүй цөөнх биш. Та бүхэн юу хийж байгаа вэ?
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
-Бидний гарыг хүлж, хөлийг тушсан байсан. 2012 онд УИХ-ын анхдугаар чуулган хуралдахад хамгийн ахмад гишүүн хуралдааныг нээх дэг зөрчигдөж, УИХ-ын болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг өглөө нь санаачилж, өдөр нь анхны хэлэлцүүлгээр оруулж орой нь баталж байсан. Ингэснээр МАН-ыг бүлэггүй болгож, МАН-ын бүлгийн гишүүдийн байнгын хороонд тэгш хуваарилагдах эрхийг нь хязгаарласан. Ийм байдлаар жил хагас болсон. Бид хагас жил бүлэггүй, хоёр жил орчим байнгын хороонд тэгш хуваарилагдаагүй явж ирсэн. Энэ хугацаанд эрх баригчид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2013, 2014 оны төсвийг бидний оролцоо багатайгаар, бидний дуу хоолойг сонсохгүйгээр шийдэж явсны гор нь өнөөдөр гарч байгаа. Харин хаврын чуулганы төгсгөлд нэлээд нухацтай ярилцсаны эцэст нийт гишүүдийн адил МАН-ын бүлгийн гишүүд ард түмнийг төлөөлөх эрхээ жигд эдлэх боломжоор хангагдаж, бүгд байнгын хороонд харьяалагдсан. Монгол Улс түүхэндээ хамгийн их өртэй болсон. Өмнөх 11 Ерөнхий сайдын тавьсан өртэй тэнцэхүйц хэмжээний өрийг Н.Алтанхуягийн Засгийн газар хоёр жилийн хугацаанд тавьсан. Энэ өрийг дахиад нэмэгдүүлнэ гэж энэ Засгийн газар хуулийн төсөл оруулж ирснийг бид зогсоож чадсан. Газрыг гадаадын иргэнд эзэмшүүлэх асуудлыг бид зогсоож чадсан. Тусгай хамгаалалттай газар нутаг, хилийн зурвас газар ашигт малтмал олборлоно гэдэг асуудлыг эрх баригчид ярьж байсныг бид зогсоосон. Иймэрхүү байдлаар бид эрх баригчдын бурууд нь хазаар болж ажиллаж байгаа. Цаашдаа ч илүү сайн ажиллах боломж хангагдсан учраас байнгын хороо, чуулганы хуралдаанаар дамжуулж эрх баригчдын алдаатай бодлого болгоныг засч, зөв бодлогыг дэмжиж ажиллана.
МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр:
-Сэтгүүлчийн тавьсан асуулт их зөв байлаа. УИХ-ын 76 суудлаас МАН 26 суудалтай. Үүгээрээ аливаа улс орны нийгэм, эдийн засгийн хүрээнд тулгамдаж байгаа асуудалд гарц шийдэл олох эрх бүхий хүмүүс. Энэ үүднээс МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлгээс аливаа асуудалд хяналт тавихаас гадна санаачилгатай ажиллаж, нэлээд хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан. Тухайлбал, нийгэм, эдийн засаг, татварын орчинд өөрчлөлт оруулах, эдийн засгийн хямралд нэн тэргүүнд өртөх магадлал бүхий ард иргэд рүү чиглэсэн хууль, эрх зүйн хамгаалалтын бодлого, үүнд ахмад настан, ажилгүйчүүдийг хамруулах гэх мэт хуулийн төслүүдийг өргөн барьсан. Харамсалтай нь эдгээр хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхгүй байна. Бид асуудлыг хэлэлцүүлэхийн тулд өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийнэ. Үүнээс гадна эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг зайлшгүй шаардана. Урьдчилсан байдлаар боловсруулсан байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй үед хэмнэлтийн горимд яаралтай шилжих ёстой. Бид тодорхой ажлуудыг нэн даруй хэрэгжүүлэхийг шаардана. Эрх баригчид өөрсдөө шийдэж чадахгүй бол бид шаардаж ажиллах болно.
URL: