“Орис” нэрийн янжуур тамхи болон цагаан будаанаас хачиг илэрчээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас импорт, экспортын бүтээгдэхүүнүүдэд хяналт шалгалт хийжээ. Манай улсад ихэвчлэн БНХАУ, ОХУ, БНСУ, ХБНГУ, Япон, Польш, Шинэ Зеланд улсаас бараа бүтээгдэхүүн импортоор орж ирдэг.
Энэ оны наймдугаар сарын байдлаар давхардсан тоогоор 4799 аж ахуй нэгжийн 241200.8 тонн бодис бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийсэн байна. Энэхүү шалгалтын талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын дэд дарга М.Баасандоржоос дараахь зүйлийг тодрууллаа.
-Импортын бүтээгдэхүүнээс ихэвчлэн ямар зөрчил илэрсэн бэ?
-700 гаруй бүтээгдэхүүнийг их эрсдэлтэйд тооцон байнгын шалгалт хийдэг. Бусад бараа бүтээгдэхүүнийг дунд, бага эрсдэлтэй хэмээн ангилж шалгадаг. Шаардлага хангаагүй дээрх бүтээгдэхүүнийг хуулийн дагуу гаалийн хяналтын талбай дээр байгаа тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй устгаж амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй хуулийн дагуу буцаадаг.
Энэхүү шалгалтаар ихэвчлэн баримт бичгийн бүрдэл дутуу, хаяг шошго нь зөрчилтэй зүйлс илэрч байсан. Тухайлбал, шошго нь Солонгос, Япон, Герман гэх мэт хэлээр бичигдсэн бүтээгдэхүүнүүд лабораторийн шинжилгээгээр стандартын шаардлага хангахгүй байх зөрчил олон илэрсэн.
Мөн Вьётнам улсаас импортолсон 482 кг “Орис” нэрийн янжуур тамхи, 18.0 тонн цагаан будаанаас хачиг илэрсэн байгаа. ХБНГУ-аас импортолсон 288 ширхэг дарс зэрэг 22 бүтээгдэхүүн шаардлага хангаагүй байсан юм.
-Нэлээдгүй зөрчил илэрсэн байна. Тэгэхээр импортын бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа иргэд аж ахуй нэгж юун дээр анхаарах ёстой вэ?
-Импортын бараа бүтээгдэхүүн оруулж ирж байгаа аж ахуйн нэгж, иргэн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хүнсний тухай хууль холбогдох хуулийг чандлан мөрдөх хэрэгтэй. Хуулиа мөрдөж ажиллахгүйгээс болж өмч хөрөнгөөр хохирох тохиолдол цөөнгүй гардаг.
-Экспортонд гарч байгаа бүтээгдэхүүнээс ямар зөрчил илэрсэн бэ?
-Манайхаас арьс шир, ноос ноолуур, өлөн гэдэс, хивэг болон бусад түүхий эд БНХАУ, Итали, Япон, БНСУ, Энэтхэг, ОХУ зэрэг орон руу гардаг. Эдгээр бүтээгдэхүүн харьцангуй зөрчил багатай байсан.
Н.Алтанцэцэг
Эх сурвалж: Нийслэл таймс
URL: