Хулхи ламыг хашраасан охины сүнс
Чойжил Налайхад цэргийн алба хааж байгаад шинэ цэрэг зодсоны улмаас хар цэрэгт гурван жил орчим алба хаагаад суллагджээ. Тэр шоронд байхдаа шашны дунд төгссөн лам залуутай гал хам явжээ. Түүнээс мэргэ төлөг, зурхайн ухаан, Түвд бичиг, ном заалгаснаар “бурхангүй газар бумба галзуурна” гэдэг шиг маань мэгзэм уншдаг лам болов. Ингээд хоёр жилийн дараа Чойжилыг нарснаас гарахад Монгол орон зах зээлд шилжээд хөл толгойгоо алдсан байв. Мань эр зээл авах гэж хөөцөлдөөд бүтсэнгүй, ганзага наймаа хийе гэхээр үндсэн хөрөнгө байдаггүй. Тэгэхээр нь лам болж жүжиглэхээр шийдсэн байна. Хамар хашааныхаа айлын авгайгаар ташуу захтай лам дээл, овоодой малгай хийлгэж аваад, улаан шарыг тунаруулсан хувраг болж хувирав. Мэдээж хэрэг орон шоронгоос гарсан болохоор Чойжилд ойр хавийнхан юу гэж итгэх билээ. Тиймээс мань эр үндсэн захиргаагаа өөрчлөн “Энэтхэг Дармасалад 3 жил Буддын гүн ухаанд суралцсан”, Дарнатын хувилгаан хэмээн өргөмжилсөөр Эрдэнэтэд очжээ. Вокзал дээр хөдөөний гэнэн эхнэр нөхөр хоёрыг Чойжил нүдээрээ олзлоод “өөд нь татахаар” хүрч очив. Тэр шууд л сайхь хоёрын царай дахь гунигийг мэдэрснээ “Та нар буяны ажилд очоод ирээ юү?” гэж пал хийтэл асуухад нь лам харсан хоёр ч уухайн тас “Тэглээ. Хүү маань цэрэгт хүний гарт үрэгдсэн юм. Их л зовлон үзсэн байна даа. Бид хоёр эндээсээ унаа олж гэртээ очих санаатай л зогсож байна” гээд л яриа дэлгэв.
Одоог бодвол 1991 онд лам хувцастай хүн нүднии гэм байлаа. Хүмүүсийн мухар сүсэг ид дүрэлзэн асч байсан цаг хойно доо. Чойжилыг маш их сүсэглэж буйг мань эр сүрхий анзаараад “Би хөдөө орон нутгаар явж буян үйлдэж байгаа юм. Хүний гарт үрэгдсэн хүний сүнс хойд төрлөө ололгүй тарчилдаг юм. Аргыг нь сайн л хийж, Лүүжин ном тавиулах хэрэгтэй” гэхэд нь нөхөр нь “За, багш минь өршөө. Ийм буянтай хүнтэй бурхны хишгээр таарлаа. Одоо таниас салахгүй ээ.
Та манайд очиж арга чарга хийж өг!” гээд сөхрөөд суучихав. Мань эр ч бага зэрэг цааргалсан дүр эсгэж байснаа “За яахав. Гэхдээ бараг арваад хоногийн ажил орно” гээд зөвшөөрсөн байна. Лам нар дөнгөж цэцэглэж байсан үе болохоор нутаг орныхон нь Чойжилыг хөл алдан, сунаж мөргөн угтжээ. Мань эрд хүзүүндээ зүүсэн сахиус, эрхи, нэг шогол Алтангэрэл судраас өөр юу ч байсангүй. Дамба гэх гэрийн эзэн, эзэгтэй Цэрмаа гэх хоёр ч нутагтаа лам хүн дагуулж ирсэндээ багагүй хөл алдаж байсныг энд хэлэх нь зүйтэй. Харин Дамбынх удам дамжсан бурхан тахилаа хадгалж ирсэн нь харваас илт байв. Хулхи лам залуу:
-Та нар чинь яачихсан дүүрсэн улс вэ. Бурхан тахилаа олигтой шүтэлгүй бузартуулсан байна. Тэрнээс болж хүү чинь үхэж. Энэ хонх, дамраа надад өг гээд хариу хэлэхийн завдалгүй өөрийн болгожээ. Тэр шоронд байхдаа гал хамаасаа дамрыг хүний гавлын ясаар, ганлин гэдэг цохиурыг нь 18 настай онгон бүсгүйн чөмөгний ясаар хийдэг гэдгийг п маш их шохоорхон сонссон байж. Тэгээд шоронгоос суллагдсаныхаа дарааг Чойжил Богдын музейд очиж чөмгөн ганлин, гавлын ясар дамар, эрхи зэргийг харчихаад “Ийм юмтай болчих юмсан” гэж хорхойсч байсан нь биеллээ олжээ. Луйварчин лам баахан түвчигнэж хэдэн өдөр Алтангэрэл, цээжилсзн “Сандуйн жүд”, ганц нэг тарниа уншиж итгэл үнэмшил төрүүлэв. Шөнө болгон маани мэгзэм уншина гэдгээр шалтаглан тусдаа гэр бариулж авав. Тэр ч бүү хэл саахалт айлынх нь 21 настай Цэцэгсүрэн гэх хүүхнийг Дарь-Эхийн бүрэлбаатай төрсөн хэмээн шинээр тодруулан гал тогоогоо атгуулан, шөнө дөлөөр чивэлт нүгэл үйлдэн жаргах болжээ. Сайхь хүүхэн нь ч гэсэн дүрдээ итгээд мэргэ төлөг хийх болсон гэдэг. Гэвч Чойжил “хувилгаан” удаан жаргаж чадаагүй юм. Хэрэг дээрээ хулхи лам өөрөө бурхан шашин, сүнс сүүдэрт огтхон ч итгэдэггүй байсан бөгөөд ингэж хүмүүсээр тоглоом наадам хийж байгаад жинхэнэ ид шид, шулмасын хорлолд нэрвэгджээ. Нэгэн орой Чойжил хувилгаанд заллага иржээ. Саахалт айлын бүсгүй мориноосоо унаж, бурхан болсон учраас хойдохыг нь уншуулахаар залсан нь тэр байж. Мань эр ч явж очоод нэгэн адын бодол шүглэх нь тэр. Түүний бодолд энэ эмэгтэйн чөмөгний ясыг авч тэр ганлин гээч юмтай болчихвол илүү олон хүн өөрт нь сүсэглэн сөгдөх, тэр хэрээр мөнгө олох юм шиг санагджээ. Тэгээд мань эр цогцсыг нь монгол ёсоор ил тавь гэж зарлигдав. Эцэг, эх нь бага зэрэг эргэлзсэн дүр эсгэхэ “Охин чинь буянтай хүн байж. Одоо яая гэхэв. Та нарын хохь чинь” хэмээн загнаж, дүвчигнэв. Ингээд явахдаа “Та хоёр хэд хоног охиноо ил оршуулсан газар хонь малаа бүү хотлуулаарай” гэж захиад явжээ. Чойжил бол зах зээлийн эхэн үеийн хүнд хэцүү үед шоронгоос гарсан болохор үхдэл, цогцоснуудаас огтхон ч цэрвэж, айхаа больсон нэгэн. Тэр үед Мааньт, Зүүнхараагийн шоронд хоригдлууд тураалаар үхэж хэдэн арваараа үхэж байсан үе байлаа. Мань эр шөнө болохыг хүлээж байгаад Цэцэгсүрэнг унтсан хойно тохой хэрийн хурц балиус, мөн талийгаач охины хөлийг таслах сүх бүслээд гэрээс гарчээ. Хувилгаан Чойжилд зориулсан цоо шинэ “Паланет-5″ мотоциклио түр хэрэглүүлэхээр нэгэн залуу өгсөн байв. Ингээд хулхи лам мотоциклио чимээгүйхэн хөдөлгөсөөр гэрээс холдсоны дара асааж, талийгаач охины цогцос тийш хурдлав. Өглөө нь охиныг нутаглуулахдаа тэрбээр газар зааж өгөх нэрээр тэр хавийн жалга, хад асгыг сайн тогтоосон аж. Мотоциклио хүржигнүүлсээр цогцосны хажууд хүрч ирээд “Планет-5″-ын чийдэнгээр гэрэлтүүлэв. Тас харанхуй байсан авч мотоциклийн гэрэлд талийгаачийг бүтээсэн торгон хөнжлийг бие болон зулай дээр нь тавьсан нь тодхон харагдаж байлаа. Мөнгө олохын төлөө нүгэл хилэнц, үхээрийн бузар үйлдээд ч хамаагүй баяжихаар шийдсэн Чойжил торгон хөнжлийг сөхөн, охины цогцсыг ил гаргажээ. Охин бурхан болоод хоёр хоносон ч гэлээ цогцос нь бүв бүлээн байх нь гайхалтай. Цогцсыг ороосон торго арцыг талаар нэг тараагаад талийгаачийн зүүн хөлийг өөр лүүгээ татан сүхээ далайжээ. Энэ үед үхсэн охины нүд сэртэс хийн нээгдсэнээ баруун хөлөөрөө Чойжил хувилгааны аймхай гэдэс рүү лүг хийтэл тийрэн унагажээ. Амьсгаа нь түгжирсэн хулхи лам хэсэг муужран хэвтэж байгаад өндийвөл ил хөдөөлүүлсэн талийгаачийн шарил алга болчихсон байв. Энэ шөнөөс хойш Чойжилын нүдэнд охины дүр төрх байнга үзэгдэж, чихэнд нь “Чам шиг муу луйварчин лам чаддаггүй л байхгүй юу” гэх дуун сонсогдсоор, тэрбээр хэдэн сарын дараа галзууран өөрийнхөө амиа егүүтгэжээ.
URL: